Ээлжит бус хуралдаанаас гаргасан онцлох шийдвэр
2022 оны 4 сарын 19

2022.04.15.

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэд хэдэн чухал шийдвэрийг гаргажээ. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Саяхан болсон жагсаал цуглаантай холбоотой 15 багц, 200 гаруй хүсэлт бичгээр ирсэн. Үүнд Засгийн газар ажлын хэсэг байгуулж, холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллаад өнөөдөр уг асуудлыг хэлэлцлээ. Тавигдсан саналыг багцалж үзвэл 75 хувь нь үнийн өсөлт, 15 хувь нь төсвийн үргүй зардал, 12 хувь нь тэгш бус байдал байлаа. Засгийн газар хуралдаад олон нийтийн санаа бодолтой холбоотой асуудлыг дүгнэж үзлээ.

Дэвшүүлсэн асуудлын 60 орчим хувь нь ойрын хугацаанд шийдэгдэх, 30 хувь нь реформын буюу 30 жилдээ шийдэж чадаагүй асуудал байна. ОХУ, Украины дайн, БНХАУ-д болж буй цар тахлын давалгаа, бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлттэй холбоотой санал ирснийг нарийвчлан судалж үзлээ. Засгийн газар нэг амьсгаагаар, нэг дор бүхнийг шийдэх боломжгүй учраас үе шаттай шийдээд явна. Хамгийн их санал өгснөөс нь эхлээд шийдэл гаргалаа. Стандарт бус шийдвэр гаргах асуудал ч үүслээ” гэв. УИХ-аас өнөөдөр үнийн өсөлтийн эсрэг хуулийн төсөл баталсан бөгөөд хэд, хэдэн үр дүн гарна гэж тооцжээ.

Улмаар үнийн өсөлттэй холбоотой ямар арга хэмжээ авсныг тоймловол:  

-Шатахуун импортлогч ААН-үүдэд шаардлагатай валютын эх үүсвэрийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож, зээлийн хүүгийн татаасыг төр хариуцна.

-Эргэлтийн хөрөнгөтэй холбогдох асуудлыг бүрэн шийдвэрлэж, шатахууны үнийг Төв банк, Засгийн газар хямралт үед боломжит дээд үнээр барина. Энэ багц арга хэмжээнд нийтдээ 100 орчим сая ам.доллар зарцуулна.

-Гурил, махны үнийг тогтоон барих боломж үүснэ. Төрөөс үйлдвэрлэгч нарт хөнгөлөлттэй зээл олгох, тариаланчдад хуримтлагдсан улаанбуудайг төр худалдаж авна.

-Цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны гаалийн 5 хувийн татварыг 2022 он дуустал тэглэх саналыг УИХ-д хүргүүлэх

-Дотоодын ургамлын тос үйлдвэрлэгчдийн борлуулалтын болон үндсэн түүхий эдийг НӨАТ-аас чөлөөлөх

-Тосны ургамал, улаанбуудай, ногоо тариалах, хүнсний зоорь барих ААН-үүдэд нэг их наядын зээл олгож, хүүгийн татаасыг төрөөс төлнө.

Төсвийн хэмнэлттэй холбоотой гаргасан шийдвэрийг тоймловол:

-Төсөв хэмнэх зорилгоор төрийн өмчит компаниудын дэд захирал болон шаардлагагүй албан тушаалыг хуулиар хязгаарлана.

-39 аж ахуйн нэгжийг олон нийтийн хяналтад оруулж, 34 хувьд IPO гаргах асуудлыг УИХ-д оруулна. Арав орчим компанийг нэгтгэж, 10 компанийг татан буулгана.

-Хот суурин газарт том оврын автомашин хэрэглэхийг хуулиар хориглоно. Зөвхөн Засгийн газрын автобаазыг төрийн байгууллагын автобааз болгох байдлаар өөрчлөөд, хөдөө явахад л дуудлагаар үйлчилдэг болгоно. Цаашлаад төрийн байгууллага такси үйлчилгээ авах, машинаас татгалзах шийдэл гаргасан.

-Орон тоо нэмэхгүй байх

-Гар утасны зардал өөрөө төлөх, байгууллагууд зочид төлөөлөгч хүлээж авахгүй, бэлэг авахгүй, өгөхгүй байх, гадаад дотоод томилолтод явахдаа бизнес ангиллаар зорчих, шаардлагатай гэвэл өөрөөс зардлаа гаргана.

-Цагдаа, онцгой, цэрэг зэрэг төрийн тусгай албан хаагчдаас бусад байгууллагын алба хаагчид дүрэмт хувцас өмсөхгүй. Тухайлбал, нийгмийн даатгал, гааль зэрэг төрийн байгууллагын албан хаагчид дүрэмт хувцас өмсөхгүй.

-Төрийн байгууллагуудын сургалт, семинар, бичиг хэрэгтэй холбоотой зардлыг цахимжуулна.

-Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хувийн цэцэрлэгийн хувьсах зардлыг хоёр дахин нэмнэ.Аж ахуйн нэгжүүд дэргэдээ цэцэрлэг ажиллуулбал татвар, бусад зардлаас хасаж тооцно.

-Төсөвт байгууллага, газрын тос, уул уурхайн салбарынхнаас бусад байгууллагын ажилтны төлдөг НДШ-ийн 50 хувийг он дуустал сар бүр буцаан олгоно.

-Төрийн үйлчилгээний албан хаагчдыг инфляцийн түвшинтэй уялдуулж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг харгалзан цалинг үе шаттай нэмэх бодлого барина. Гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой бодлого байсныг буруу ойлгосон. Хуучин байдлаар нь явуулна гэж шийдсэн байгаа.