“Улсын мөнгөний эргэлтийн 80 хувь 3 банкны эзэн дээр төвлөрч байна”
2022 оны 5 сарын 20

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.05.10-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төслийн талаарх УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг танилцууллаа.

УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудлаар асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Т.Аубакир: 

-Үндсэндээ 2020 оны сонгуулиас хойш МАН-ын бүлэг, улсын парламент улс орны нөхцөл байдалтай холбоотой хэд хэдэн салбаруудад том реформын чанартай өөрчлөлт хийх ёстой байсан. Үүний нэг нь банкны реформын асуудал байсан. Бид олонхоороо дэмжиж, банкны салбарт реформ хийе, олон нийтийн болгоё, нэг хүний эзэмших хувийг багасгая гэж дуу нэгтэй баталсан.

Үүний өмнөх өр зээлтэй холбоотой асуудалд гишүүд байр сууриа илэрхийлж байна. Үүнтэй агаар нэг асуудал бол банкны шинэчлэл мөн. Банкны IPO-г нэг жилээр хойшлуулах нь зохимжгүй юм. Гурван банк Хөрөнгийн бирж дээр IPO гаргах гээд зохих бүх үнэлгээгээ хийлгэсэн юм билээ. Өгөөгүй 2-3 банк байна. Энэ асуудлыг жилээр хойшлуулж болохгүй.

Эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед ашигтай ажиллаж байгаа банкны хувьцааг авч, ашиг хийж, ард иргэд таван төгрөгөө 10 болгох боломжтой. Энэ асуудлаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос асуулт асууя. Хүсэлтээ өгсөн гурван банкаа хугацааны хувьд дэс дараатайгаар бусад банк IPO гаргах боломж бий юу. Миний хувьд 3-6 сарын хугацаанд хойшлуулах санал гаргаж байна.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар:

-УИХ-ын гишүүд нэг жил хойшлуулж байна гэж буруу ойлгож байна. Хугацааг нь сунгаж байгаа шүү. Ингэж буй шалтгаан нь таван банк ойрхон хугацаанд IPO гаргах нь банкуудад өөрт нь хүндрэл учруулна гэж үзэж буй. Монголбанк ямар шаардлага тавих нь эрх мэдлийн асуудал. Тэр шаардлагыг хангасан гурван банк нь IPO шууд гаргаж болно.

Ажлын хэсгээс гишүүний асуултад хариулахдаа “Байнгын хорооны даргын хувьд Банкны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд системийн нөлөө бүхий таван банкийг олон нийтэд нээлттэй компани болох хуулийн хэрэгжилтийн хугацааг сунгах гэж тодруулж хэллээ.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар зургадугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгож, банкууд ХК болох ёстой. Энэ хувьцаат компани болох хугацааны зохицуулалтыг л сунгаж буй юм. Нөгөө талаасаа бид цар тахлын улмаас Монголбанк хэд хэдэн журмыг банкны салбарт мөрдүүлж, зогсоосон. Тодруулбал, актив ангиллын журам гэх мэт. Тиймээс төв банкнаас активын чанарын үнэлгээг арилжааны таван банкинд хийх нь зүйтэй гэж үзэж буй. Энэ жилийн долоо, наймдугаар сараас голлох таван банкинд хийж, хувьцаа гаргах үйл ажиллагаа нь зохицуулагдана” гэсэн хариулт өгөв.

-УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

-Монголбанкныхан энэ асуудлыг ойлгомжтой тайлбарламаар байна. Т.Аубакир гишүүнтэй санал нийлж байна. Энэ хуулийг 2016-2020 онд хийх гэж оролдоод чадаагүй. Шинэ УИХ-аар дэмжиж, баталсанд санхүүгийн салбарынхан таатай хандаж буй. Бид энэ шинэчлэлээс буцалгүй чанартай болгож байна.

Олон улсын байгууллагаас “Та нар одоо хөрөнгө оруулагчдаа хуурах гээд байна. Энэ хуулийг гаргаж, бүх зээлийн ангиллыг хийлгээгүй. Одоогийн баланс худлаа байна. Тийм учраас шалгалт хийж, хөрөнгийн зах зээл дээр тавь” гэсэн шаардлага тавьж байна. Монголбанкнаас активын шалгалтыг аль эрт хийчихсэн байсан бол энэ хугацааг сунгах ямар ч шаардлагагүй байсан юм.

УИХ-ын гишүүн Т.Аубакир: 

-Ж.Ганбаатар гишүүн хойшлуулах биш сунгах асуудлыг ярьж байна гэлээ. Нэг жил бол арай урт хугацаа учраас 3-6 сар болгож болох уу. Бид улс эх орныг урагшаа нэг алхуулахын тулд дэмжих хэрэгтэй байна.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар:

-Энэ хуульд хугацааг өөрчилсүгэй гэж бичсэн байгаа шүү, гишүүн ээ. Таны хэлсэн саналаар сунгаж болно гэж Монголбанкныхан хариулаад байна.

-УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Ийм чухал асуудал ярьж байхад Монголбанкны ерөнхийлөгч хаачсан юм бэ. Тэр хүнийг ирүүлж байж энэ асуудлыг ярья. УИХ дээр хүндэтгэж ирэх ёстой биз дээ. Энэ асуудлыг хойшлуулах хэрэгтэй байна.

Ажлын хэсгээс хариулахдаа “Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр эрүүл мэндийн шалтгаанаар чуулганы хуралдаанд ирээгүй” гэв.

-УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:

-Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн үйлчлэх хугацааг сунгаж байна. Энэ банкуудад хэрэгтэй гэж тайлбарлаад байх шиг байна. Зарим нэр бүхий системийн ач холбогдолтой банкуудын актив чанар муу байгаа юм байна. Өнгөрсөн оны баланс нь худлаа юм байна гэдэг шалтгаан байгаа юм байна. Тэр балансыг үндэслэж, хувьцаа гаргах гэж байгааг ОУВС олж харсан юм шиг байна. Яг жинхэнэ шалтгаан нь энэ юм байна. Хоёр банк нь ямар ч асуудалгүй юм байна гэж ойлгож байна. Ирэх наймдугаар сард таван банкны активын чанарын дүн гарчих юм байна.

-УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Банкны шинэчлэлийн хуульд хамгийн идэвхтэй ажилласан хүний нэг байна. Хугацааг нь сунгахаас өөр арга байхгүй. Одоо ганцхан сар үлдлээ. Бид хэтэрхий яарч, эсвэл хойшоо тавьж болохгүй. Улсын эдийн засаг мухардалд орсон нь банкны тогтолцоотой холбоотой. Улсын мөнгөний эргэлтийн 80 хувь нь гурван банкны эзэн дээр л төвлөрч байна. Ийм байж болох уу.

Ажлын хэсгээс “Арилжааны банкны эрүүл мэнд муудсан зүйл огт байхгүй. Арилжааны банкуудын үйл ажиллагаа хэвийн, Монголбанкнаас хяналт тавьж байна. Хуулийн хугацааг сунгаж байгаа нь боломж олгож буй нэг хэлбэр. 2023 оны зургадугаар сарын 30 болгосноор таван банк дэс дараатайгаар хувьцаат банк болж, хувьцаа гаргах боломжтой гэж үзэж буй” гэв.

-УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороог Ёс зүйн сахилга хариуцлагын дэд хороо болгож өргөтгөсөн. Зөвхөн гурван асуудал хариуцдаг байсан бол одоо 10 болсон. УИХ-д хүндэтгэлгүй хандах гэх мэт бодлогын заалт орсон. Сүүлийн үед УИХ-аас томилогддог Монголбанкны ерөнхийлөгч эзгүй, Банкны тухай хууль хэлэлцээд байдаг. Мөн Үндэсний аудитын газар, Төрийн албаны зөвлөл алга. Ийм байж таарахгүй ээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Монголбанкны ерөнхийлөгч маргаашийн чуулганы хуралдаанд ирэхгүй бол асуудлыг ярина.