Тагнуулын байгууллагын тухай хуулийг хаалттай хэлэлцэж байна
2022 оны 4 сарын 15

УИХ-ын  /  2022.04.15/- ны өдрийн  чуулганы хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж  горимын санал гаргав.  Түүний хувьд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг өнгөрсөн онд УИХ-ын даргад өргөн барьсан юм.

Тэрбээр “Би хоёр долоо хоногийн өмнө тэтгэвэр тогтоохдоо долоон жилийн цалингийн дунджаар биш таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоох тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхийг шаардсан. УИХ-ын дарга байнгын хороо холбогдох газарт энэ асуудлыг ярихыг анхааруулсан. Өнгөрсөн долоо хоногт байнгын хороо хуралдсан боловч байнгын хорооны дарга “Манай намын бүлгээс Засгийн газрын өргөн барьсан Нийгмийн даатгалын багц хуулийг Засгийн газарт нь буцаасан” гэх тайлбарыг надад өгсөн. Би МАН-ын гишүүн биш. Тиймээс би танай намын бүлгийн хэлэлцсэн асуудлыг дагах шаардлагагүй. Учир нь би сөрөг хүчний гишүүн. УИХ-ын гишүүний хувьд хууль өргөн барихад МАН-ын бүлэг хэрхэн шийдсэн гэдгээс үл хамааран миний санаачилсан хуулийг хэлэлцүүлэх ёстой.

Тиймээс ирэх долоо хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд тэтгэврийг долоон жил биш, таван жилээр тогтоолгох тухай хуулийн төслийг хэлэлцүүлж өгөхийг хүсч байна. Хэрэв хуулийн төслийг хэлэлцэхгүй бол Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэгийн сонгогдсон Чингэлтэй дүүргийн ялалтын талбай дээр ирэх Лхагва гаригт ахмадтай хамтран 30 минут жагсана. Ингээд бүтэхгүй бол УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн  төрсөн аймагт жагсаал зохион байгуулна шүү.

Хэрэв МАН-ын сүйхээтэй гишүүн байсан бол 500 мянган төгрөгөөс 1 сая хүртэлх тэтгэврийг 15 хувиар, 1-2 саяын тэтгэврийг 10 хувиар, хоёр саяаас дээш тэтгэврийг таван хувиар нэмж тэтгэврийг зөрүүг холтгохгүйгээр асуудлыг шийдэх байсан. Даанч тийм гишүүн байсангүй. Тиймээс тэтгэврийг долоон жил биш, таван жилээр тогтоолгох тухай хуулийн төслийг, мөн түүнчлэн 2018 оноос хойш долоон жилээр тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийг таван жилээр нөхөн бодох хуулийн төслийг яаралтай хэлэлцэх хэрэгтэй байна. Энэхүү  хууль батлагдсанаар тэтгэвэр дунджаар 120 мянган төгрөг нэмэгдэнэ. Нийтдээ 140 мянга орчим иргэнд 16 тэрбум төгрөг зарцуулна. Цалингийн доод хэмжээ хэт бага байгаагаас болоод маш бага тэтгэвэр тогтоолгох болчихоод байна.  Энэ хуулийн төслийг залуу гишүүд дэмжиж ажилламаар байна. МАН түүхэндээ ихэвчлэн таван жилээр ажлаа төлөвлөдөг. Гэтэл ард түмэндээ тэтгэвэр олгох болохоор долоон жил болгочихдог. 2018 оноос хойш өргөн хэрэглээний барааны үнэ 52 хувиар өссөн. Үнийн өсөлт орлого багатай, тэтгэвэр авдаг хүмүүст хамгийн хүнд дарамт болж байна” гэдгийг хэллээ.

Дараа нь УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсанд тооцно гэж заасан. Өөрөөр хэлбэл 39 гишүүнээс дээш хүн дэмжих ёстой. Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг өчигдөр явуулсан” гэлээ. Улмаар хуулийн төслийг эцэслэн батлах санал явуулахад гишүүдийн олонх буюу 48 гишүүнээс 42 нь дэмжиж хууль эцэслэн батлагдав.

Уг хууль батлагдсанаар: 

Нэгдүгээрт: Мах, гурил, газрын тос болон бусад нэн шаардлагатай бараа, бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой байлгах, нөөц бүрдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход шаардагдах хүүгийн татааст төсвийн зохицуулалт хийнэ. Тодруулбал, үнэт цаас, баталгаа гаргах, газрын тосны бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварыг 5 хүртэл хувьд хүргэж бууруулах зохицуулалт хийнэ. Мах, гурил, газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой байдлыг хангах зорилгоор тухайн чиглэлийн аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгө, урьдчилгаа төлбөрт шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийн эх үүсвэр олгоно.

Хоёрдугаарт: Монголбанкинд валютын нөөц бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх эрхзүйн орчныг бий болгох, мөнгө болон сангийн бодлогыг нарийвчлан уялдуулж, хямралт нөхцөл байдлын үед нягт хамтран ажиллах болон зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний импортын татвартай холбоотой зохицуулалтыг Засгийн газар зохицуулах эрхзүйн зохицуулалтыг бүрдүүлнэ.

Гуравдугаарт: Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд Монголбанкнаас алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгоно. Лондоны металлын биржийн үнэ дээр таван хувийн нэмэгдэлтэйгээр гадаад, дотоодын зах зээлээс алт худалдан авах, олборлосон алтаа тухайн санхүүгийн жилдээ багтаан тушаах үүргээ хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээ авна.

Дараа нь Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцээд хаалттай горимд хэлэлцэхээр тогтлоо.

Х.ИНДРА