Л.Оюун-Эрдэнэ: АТГ-т шалгуулахаар зарласан УИХ-ын 20 гишүүн бол мөсөн уулын ердөө оргил
2022 оны 4 сарын 5

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр танхимынхаа сайд нарын хамт мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ Хөгжлийн банктай холбоотой асуудалд тайлбар өгөв. Тэрбээр “Эрдэнэтийн 49, Оюутолгой Дубайн гэрээтэй бүлэглэл Хөгжлийн банк дээр ч ажилласан. Тиймээс Хөгжлийн банктай холбоотой асуудлыг гаргаж тавьсан юм. Хөгжлийн банктай холбоотой 3.2 их наяд төгрөгийн асуудал байна. Үүний 1.8 их наяд нь чанаргүй зээлийн ангилалд багтсан.

Үүнийг ажиглавал, Эрдэнэтийн 49 хувийг босгосон 430 орчим сая долларын санхүүгийн схем бүхэлдээ байгаа. Тэднийг дэмжсэн нэр бүхий шүүгчид хамт бий. Энэ схем Дубайн гэрээг байгуулсан схем дээр хамтдаа оролцсон. Нөгөө л яриад байдаг хүмүүстэйгээ үе шаттай тэмцээд явж байна гэж ойлгож болно.

Мөсөн уулын дөнгөж оргил  нь. Үүний цаана нэр бүхий томоохон улстөрчид, бизнесмэнүүд. Тэдний зүгээс сонгуулийнх нь зардлыг төлөөд утсан хүүхэлдэй болчихсон улстөрчид араас нь гарч ирнэ. Тиймээс ийм удаашралтай явж байна. Хөгжлийн банктай холбоотой асуудал яригдаад хэдэн хүнийг цагдан хориод Хөтөл ХХК-ийг хураагаад авахаар хэн хэн хамгийн их цочиж байна. Тэр хүмүүс үүний ард байгаа гэж ойлгоорой. Ордон доторх хүчин мөхөствөл олон нийтдээ хандах болно. Хөгжлийн банкны асуудал хараат бусаар шийдэгдэнэ гэж итгээрэй” гэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Аялал жуулчлалын салбарыг хэрхэн сэргээх вэ?

-Аялал жуулчлал дэлхийн энх тайван байдал олон улсын харилцаатай салшгүй холбоотой зүйл. Зэвсэгт мөргөлдөөн болж байна. Дэлхийн II дайнаас хойш ийм нөхцөл байдалд орж үзээгүй. Хэзээ ч болохгүй гэж бодож байсан хүйтэн дайны уур амьсгал сэргэлээ. Энэ үед аялал жуулчлалтай холбоотой бодлогыг явуулна. Монгол Улсын хувьд  Бүгд Найрамдах Солонгос улс, хоёр хөрш оронтой агаарын хил болон хуурай замын хил нээлттэй байгаа. Ирэх тав, зургадугаар сард жуулчдыг хүлээж авахад аж ахуй нэгжүүд бэлтгэлээ хангасан.  Эдийн засгийг сэргээх  алхмуудаас Засгийн газар ухрахгүй.

Цар тахлын тохиолдлын тоо бусад улс орнуудтай харьцуулахад бага байна. Энэ нь давуу байдал болох байх гэсэн эерэг хүлээлттэй байна. Тийм ч учраас эдийн засгийн форумыг хийж байгаа. Зөвхөн дотоодоо биш Монгол Улс гадаад талдаа ямар байгааг бодох ёстой. Яагаад гэвэл гадаад хөрөнгө оруулалтын орчин, валютын урсгал, эдийн засгийн эерэг хүлээлт зэрэг зүйлтэй салшгүй холбоотой байдаг.

-Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт шатахуунтай холбогдож буй. Цаашдаа шатахууны хомсдол бий болох уу?

-Өнөөдөр зохицуулалт хийхгүй бол шатахууны үнэ дэлхийн зах зээлээс улбаалан багадаа 1000 төгрөгөөр нэмэгдэх нөхцөл байдал үүсч байгаа. Өөрөөр хэлбэл ам.доллараар тооцоо хийхгүй рублиэр тооцоо хийх нөхцөл байдал үүсч байна. Олон улсын бирж дэх үнээр Монгол Улс шатахуун авахаас өөр аргагүй нөхцөл байдалд орсон. Шатахуун ОХУ-аас 100 хувь хамааралтай байна. Шатахууны нийлүүлэлтийг урт хугацаанд нэг эх үүсвэрээр биш бусад эх үүсвэрээс бүрдүүлэх нөхцөл байдал үүсч байна. Газрын тосны үйлдвэр барих шаардлагатай. Шатахуун, эрчим хүчний хувьд хоёр хөршөөс шууд хамааралтай. Аль болохоор энэ нөлөөллийг багасгах шаардлагатай.

Засгийн газраас шаардлагатай зохицуулалтыг хийж шатахуун 1000 орчим төгрөгөөр нэмэгдэх эрсдэлийг багасгах эрх зүйн орчныг бүрдүүлж байна. Ханшийн зөрүү буюу нефть импортлогч компаниудтай Засгийн газар тулж ажиллана. Үнэ болон бусад асуудлаар нарийвчлан гэрээ хийгдэнэ. Дэлхийд шатахууны үнэ өссөн байхад шууд зохицуулах амаргүй.

Хөгжлийн банкийг цэгцэлж дуусаад “Эрдэнэс Монгол” руу орно

-Хөгжлийн банкнаас төрийн байгууллагын авсан чанаргүй зээлийн асуудал яригддаг. Тухайлбал, 800 орчим тэрбумын чанаргүй зээлийн асуудал бий. Хөгжлийн банкны өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх үү. Хэн хариуцлага хүлээх юм бэ?

-Энэ оны нэгдүгээр сарын 27-нд Хөгжлийн банкны асуудлыг олон нийтэд ил болгож хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Олон нийтэд мэдээлэл ил болсноор үр дүн гарч байна. Гэхдээ зээлийн эргэн төлөлт амар биш гэдгийг хэлье. Хөгжлийн банк 2011 онд байгуулагдсан. Энэ банк байгуулагдаад “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, “Самурай” бондын 30 тэрбум иен, Хөгжлийн банк өөрөө  580 сая ам.долларыг босгосон. Хөгжлийн банкинд мөнгө төвлөрснөөр 2012 онд бодлогын зөвлөл байгуулсан. Үндсэндээ улстөрчид тус банкны ТУЗ-д орж шууд хуваагаад авчихсан гэсэн үг.

ТУЗ-ын дарга нь Ерөнхий сайд байгаад, бусад сайд нар мэргэжлийн байгууллагын үгийг сонсоогүй. Энэ зээлийг “тэр компанид, тэр гишүүнд, банкны захиралд өг” гэдэг схем рүү орсон. Шулуухан хэлэхэд “Эрдэнэт”-ийн 49, Оюутолгой, Дубайн гэрээтэй холбоотой бүлэглэл, Хөгжлийн банкин дээр ч гэсэн ажилласан. Тиймээс Хөгжлийн банкны асуудлыг гаргаж тавьсан.

Хөгжлийн банкны 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээлд хэдхэн компани холбоотой. Та бүхэн ажиглавал “Эрдэнэт”-ийн 49 хувийг босгосон, 430 сая ам.долларыг босгосон санхүүгийн схем бүхэлдээ байгаа. Эзэд нь, тэд нарыг дэмжсэн нэр бүхий шүүгчид хамтдаа байгаа.

Энэ схем Дубайн гэрээг байгуулсан схем дээр хамтдаа оролцсон. Нөгөө л яриад байгаа хэдэн хүмүүстэй үе шаттай тэмцээд явж байна гэж ойлгож болно. Гэхдээ Б.Баттөмөр гишүүний зарласан 20 хүн бол мөсөн уулын орой гэж ойлгох хэрэгтэй. Үүний цаана нэр бүхий томоохон улс төрчид, бизнесменүүдийн сонгуулийн зардлыг төлөөд “утсан хүүхэлдэй” болгосон улстөрчид араас нь гарч ирнэ.

-Д.Эрдэнэбилэг гэж хүн…?

-Д.Эрдэнэбилэг гэдэг хүн Монголын Эль Чапо юм даа. Монголбанк энэ хүний охин компани, Хөгжлийн Банк нөгөө охин компани нь. Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан шийдвэрээс нь харж болно. Тэгэхээр энэ бол хэтийдсэн үг биш. Монголын шүүгчдийг бүгдийг нь томилдог. М.Батсууриас эхлээд томилсон хүн нь шүүгчээр ажиллаж байгаа. Тухайн үеийн Тагнуулын ерөнхий газар, Улсын ерөнхий прокурор энэ хүний удирдлагаар ажиллаж байсан. Д.Эрдэнэбилэг гэдэг хүнтэй миний бие хувийн өс хонзон зангидаж байгаа зүйл огт биш.

Эрдэнэт, Хөтөл, Хөгжлийн Банк дээр асуудал үүсгэж байгаа зүйл байхгүй. Парламент, Засгийн газраар хэлэлцэх ёстой байсан зүйлийг Ерөнхий сайдын захирамжаар хийсэн хүн байсан учраас тэмцсэн. Уг асуудлыг хуулийн хүрээнд шийдэх ёстой

“Эрдэнэт”-ийн 49 хувьтай асуудал яригдаж байхад 470 сая орчим ам.долларын схемийг гаргаад хууль хяналтын байгууллага болон зарим шүүгч нарын хамаарал бүхий этгээд байгааг тогтоож, зарлахад амаргүй байсан. Цаг хугацаа орсон. Тухайн үед ТЕГ-ын дарга нь хүртэл “Эрдэнэт”-ийн 49 хувийн талд байх нөхцөл байдал үүсч байсан. Гүйцэтгэх ажиллагаа тухайн үеийн Ерөнхий сайд дээр явж байсан. “Эрдэнэт”, “Оюутолгой”-н асуудал шийдэгдсэн шиг Хөгжлийн банкны асуудал шийдэгдэнэ. Битгий эргэлзээрэй. Ордон дотор хүч мөхөствөл олон нийтэд хандана. Ерөнхий сайдын хувьд тэр бүрийг нээлттэй яриад байх албан тушаалтан биш. Тиймээс Хөгжлийн банктай холбоотой асуудалд цэг тавина. Шаардлагатай бүх мэдээлэл нууцлалтай холбоотой асуудлыг Засгийн газар гаргаж өгсөн. Хууль хяналтын байгууллага хэнээс ч хараат бус ажиллах ёстой.

Цаашдаа “Эрдэнэс Монгол”-той холбоотой асуудлыг гаргаж тавина. Нуугаад яах вэ. “Эрдэнэс Монгол”-ийн охин компаниуд бий. Тус бүрт нь ТУЗ байдаг. Тэнд төрөөс гадуурх хяналтгүй маш их хэмжээний мөнгө эргэж байгаа. Дээрх асуудлаар Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гаргасан.

Би хэзээ ч огцрохоос айхгүй. Хэзээ ч айж байгаагүй. Харин ийм зүйлтэй эвлэрч улс төрийн үхдэл болохоос би айна. Тиймээс бүх асуудлыг цэгцэлнэ.

Засгийн газрын тэмцэл, нэг өдөр, нэг алхам ч ухраагүй. Төрийн өмчит үйлдвэрийн асуудал руу орох цаг болсон. Хөгжлийн банкны асуудлыг гаргаж тавьсан нь хэн нэгний мууг үзэх гээд байгаа асуудал биш.

-Шатахуун, үнийн өсөлт, ам.долларын нөөц зэрэг эдийн засгийн хямралд ороход төв банкны ерөнхийлөгч ажлаа муу хийсэн гэх шүүмжлэл бий. Төв банкны ерөнхийлөгч хариуцлагаа хүлээгээд өөрийн хүсэлтээр ажлаа өгөх бодол бий юу?

-Монгол Улсаас шалтгаалахгүй зүйл байгаа. Алдаж, онож байгаа зүйл бий. Авлигатай хийх тэмцэлд бууж өгөхгүй. Засгийн газар хэн нэгний хэлснээр огцордог субъект биш. Би бууж өгөхгүй. Хүнд нөхцөл байдлаа иргэдтэй хамтдаа даваад гарна. Нэг өдрийн дотор сайд, дэд сайд төрийн нарийн бичгийн дарга нарыг огцруулж байсан. Гэхдээ ажлаа хийж байгаа хүнийг Ерөнхий сайд хамгаалах хэрэгтэй. Энэ цаг үе бол ямар ч хүн Төв банкны ерөнхийлөгч байхад хүнд цаг үе тохиож байна. Төв банкинд хэдэн нөхөд шүгэлдээд байгаа сураг байна. Эрх баригч намын даргын хувьд аятайхан байгаарай гэж хэлье. УИХ-ын гишүүд дээр ороод Төв банкны дараагийн ерөнхийлөгч болъё гэсэн яриа дуулдаж байгаа. Залуучуудаа амбицаа татаж сураарай.

Ийм нөхцөл байдал үүсчихээд байхад албан тушаалын дон шүгэлчихээд далчигнаад байх хэрэггүй. Тиймээс Төв банкны ерөнхийлөгч огцрохгүй. Ажлаа хийгээд явна. Үнэхээр авлигалтай холбоотой албан тушаалтанд хариуцлага тооцно. Хүнд цаг үед сөрөөд зогсож буй албан тушаалтныг хамгаална. Хэнээс ч айхгүй.

-Х.Баттулга гэдэг хүн таны зөвлөхөөр ажиллаж байгаа юу?

-Х.Баттулга зөвлөхөөс чөлөөлөгдсөн. Зөвлөх болсон шалтгаан нь олимптой холбоотой буюу спортыг дэмжих чиглэлд хамтарч ажилласан. Дараа нь АН-ын даргад нэр дэвших үеэс нь чөлөөлсөн.

-Цагааннуурын боомт, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудал ямар шатандаа байна вэ?

-Засгийн газар аль болох иргэдэд бага хохирол учруулах талыг баримтална. Гэхдээ Засгийн газар улс орны эдийн засгийн бие даасан байдалтай холбоотой дэвшүүлсэн төсөл хөтөлбөрөөс ухрахгүй. Эрдэнэбүрэнгийн айл өрхүүдтэй уулзсан. Зарим айлд нөхөн төлбөр олгохоос зайлшгүй шаардлага байна. Зарим нь нөхөн олговор өгөх сургаар нүүж очсон ч айлууд байна.Удахгүй би Эрдэнэбүрэнд очиж ажиллана. Ойрын үед УЦС-ын ажлыг эхлүүлнэ. Тэнд сумын Засаг дарга нь БНХАУ-ын Элчин сайдын яам руу бичиг өгсөн байсан. Ер нь бодох ёстой зүйл нь Засаг дарга сумын нутаг дэвсгэрийг төлөөлөх эрхтэй. Гэхдээ шууд гадаад харилцаа хийгээд байх субъект биш. Тиймээс өөрийн эрх мэдлийн хүрээнд арга хэмжээ авна.

Эрдэнбүрэнг шийдэж чадвал баруун бүс нутаг эрчим хүчний хараат бус байдлаас гарна. Багануурын эрчим хүчний станц баригдах ёстой байсан боловч улстөржилтөөс үүдэн зогссон. Хоёр, гурав, дөрөвдүгээр цахилгаан станцын өргөтгөл хийгдэнэ.

Амгалан цахилгаан станцад өргөтгөл хийнэ.Монголын төр 1986 оноос хойш эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж чадаагүй нь үнэн.

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах уу. Дан, давхар дээлтэй сайд нарын тухайд таны байр суурь?

-Миний бие УИХ-ын гишүүнээс ажиллаж байхаас авхуулаад сонгодог парламентын засаглал зөв гэдэг байр суурийг илэрхийлсээр ирсэн. Сонгодог парламент гэдэг нь гишүүдийн тоо тодорхой хэмжээнд нэмэгдэж, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудлыг ярилцана гэсэн үг. Бид тэг дундуур нь 30 жил явлаа. Олон асуудал үүссэн нь Үндсэн хуультай холбоотой гэж боддог. Өнөөдрийн түвшинд Монгол Улсын Ерөнхий сайд миний бие Үндсэн хуульдаа захирагдаж ажиллах үүрэгтэй. Давхар, дан дээлтэй сайд аль аль нь ялгаатай байдалд ажилладаг нь үнэн. Үүнийг би хүлээн зөвшөөрнө. Ерөнхий сайд дээр ачаалал нэлээд үүсдэг. Гэхдээ энэ бол Үндсэн хуулийн зохицуулалт юм.

Зөвхөн дан, давхар дээл гэж ярихыг зөвшөөрөхгүй. Яривал багцаар нь буюу сонгодог парламент руу орж Герман, Энэтхэг улстай адилхан болохыг дэмжинэ.

Парламентын засаглал давуу талтайг олон жишээн дээр бид харлаа. Тиймээс улс төрд байх цаг хугацаандаа миний бие сонгодог парламентыг дэмжсээр байх болно.

-Хоёр яамдын сайд нарын томилгоо хэзээ яригдах вэ?

-Хоёр сайдтай холбоотой зарчмын байр суурь бий. Сайд нь олдохгүй учраас томилоогүй асуудал биш. Үндсэндээ хоёр яам өмнө нь агентлаг байсан. Өмнө байсан Эдийн засаг хөгжлийн яам Сангийн яамтай үл ойлголцсоноос татан буугдсан. Тиймээс тодорхой хэмжээнд бэхжих, Сангийн яамтай ойлголцох хүртэлх хугацаанд Сангийн сайд хариуцаад яам бүрт байгаа шилдэг боловсон хүчнийг татаж байгаа. Хөгжлийн бодлогыг Эдийн засгийн яам барьдаг, сангийн бодлогыг Сангийн яам авч явдаг, чиг үүргийн давхардалгүйгээр байх ажлыг Сангийн сайдаар хийлгүүлэх нь цаашдаа урт удаан оршин тогтноход хэрэгтэй юм болов уу.

Х.ИНДРА