Чуулган: Инфляци 15 хувьд хүрсэн нь Шри-Ланкын дараа орох үзүүлэлт
2022 оны 5 сарын 26

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Танилцуулгыг УИХын гишүүн Д.Өнөрболор танилцуулав.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Төсвийн хүрээний мэдэгдэл дөрвөн удаа өөрчлөгджээ. Сангийн яам бодлогоо зөв тодорхойлж чадахгүй байгаагийн илрэл юм. Үүнийг нь УИХ дагах ёсгүй. Монгол Улсын эдийн засаг 2020 онд 5.3 хувиар огцом буурч, 2021 онд дөнгөж 1.4 хувийн өсөлттэй гэсэн үзүүлэлттэй байна. Монголын эдийн засаг сүүлийн хоёр жил агшчээ. Энэ оны эхний улирлын эдийн засгийн дүн -3.8 хувьтай гарчээ. Инфляци 15 хувьд хүрсэн нь Ази тивдээ үймээн дэгдэж буй Шри-Ланка улсын дараа орох үзүүлэлт. Манай улсын нийт өр 33 тэрбум ам.доллар давсан. Энэ нь Шри-Ланкаас дөрөв дахин их үзүүлэлт юм.