Баян-Өлгий аймаг “Ногоон Өлгий” дэд хөтөлбөр хэрэгжүүлж байна
2022 оны 5 сарын 12
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баян-Өлгий аймаг 20 сая мод тарьж ургуулна.

“Тэрбум мод-Баян-Өлгий аймаг” зөвлөгөөн Өлгий хотод боллоо. Тус аймаг үндэсний хөдөлгөөний хүрээнд ойг нөхөн сэргээх, ойн зурвас байгуулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, шинээр мод үржүүлгийн дөрвөн талбай байгуулах юм. Мөн мод тарьж ургуулсан, ногоон байгууламжаа нэмсэн, жимсний аж ахуй хөгжүүлэх байгууллага, иргэдийг бодлогоор дэмжинэ.

300 га талбайд жимс, жимсгэний 900 мянган мод тарих бөгөөд “Өрх бүр таван ширхэг мод” аян өрнүүлж, сум бүрт залуучуудын цэцэрлэгт хүрээлэн байгуулах юм.

Энэ онд гэхэд л Өлгий суманд 114 га талбайг хашаажуулах бөгөөд 120 га талбайд 300 мянган ширхэг мод тарьж ургуулахаар төлөвлөжээ. Мөн 20 хүртэл мянган тарьц, суулгац худалдаж авч цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулах, ойг нөхөн сэргээх, ойжуулах юм.