“Цэцээс ирэх бичгээс шалтгаалж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулна”
2022 оны 8 сарын 22

МАН-ын бүлэг /2022.08.22/ хуралдаж, мэдээлэл хийлээ. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.


Тэрбээр “Улсын дээд шүүх органик болон ердийн хуулиудад тайлбар гаргах замаар хууль тогтоох эрх мэдлийг хуваалцдаг гэж үздэг. Үндсэн хуулийн цэц Үндсэн хууль зөрчсөн органик болон ердийн хуулиудын үйлчлэлийг зогсоож, мөн хууль тогтоох эрх мэдлийг хуваалцдаг. Харин Үндсэн хуулийн зүйл заалтыг хүчингүй болгож байсан кейс 1992 оноос хойш 30 жилийн хугацаанд гарч байгаагүй. Тэгэхээр аливаа ардчилсан улс оронд жишиг гардаг. Энэтэй холбоотойгоор МАН-ын бүлгийн хуралд “Бага ард түмэн буюу УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй. Тэр утгаараа ҮХЦ-ийн тогтоолтой холбогдуулж, цэцээс тодруулга бичиг авах нь зүйтэй. Тэрний дараа бүлэг дээрээ ярилцъя гэдэг шийдвэрт хүрсэн. Үндсэн хуулийг ердийн хуультай адилтгаж, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр үйлчлэлийг нь бүрмөсөн зогсоож болохгүй. Эсрэгээрээ Үндсэн хуульд нэмэлт биш өөрчлөлт оруулах асуудлыг судалж үзэх ёстой гэдэг агуулгыг ярилаа.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж бий. Энэ хуулийн 4, 5, 6, 7 дугаар зүйлд хууль санаачлагч эрх бүхий субъектуудын Үндсэн хуультай холбоотой нэмэлт өөрчлөлтөөр эрх мэдлээ нэмэгдүүлэхийг хориглосон зохицуулалттай. Тэгэхээр ҮХЦ-ээс ирэх бичгээс шалтгаалж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдана. Иргэдийн зүгээс буруу мэдээлэлтэй байна лээ.

Хэрвээ ҮХЦ-ийн шийдвэрийн дагуу Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн 1.д заасны дагуу Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эрх бүхий субъектүүдийн гаргасан санаачлагыг ҮХЦ УИХ-д уламжилсан тохиолдолд Үндсэн хуулийн 68.1 заалтыг бид анх удаагаа хэрэглэх эрх зүйн нөхцөл бүрдэнэ. Энэ тохиолдолд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн үйлчлэл байхгүй болно гэсэн үг.

Тэгэхээр бид зөвхөн өөрчлөлтийн асуудал буюу Үндсэн хуулийн 39.1 заалтын хоёр дахь өгүүлбэрийг хүчингүй болгох тухай ярина. Тиймээс ҮХЦ-д илгээсэн бичгийн хариунаас шалтгаална” гэдэг байр суурийг илэрхийллээ.