“Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болно” гэж заасан нь Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар шийдвэрлэлээ. Цэц уг гомдол, мэдээллийг Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэрлэсэн тул Засгийн газар бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулах шаардлагатай боллоо. Учир нь Цэцийн Их суудлын хуралдаан эцсийнх байдаг.
Иймд энэ долоо хоногоос дан дээлтэй сайд нар огцорч, УИХ-ын гишүүд давхар дээлтэй болох асуудал яригдаж мэдэх юм.
Тэгвэл Засгийн газар 16 яамтай. Үүний дөрөв нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүүний албан тушаалыг давхар хашдаг тул үлдсэн 13 нь давхар дээлтэй болох боломжийг Үндсэн хуулийн цэц олгож байна. Одоогоор Эдийн засгийн хөгжлийн сайд, Цахим хөгжил харилцаа холбооны сайдууд томилогдоогүй байгаа тул өмнөх 11 сайдыг чөлөөлж, парламентаас 13 сайд орж ирэх магадлалтай юм.
Тэгэхээр ажлаа өгч мэдэхээр болоод байгаа сайд нарыг танилцуулбал, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Хүнс хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Соёлын сайд Ч.Номин юм. Үүн дээр Эдийн засгийн хөгжлийн сайд, Цахим хөгжил харилцаа холбооны сайдууд парламентаас томилогдож мэдэхээр байна.
Одоогоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар давхар дээлтэй байгаа юм.
Цаашид Засгийн газрын сайд нар дан, эсвэл давхар дээлтэй байх нь Ерөнхий сайдын бүрэн эрх болж байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхдээ сайд нараа УИХ-ын гишүүдээс эсвэл гаднаас томилох нь өөрийн эрх мэдэл, сайн дурын асуудал юм.
0 cэтгэгдэлтэй