Чуулган: 91 төслийг зогсоож, 518 тэрбум төгрөг хэмнэнэ
2022 оны 4 сарын 20

2022.04.22-Улс төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.  Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлнэ.  Чуулганы эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын нэгдсэн чуулган эхэлснийг мэдэгдэж хэлэлцэх асуудлыг танилцуулав. Үүнд,

  • Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

Төсвийн тодотголын төсөлд: 2022 онд хэрэгжихээр батлагдсан 698 төслийг бүрэн ашиглалтад оруулна. Ингэснээр улсын хэмжээнд 67 сургууль, 86 цэцэрлэг, 34 эмнэлэг, 22 дотуур байр, автозамын 33 төсөл, эрчим хүчний 20 төсөл, инженерийн дэд бүтцийн 36 төсөл, нийгмийн хамгааллын 21 төсөл, бусад чиглэлийн 361 төсөл ашиглалтад оруулна.

Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ: 

-Хөрш орнуудад эрчимжиж буй цар тахлын нөлөө болон хөрш орнуудын зэвсэгт мөргөлдөөнөөс үүссэн хямралт байдлаас өргөн хэрэглээний барааны үнийг тогтворжуулах, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг яаралтай баталж өгсөн УИХ-д талархал илэрхийлье. Хэрэв энэ зохицуулалт хийгээгүй байсан бол АИ-92 автобензин 800-1000 төгрөгөөр нэмэгдэх байсан. Нийгэм эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын төсвийн тодотголыг дагалдах хуулиудын хамт өргөн барьж байна. Энэ удаагийн төсвийн тодотгол дөрвөн онцлогтой. Төсөв дагалдуулж Төрийн хэмнэлтийн тухай анхдагч хуулийг өргөн барьж байна. Хуулийг УИХ-д өргөн барьж байна. Хуулиар дараах асуудлыг зохицуулна.

  • Хуульд тусгайлан заагаагүй бол УИХ, Засгийн газрын харьяа агентлаг болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд дэд дарга орлогч даргатай байхыг хориглоно
  • Нийслэлийн Засаг дарга хоёр хүртэл, дүүрэг, аймаг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч, дэд даргатай байхыг хориглоно.
  • Улаанбаатар хотод том оврын автомашин хэрэглэхийг хориглоно. Орон нутагт албан томилолтоос бусад төрийн албан хаагчид төрийн зардлаар автомашин унахыг хориглоно.
  • Хөшөө дурсгал үрэлгэн төслүүдийг улсын төсвөөс санхүүжүүлэхийг хориглоно
  • Төсөвт байгууллагын автомашины нэгдсэн удирдлагын менежментийг сайжруулах зорилгоор 9800 автомашиныг 60 хувиар бууруулж цаашид төр машин эзэмшдэггүй болох суурь реформын эхлэл болно.
  • Төсөвт байгууллагын удирдлагууд бие дааж орон тоо нэмэхийг хориглоно. Үндсэн цалингийн урамшуулал, нэмэгдэл хөлс олговор олгохыг хориглоно
  • Төсвийн мөнгөөр дайллага зохион байгуулах, гар утасны зардал, бэлэг солилцох, зочин төлөөлөгч хүлээн авах, үндсэн чиг үүргээс хамаарахаас бусад тохиолдолд урлаг спортын арга хэмжээ санхүүжүүлэх, сургалтын төлбөр олгох, хандив төсөл санхүүжүүлэх, гадаад томилолтоор бизнес ангиллаар зорчих, төрийн тусгай албан хаагчаас бусад албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхийг хориглох болно.
  • Энэ удаагийн төсвийн тодотголоор конторын барилга зургаа, наадмын талбай гурав, соёлын төв долоо, спорт заал болон цогцолбор гурав, усан бассейн хоёр, конторын тоног төхөөрөмж 18, конторын их засвар 12, айргийн өргөө нэг, орон нутгийн тохижилт зургаа, нийтийн эзэмшлийн зам талбай гурав зэрэг нийт 33 арга хэмжээг хассан бөгөөд цаашид хөшөө дурсгал, ухдаг гүйдэг хаалга зэрэг орон нутгийн шинж чанартай үрэлгэн төслийг улсын төсвөөс санхүүжүүлэхийг хориглоно
  • Орон нутагт шилжин суурьшиж анх удаа орон сууц худалдан авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 50 хувийг төсвөөс санхүүжүүлж иргэд хүсвэл орон сууцны урьдчилгаа төлбөрийн 60 хувийг төрөөс батлан даах санал гаргалаа.