Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрлах Цагааннуур боомтын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ажиллаж буй ес дэх боомт юм.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 155 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байрлах авто замын Цагааннуур боомтыг 24 цагийн байнгын ажиллагаанд шилжүүлсэн. Цагааннуур боомтоор ОХУ-аас баруун аймгуудын хэрэглээний нефть болон хүнсний бүтээгдэхүүн, малын тэжээл, бусад бараа бүтээгдэхүүнийг импортлон оруулж ирдэг. Үүнд шатах тослох материал 60 хувь, малын тэжээл 15 хувь, хүнсний зүйл болон бусад бараа материал 25 хувийг эзэлж байна. Тус боомтын хувьд байнгын ажиллагаатай болсноос хойш зорчигч болон ачаа тээврийн эргэлт эрс нэмэгдэж энэ онд улсын төсөвт 30 гаруй тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлээд байна.
0 cэтгэгдэлтэй