Монгол Улсын Их Хурлын 2022 оны Хаврын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2022.04.14/ Төрийн ордны “Их хуралдай” танхимд 10:00 цагт эхэллээ.
Үйлдвэрлэл, Технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.ЭНХ-АМГАЛАН:
-Өмнөговьд усны асуудал хүнд болсон. Нүүрс боловсруулах үйлдвэр байгууллаа гээд усны асуудлыг яаж шийдэх вэ. Олон үйлдвэрийн дэд бүтцийн улсаас өгнө гэж байгаа. Ямар эх үүсвэрээр шийдэх юм бэ. Орхон аймагт хэрэгжүүлэх уул уурхайн цогцолборыг барихад 650 сая орчим ам.доллар хэрэгтэй. Энэ оруулсан хөрөнгө оруулалтыг 8.7 жилийн хугацаанд нөхөж 1065 ажлын байр бий болгож, ДНБ-ийг 360 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ гэсэн хаанаас гарсан ямар ТЭЗҮ юм бэ. Хэн тооцсон юм.
Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН:
-Томоохон мега төслийн усны асуудлаар 2020 онд Дэлхийн банкны санхүүжилтээр манай яамны захиалгаар судалгааны ажил хийсэн. Энэ судалгааны үр дүнд бид говийн төслийн ажилд гадаргын усны тохиргоо буюу Хэрлэн, Тооно, Орхон, Хөх морь гэх мэт төслийн хүрээнд хийхэд 6-8 жилийн хугацаатай.
УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТ:
-Ц.Цэрэнпунцаг гишүүн сайн ойлгохгүй байж болно. Би тайлбарлая. Бид Баруун босоо тэнхлэгийн төмөр замын бодлогыг баталсан. Арцатсууриас Шивээхүрэн хүртэлх. Тэрийг өөрчилсөн шалтгаан бол өмнө нь байсан чиглэл нь худлаа юм байна. Тийм учраас Шивээхүрэн рүү төмөр зам тавих нь зөв гэж дэмжээд баталсан. Тэрийг зөв гэж боддог юм. Тэрэнтэй адил 2019 онд баталсан Үйлдвэр, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль амьдрал дээр хэрэгжихгүй байна. Паркууд байгуулж, нүүрсээ түүхийгээр нь гаргахаа боль, коксжуулъя. Төмрийн хүдрээ мөн адил угааж, баяжуулах гангийн үйлдвэр байгуулъя. “Эрдэнэт” үйлдвэрээс гарч буй зэсийн баяжмалийг боловсруулж, зэс хайлуулах үйлдвэр байгуулъя. Ингэвэл Монголд тэрбумаар хэмжих ам.доллар орж ирэх юм байна. Тэгвэл валютын ханш өсөхгүй. Ийм эрх зүйн орчныг төр бодлогоор баталж өгөх ёстой юм байна. Монгол Улсын Эрдэнэт үйлдвэрээс олж байгаа орлого хоёр дахин нэмэгдэж, гурван орчим тэрбум ам.доллараар нэмэгдэнэ.
УИХ-ын гишүүн Ц.ЦЭРЭНПУНЦАГ:
-Би тодорхой нэг хоёр төслийн тухай асуугаагүй. Та зөв ойлгох хэрэгтэй. Өнөөдрийн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулиар баялгаа эцсийн бүтээгдэхүүн болгож, экспортлох боломж байхгүй юу?
УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТ:
-Өнөөдөр энэ асуудал тулгамдаад байна. Дэд бүтцээ шийдэж чадахгүй байна. Нөгөө талдаа татварын таатай нөхцөл бүрдүүлж өгчихвөл гадаадын хөрөнгө оруулалтууд орж ирнэ. Тодорхой хэмжээний төрийн хөшүүрэг хэрэгтэй байгаа. Тиймээс төр хуулиараа боломж олгож өгөх хэрэгтэй. Хүнд үйлдвэрийн салбарт дэвшил авч ирье гэж байгаа юм.
УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:
-Үйлдвэр технологийн парктай болохыг дэмжиж байгаа. 10 жилийн өмнө Х.Баттулга гэж нөхөр макет үзүүлээд л Сайншандын аж үйлдвэрийн парктай болбол Монгол хөгжинө гээд л том нэвтрүүлгүүд хийгээд, хэрэгжүүлэхгүй байна гэсэн. Хөгжлийн банкны 2016 оны шалгалтаар Сайншандын аж үйлдвэрийн паркаас хэн хэн хулгай хийсэн бэ гээд байж байгаа. Энийг ярих хэрэгтэй. Шалгах хэрэгтэй. Хулгайч хүн хүний хамаг итгэл найдварыг бөхөөдөг юм байна. Дээр нь хуулийнхан их нэмэр болдог юм байна. Намайг дэд сайдаар ажиллаж байхад Сайншандын аж үйлдвэрийн парктай холбоотой 10 хэдэн хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж шалгаж байсан.
0 cэтгэгдэлтэй