Б.Жавхлан: Шатахуун, мах, гурилын үнийг хуулиар барина
2022 оны 4 сарын 4
Сангийн сайд Б.Жавхлан цаг үеийн асуудлаар өнөөдөр /2022.04.04/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Манай улсын хувьд эдийн засгийн өсөлт удаашралтай байна. ОХУ-ын голлох бүтээгдэхүүн болох байгалийн хий, үр тарианы үнэ өссөнөөр импортлогч оронд хүнсний бүтээгдэхүүний үнэ, хангамж доголдох асуудал үүсч байна. Иймээс манай улс сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна. Засгийн газраас үнийн өсөлтийг тогтворжуулах хуулийн төсөл өргөн барьж буй. Уг хуулийн төслийг өргөн барьснаар найман багц чиглэлийн арга хэмжээ авна.
- УИХ, Засгийн газар, төв банк ямар нийгмийн хариуцлагатай оролцох вэ гэдгийг салгаж, эрх үүрэг, чиглэлийг тодруулсан. УИХ-ын хувьд эдгээртэй холбоотой хууль, УИХ-ын тогтоол, дагалдах хуулийг дараалал харгалзахгүй яаралтай хэлэлцэнэ.
- Монголбанкны хувьд мах, гурилын нөөц бүрдүүлэх, газрын тосны бүтээгдэхүүний импортлогчийн эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөр төлөхөд шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг өөрсдийнх нь харилцдаг банкуудаар дамжуулах, банкны хөнгөлөлттэй хүүгийн боломж бий болгох, бусад санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглан, импортын төлбөрийн, гадаад валютын ханшийн эрсдэлийн арга хэмжээ авах боломжийг төв банкинд олгож байна.
- Монголбанкнаас гадаад валютын улсын нөөцийг бүрдүүлэхэд банкаар дамжуулж алт импортлогчдод эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгож, Лондоны металлын биржийн үнэд таван хувийн нэмэгдэлтэйгээр гадаад, дотоодын зах зээлээс алт худалдан авна. Түүнчлэн ашигт малтмалын хуульд олборлосон алтаа тухайн санхүүгийн жилдээ багтаан тушаах үүргээ хэрэгжүүлж амжаагүй зөрчил гаргасан хуулийн этгээд энэ хуулийг хэрэгжих хугацаанд хариуцлага ногдуулахгүй. Өөрөөр хэлбэл, төв банкинд одоо ч гэсэн алтаа тушаах боломжтой.
- Засгийн газраас мах, гурилан бүтээгдэхүүний хангамжид асуудал үүсгэхгүй байх арга хэмжээний цогц төлөвлөгөө хэрэгжүүлэх бөгөөд газрын тосны бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварыг тав хүртэлх хувиар зохицуулалт хийх эрхийг Засгийн газарт олгож байна.
- Засгийн газраас мах, гурилын нөөц бүрдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход шаардагдах хүүгийн татаасыг жилийн батлагдсан нэгдсэн төсвийн нийт зардлын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсөв хооронд, төсвийн ерөнхийлөн захирагч хооронд хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх замаар шийдвэрлэх бөгөөд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаарын хүрээнд Засгийн газрын үнэт цаас гаргаж, баталгаа гаргах арга хэмжээ авна.
- Газрын тосны бүтээгдэхүүний үйл ажиллагаа эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн хомсдол үүсгэхгүй байх ажлыг зохион байгуулах бөгөөд тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар хариуцлагын гэрээ байгуулна.
- Хүнс, хөдөө аж ахуй эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Хүнсний тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.7 дахь хэсэгт заасны дагуу энэ хуульд заасан зохицуулалтад хамрагдсан хүнсний хангамж, нийлүүлэлтэд хомсдол үүсэхээс сэргийлж экспортлох бүтээгдэхүүний нэр, төрөл, тоо хэмжээг тухай бүрд нь тогтоож мөрдүүлэх бөгөөд энэ хуульд заасан зохицуулалтад оролцогч талуудын эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тусгасан хариуцлагын гэрээг мөрдүүлнэ.
- Монгол Улсын болон гадаадын иргэн харьяалалгүй хүн 20 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний биет үнэт металл бэлэн гадаад валютыг Монгол Улсын хилээр гаргахыг хориглоно.
0 cэтгэгдэлтэй