Тэд бидний тухай: ШСБ-ын бодит үр дүнг урьдчилан тодорхойлох нь нэн чухал
2022 оны 5 сарын 1

Монголын эрх баригчдын зүгээс зарласан Шинэ сэргэлтийн бодлого нь эдийн засгийг сэргэлтийн замналд нь оруулахад чиглэж байгаа боловч, амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай нэн чухал зарим асуудлууд тодорхой бус байна гэж Дэлхийн банкны зүгээс байр сууриа илэрхийллээ.

Өнөөгийн тооцооллоор 100 их наяд төгрөг буюу 33 тэрбум ам.долларын өртөг бүхий 94 төслийг багтаасан Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжих бодит боломжийн талаар тус банкны эдийн засагчид дүгнэхдээ:

Засгийн газрын төлөвлөж байгаачлан хувийн салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж, төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх хангалттай санхүүжилт бий болох эсэх нь тодорхой бус байна. Хувийн хэвшлүүд эдгээр төсөл хөтөлбөрт хангалттай хэмжээнд оролцохгүй бол төсвийн орон зай нэн хязгаарлагдмал энэ үед төслүүдийг төсвөөс санхүүжүүлэх боломжгүй бөгөөд Засгийн газрын өрийг бууруулах хүчин чармайлтыг үгүй хийнэ.

Өмнө нь хэрэгжүүлсэн Барих-Ашиглах-Шилжүүлэх төслүүдийн зардлын хэмжээ, төсвийн тогтвортой байдалд үзүүлэх нөлөөг харгалзан үзвэл дахин ийм төрлийн, өндөр зардалтай төр-хувийн хэвшлийн хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхийн өмнө хэмжиж болохуйц, бодит, зорилтот үр дүнгээ урьдчилан тодорхойлох нь нэн чухал байна. Төслүүдийг эрэмбэлэх, сонгох зарчим болон үүнд оролцох төрийн байгууллагуудын чиг үүргийг тодорхойлох нь зүйтэй” гэв.

Тэгвэл Азийн хөгжлийн банкны зүгээс Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудлыг түшиглэн баригдах Дагуул хот, нийтийн тээврийн шинэчлэлийн асуудал болон Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх “Ногоон хөгжлийн сэргэлт”, “Хот, хөдөөгийн сэргэлт” зэрэг төсөл, хөтөлбөрүүдэд хамтран ажиллах сонирхолтой байна гэдгээ өнгөрсөн гуравдугаар сард илэрхийлсэн. Гэхдээ тус байгууллагын эдийн засагчдын зүгээс мөн л Монгол Улсын өрийн асуудлыг онцгойлон дурдаж буй юм.

Олон улсын байгууллын зүгээс Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжих боломж, нөхцөлийн талаар ийм байр суурийг илэрхийлж буй бол дотоодын эдийн засагчид, судлаачид ч бодит боломжийн талаар судалгаа шинжилгээ хийснээ танилцуулж буй.

Тухайлбал, судлаач А.Батпүрэв уг бодлого хэрэгжих боломжийн талаар дүгнэлтдээ, Шинэ сэргэлтийн бодлогын төслийн танилцуулгад дурдсанаас үзвэл энэхүү бодлогод тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд 57 их наяд, цаашид төсөл хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхэд 110-120 их наяд орчим төгрөгийн хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай гэж тусгажээ.

Монгол Улсын төсвийн нийт орлого жилдээ 15-16 их наяд төгрөг, үүний дотор нэг жилийн хөрөнгө оруулалтын төсөв 3-4 их наяд төгрөг орчимд л байдаг. Мөн Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 33 тэрбум ам.долларт, Засгийн газрын нийт өрийн хэмжээ 27 их наяд төгрөгт хүрээд буй макро эдийн засгийн өнөөгийн ийм орчин нөхцөлд хэчнээн чухал зорилт дэвшүүлсэн ч түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэр босгох, бүрдүүлэх боломж, магадлал тун бага байна.

Хөрөнгө санхүүгийн хувьд ийм эрсдэлтэй, хүндрэлтэй нөхцөлд шинээр хэрэгжүүлэх төслүүдэд шаардлагатай томоохон дүн бүхий хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх боломж гарахгүй, бий болохгүй байх эрсдэл өндөр, харин гадаад өрийн дарамт цаашид улам бүр нэмэгдэх эрсдэлтэй байна. Иймээс “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөр, Улсын хөгжлийн таван жилийн төлөвлөгөөнд тусгагдсан нийт зорилтыг хэрэгжүүлэхэд хэдий хэмжээний хөрөнгийн эх үүсвэр шаардагдах тооцооллыг дахин нарийвчлан сайтар тооцоолж үзэх, нөгөө талаар гадаад өрийн дарамт, хөрөнгө санхүүгийн өнөөгийн байдалд нийцүүлэн дээрх баримт бичгүүдэд тусгагдсан олон тооны төсөл, хөтөлбөрийг ач холбогдлоор нь дараалалд оруулах, цаг хугацааны хувьд аль хэсгийг нь хойшлуулах боломжтойг дахин тооцож боловсруулах шаардлагатайг тодотгож буй юм.

Өрийн хэмжээний талаар дашрамд тодотгоход, эдийн засгийг дэмжих арга хэмжээтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын өр сүүлийн хоёр жилийн  жилийн хугацаанд огцом нэмэгдсэн.  Засгийн газрын өр 2016-2019 оны хооронд ДНБ-ий 20 нэгж хувиар буурч байсан бол 2020 онд 10 нэгж хувиар нэмэгдэж ДНБ-ий 79.5 хувьд хүрсэн.  Цар тахалтай холбоотойгоор эдийн засгийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлсэн төсвийн болон төсөвтэй адилтгах арга хэмжээний улмаас Засгийн газрын өр 2021 онд ДНБ-ий 81 хувьд хүрсэн байх тооцоололтой байгааг Дэлхийн банкнаас онцолж байгаа.  Хятадын Ардын Банктай хийсэн 1.8 тэрбум ам.доллартой тэнцэх своп хэлцлийг оруулан тооцвол нийт өр 2021 оны эцсийн тооцооллоор  улам нэмэгдэж ДНБ-ий 92 хувьд хүрч байна. Төсвийн нийт алдагдал 2022 онд тэлснээр өр цаашид нэмэгдэхээр төлөвтэй байгаа юм.  Түүнчлэн Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2023 онд барагдуулах 800 сая ам.долларын өр зэрэг төсөвт дарамт учруулж болзошгүй өр төлбөрүүд нь өрийн дарамтыг нэмэгдүүлж болзошгүй байгаа ийм үед Монголын ДНБ-ий хэмжээнээс гурав дахин их хэмжээний өртөг зардал шаардах бодлогоо яриад, богино болон дунд хугацааны шийдэл шаардсан асуудлуудаа шийдвэрлэхэд дутуу дулимаг хандаж байгаад шүүмжлэлтэй хандаж байна.

Э.Болорхажид