Дэлхийн удирдагчид Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ирүүлсэн мэндчилгээндээ юуг онцлов
2022 оны 7 сарын 19

Монголын Үндэсний баяр наадмыг тохиолдуулан дэлхийн 8 орны удирдагч, олон улсын байгууллагын дарга баярын мэндчилгээ илрүүлжээ. Дэлхийн удирдагчид баярын мэндчилгээндээ юу онцолсныг багцлан хүргэж байна.

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин мэндчилгээндээ: “Үндэсний их баяр наадам болон Ардын хувьсгалын 101 жилийн ойг тохиолдуулан Танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авч соёрхоно уу.

 

 

Орос, Монгол хоёр улс найрсаг, сайн хөршийн уламжлалт хэлхээ холбоотой билээ. Улс төрийн ажил хэрэгч яриа хэлэлцээ өрнөхийн зэрэгцээ олон салбарт үр өгөөжтэй хамтын ажиллагаа хөгжсөөр ирлээ.

 

Орос, Монголын ард түмнүүдийн эрх ашигт бүрэн нийцсэн Иж бүрэн стратегийн түншлэл цаашид улам бэхжинэ гэдэгт би бүрэн итгэлтэй байна.

 

Танд эрүүл энх, ажлын их амжилт, танай ард түмэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна” гэжээ.

 

БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэндчилгээндээ: “Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан миний бие БНХАУ-ын Засгийн газар, Хятадын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Танд болон танаар дамжуулан танай улсын Засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлье.

 

 

Хятад, Монгол хоёр улс бол уул, усаар холбогдсон найрсаг, үнэнч хамтын ажиллагаатай түншүүд. Хоёр улсын харилцааг сайтар хамгаалж, бэхжүүлэн хөгжүүлэх нь талуудын язгуур болоод хэтийн эрх ашигт нийцдэг. Сүүлийн жилүүдэд Хятад, Монголын харилцаа цогцоор хурдацтай хөгжиж, салбар бүрийн харилцаа, хамтын ажиллагаа арвин үр өгөөжтэй байна.

 

Миний бие хоёр улсын харилцаанд өндөр ач холбогдол өгч, хоёр улсын харилцааны хөгжлийн гол чиглэлийг стратегийн түвшинд алсын хараатайгаар чиглүүлж, Хятад, Монголын Иж Бүрэн стратегийн түншлэлийн харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлж, хоёр улс болон хоёр улсын ард түмэнд үр шимийг хүртээхэд Тантай хамтран ажиллахыг хичээхэд бэлэн байна.

 

Монгол Улсад хөгжил цэцэглэл, ард түмэнд аз жаргалыг хүсэн ерөөе” гэжээ.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэндчилгээндээ: “Америкийн Нэгдсэн Улсын нэрийн өмнөөс Танд болон Монголын ард түмэнд энэ 07 дугаар сарын 11-ний өдөр тохиож буй Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн баярын мэндийг дэвшүүлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

 

Дипломат харилцаатай 35 жилийн хугацаанд манай хоёр улсын харилцаа өсөн нэмэгдсээр ирлээ. Манай хоёр ард түмний ойр дотно нөхөрлөлийн хамт ардчиллын үнэт зүйлс, хүний эрх, хууль дээдлэх ёсны төлөөх бидний хамтын тууштай зүтгэл ирэх он жилүүдэд ч биднийг улам ойртуулах болно. Америкийн Нэгдсэн Улс нь Монгол Улсын стратегийн түнш бөгөөд “гуравдагч хөрш” гэдгээрээ бахархдаг.

 

Америкийн ард түмний нэрийн өмнөөс, Жилл бид хоёр дэлхийн өнцөг булан бүрд оршин суугаа монголчуудад Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан аз жаргал, баяр цэнгэлийг хүсэн ерөөе” гэжээ.

 

Шведийн Хаант Улсын Цог Жавхлант Хаан Карл XVI Густаф мэндчилгээндээ:  “Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Эрхэмсэг ноён Танд чин сэтгэлийн баяр хүргэе.

 

 

Танд эрүүл энх, аз жаргал, Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе” гэжээ.

 

Япон Улсын Ерөнхий сайд Кишида Фүмио мэндчилгээндээ: “Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Япон Улсын Засгийн газар болон Японы ард түмнийг төлөөлөн Эрхэмсэг ноён Танд болон Монголын ард түмэнд чин сэтгэлээсээ баярын мэндчилгээ дэвшүүлье.

 

 

Япон, Монгол хоёр улс нь эрх чөлөө, ардчилсан ёс, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий “Стратегийн түнш” билээ.

 

Энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхэн тэмдэглэлт ой тохиож байгаа бөгөөд хоёр оронд олон тэмдэглэлт арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Эрхэмсэг ноён Тантай 50 жилийн ойн жил биечлэн уулзаж, хоёр орны ирээдүйн талаар илэн далангүй санал бодлоо солилцох хүсэлтэй байна. Хоёр орны найрсаг хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн тулд Эрхэмсэг ноён Тантай гар нийлүүлэн хамтран ажиллахыг хүсэж байна.

 

Эрхэмсэг ноён Танд эрүүл энх, ажлын амжилтыг мөн Монгол орон улам бүр цэцэглэн хөгжихийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе” гэжээ.

 

 

Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мэндчилгээндээ: “Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монголын бүх ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ өргөн дэвшүүлье.

 

 

Түүхэн энэхүү онцгой цаг үе хүмүүн төрөлхтөн бид бүхэнд нэгэн гэр бүл шиг эв нэгдэлтэйгээр хамтран ажиллахыг эргэн сануулж байна. Улс орон бүр – дэлхий нийтээрээ нүүрлээд буй КОВИД-19 цар тахал, улам бүр нэмэгдэж буй ядуурал, тэгш бус болон шударга бус байдал, цаашлаад уур амьсгалын өөрчлөлт, мөргөлдөөн зэрэг үндэсний хил дамнасан тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж ажиллах шаардлагатай тулгараад байна.

 

Түүхэн чухал ач холбогдолтой энэ өдөр Монголын нийт ард иргэд тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх ахиц дэвшлийг эрчимжүүлэх, түүнчлэн энэ дэлхийн бүх хүмүүсийн төлөө илүү сайхан, шударга, тайван ертөнцийг цогцлоох үйлсэд хувь нэмрээ оруулж ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байна.

 

Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд энэхүү завшааныг тохиолдуулан гүн хүндэтгэлээ илэрхийлж буйг минь хүлээн авна уу” гэжээ.

 

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Рам Нат Ковинд мэндчилгээндээ:  “Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газар, найрсаг Монголын ард түмэнд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар, Энэтхэгийн ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

 

 

Энэтхэг, Монгол нь оюун санааны ойр дотно хөрш бөгөөд Стратегийн түншүүд билээ.  Цар тахлын улмаас тулгарч буй сорилтуудыг үл харгалзан бидний олон талт хамтын ажиллагаа бүх талаар цэцэглэн хөгжиж байгааг тэмдэглэхэд нэн таатай байна. Саяхан болж өнгөрсөн Монгол Улсын “Их дүйчэн” өдрөөр Энэтхэг Улсад хадгалагдаж буй Бурхан багш Буддагийн ариун чандарыг Монгол Улсад залж, сүсэгтэн олон, ард иргэдэд дэлгэн үзүүлсэн нь бидний Буддын шашны гүн гүнзгий хэлхээ холбоо, ижил төстэй өв соёл, шашин шүтлэгтэйг гэрчилж байна.

 

Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Таны манлайлал дор манай хоёр орны Стратегийн түншлэл олон салбарт өргөжин тэлж, хамтын ажиллагааны шинэ гарцуудыг нээж өгнө гэдэгт миний бие итгэл төгс байна.

 

Энэхүү завшааныг ашиглан Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд эрүүл энх, ажлын өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлт, сайн сайхны ерөөл дэвшүүлье.

 

Энэ ялдамд, Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд нэн өндөр хүндэтгэлээ дахин илэрхийлж буйг минь хүлээн авна уу” гэжээ.

 

Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Дэвид Хөрли мэндчилгээндээ:  “Монгол Улсын Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойг тохиолдуулан Австралийн Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс Танд болон Монгол Улсын Засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

 

 

Австрали Улс Монгол Улстай хөгжүүлж буй найрсаг харилцаагаа өндрөөр үнэлдэг бөгөөд хоёр талын хамтын ажиллагаа худалдаа, уул уурхай, боловсролын салбарт тууштай өргөжин хөгжиж ирсэн.

 

Монгол Улсын бахархалтай “гуравдагч хөрш”-ийн хувьд бид иргэд хоорондын бат бэх хэлхээ холбоо, улс төрийн харилцаа улам бүр гүнзгийрэн хөгжиж байгаад талархалтай байдаг болно. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2022 онд тохиож буй бөгөөд манай хоёр улсын харилцаа жилээс жилд улам бэхжиж ирсэн билээ.

 

Хоёр улсын найрсаг харилцаа ирж буй он жилүүдэд өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс байна” гэжээ.

 

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мэндчилгээндээ:  “Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон Монголын ард түмэнд нийт Казахстаны ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа дэвшүүлсэн мэндчилгээг маань хүлээн авна уу.

 

 

Монгол Улс бол Казахстаны Ази тив дэх найдвартай түнш юм. Үүнтэй холбогдуулан уламжлалт найрамдал, дээд түвшний улс төрийн яриа хэлэлцээнд суурилсан бидний харилцааг хөгжүүлэхэд Таны бие хувь нэмрээ оруулж байгаад талархаж байна.

 

Бидний хамтын хүчин чармайлтын үр дүнд бүх талын хамтын ажиллагаа маань ард түмнийхээ гэрэлт ирээдүйн төлөө улам өргөжин тэлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

 

Энэ завшааныг ашиглан Эрхэмсэг ноён Таны хариуцлагатай ажилд өндрөөс өндөр амжилт, гэр бүлд тань аз жаргал, сайн сайхныг, харин нөхөрсөг Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе” гэжээ.