Л.Оюун-Эрдэнэ: Бензиний үнийг тогтвортой барих эрхзүйн орчин бүрдлээ
2022 оны 4 сарын 18

Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо.

Хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон сайд нар танилцуулж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, саяхан болсон жагсаалтай холбоотойгоор 15 багц шаардлага болон бичгээр ирүүлсэн 270 гаруй шаардлагын дагуу ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн дүгнэлттэй холбоотой асуудлыг өнөөдөр хэлэлцсэн. Ирүүлсэн шаардлагыг ангилан үзвэл:

  • 74 хувь нь үнийн өсөлт
  • 15 хувь нь төсвийн үргүй зардлыг хэмнэх
  • 12 хувь нь авлига, шударга бусаар байдлыг эсэргүүцэх
  • 12 хувь нь цалин, нийгмийн баталгаа, суурь шинэчлэлтэй холбоотой асуудал байв.

Иргэдийн ирүүлсэн дээрх шаардлагын 60 орчим хувь нь ойрын хугацаанд шийдвэрлэгдэх боломжтой буюу үнийн өсөлттэй холбоотой асуудал байна.

Өнөөдөр УИХ үнийн өсөлтийн эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээний хуулийг батлан гаргалаа. Ингэснээр хэд хэдэн үр дүн гарна.

Тухайлбал, шатахууны үнийг боломжит хэмжээнд барих эрх зүйн орчин бүрдлээ.

  • Хууль батлагдсанаар шатахуун импортлогч ААН-үүдэд шаардлагатай валютын эх үүсвэрийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох
  • Зээлийн хүүгийн татаасыг төр хариуцна
  • Эргэлтийн хөрөнгөтэй холбоотой асуудлыг бүрэн шийдвэрлэж, бензиний үнийг ЗГ, төв банктай нийлж, хямралт үед боломжтой хамгийн дээд хувилбараар барих эрх зүйн орчныг бүрдүүлсэн гэж ойлгож болно.

Учир нь манай улсын хувьд инфляцад хамгийн их нөлөөлж, үнэ хөөрөгддөг зүйл бол шатахуун. Энэ багц арга хэмжээнд 100 орчим сая ам.доллар зарцуулах тооцоо байна” гэлээ.

Х.ИНДРА