УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр /2022.04.29/ хуралдлаа. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах прокурорын байгууллагын саналыг хэлэлцсэн юм. Улмаар дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Энэ талаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Энхболд нар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд:
-Монгол Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг оруулж ирсэн. УИХ асуудлыг тав хоногийн дотор шийдвэрлэсэн байх ёстой. Тийм учраас Халдашгүй байдлын дэд хороо хоёр удаа хуралдлаа. Холбогдох хуулийн байгууллага УИХ-ын нэр бүхий гишүүдээс нэмэлт тайлбар авсан. УИХ-ын даргын чиглэлийн дагуу уржигдар холбогдох хүмүүстэй уулзсан. Халдашгүй байдлын дэд хороо нэмэлт тайлбартай танилцаж, хуралдаанаас нэр бүрий УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Уг саналыг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ. Эцсийн хариуг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар шийднэ. Энэ асуудалд тодруулах зүйл гарч байна. Прокурорын байгууллагаас асуудлыг нууцын зэрэглэлтэй оруулж ирсэн. Мөн одоо эдгээр гишүүдийг нэг нэг удаа л дуудаж мэдүүлэг аваад байна.
0 cэтгэгдэлтэй