Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засаг сэргэх өөдрөг төсөөлөл байна
2022 оны 4 сарын 7

Монголын эдийн засгийн чуулган өнөөдөр /2022.04.07/ болж байна. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганыг нээж үг хэллээ.


Тэрбээр”Хоёрдугаар сарын 24-нд Орос, Украины дунд нэн хүнд амаргүй нөхцөл байдал үүссэн. Геополитикийн хувьд том сориолт дэлхийн улс оронд тулгарсан. Хоёр жилийн дараа цар тахлыг ялж эдийн засаг сэргэх нь гэх олон улсын байгууллагуудын  хүлээлтийг томоохон цохилт өгсөн.

Олон улсын валютын сан, Дэлхийн банк 2022 онд дэлхийн эдийн засгийг 4.3 хувьд хүрнэ гэж төсөөлж байсан бол дээрх үйл явдлаас болж 3.5 хувь болж, инфляцийн түвшинг 2.5 хувиар нэмэгдэнэ гэдэг тооцооллыг хийсэн байна. 

Монголд ч гэсэн энэ байдал нөлөөлж Төв банк бодлогын хүүгээ өсгөж, инфляцыг барихын тулд Засгийн газар УИХ-д хууль өргөн барьсан. ОХУ, Украины зэвсэгт мөргөлдөөний улмаас ОХУ-ын 350 гаруй тэрбум ам.долларын нөөцтэй тэнцэхүйц валют, алтны нөөц царцаагдсан. Энэ нь хөрш орнуудад валют хилээр маш хурдан гарах нөхцлийг бүрдүүлсэн.

Эхний арван хоногт улаанбуудайн үнэ дэлхий дахинд 40 хувиар өсч, газрын тосны бүтээгдэхүүний үнэ 50 хувиар өсч дөрөвдүгээр сарын үнэ өндөр түвшинд байх төлөвтэй байна. НҮБ-ын судалгаагаар 8-13 сая орчим хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй талаарх дүгнэлт хийсэн.

Тиймээс Монгол Улсын эдийн засаг амаргүй сорилтой нүүр тулсан. Гэхдээ бидний  хувьд өөдрөг төсөөлөлтэй байгаа. Учир нь олон ажлууд эхлээд явц дундаа явж байна. Ачаа тээврийн эргэлт болон бусад хүндрэлтэй олон асуудал  байгаа ч гэсэн бид даван туулах бүрэн боломжтой. Цар тахал болон геополитикийн хямралт нөхцөл байдлаас үүдэж ачаа тээврийн гацалт нь Монгол Улсад инфляцыг 14.2 хувьд хүрсэн. Инфляцийн 50 хувийг эзэлдэг шатахуун, мах, гурилны үнэ дээр Засгийн газраас бодлогын арга хэмжээ авна. 1992 оноос хойш цар тахлын үед эдийн засаг 5.3 хувь болж буурсан ч  2021 оны нэгдүгээр улирлын үзүүлэлтээр  1.4 хувийн өсөлттэй гарсан. Мэдээж экспортын гол бүтээгдэхүүн нүүрс, алт, зэсийн үнэ өсч байгаа ч  БНХАУ-д  цар тахлын давалгаа эрчимжэж байгаа нь экспортод сөргөөр нөлөөлж байна.

Х.ИНДРА