ТОП 100 ААН-ийн борлуулалтын орлого ₮35.4 их наяд хүрчээ
2022 оны 5 сарын 23

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийг  эрэмбэлж, өргөмжлөх үйл ажиллагааг 21 дэх жилдээ зохион байгууллаа.

Монгол Улсын 2021 оны ТОП-100 ААН-ийг үйл ажиллагааны салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээний 29, уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн салбарын 22, хүнсний үйлдвэрлэл 9, харилцаа холбооны 8, газрын тосны хангамж 8, банк санхүүгийн 6, хүнд үйлдвэр 6, барилга, замын салбарын 5, цахилгаан, дулааны үйлдвэрлэл, усан хангамжийн 3, тээвэр ложистикийн салбарын 3, хөнгөн үйлдвэрийн 1 компани эрэмбэлэгджээ.

Энэ удаа 18 компани ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад шинээр орж иржээ.

ТОП-100 ААН-ийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтэд тулгуурладаг.