2022.08.29-Улс төр
УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танилцуулснаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн болон ажлын зохион байгуулалттай холбогдох хуулийн зохицуулалтыг нийцүүлэх хууль зүйн шаардлага үүссэн.
“Алсын хараа-2050” хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан хилийн боомтын болон нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах асуудал, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, үндэсний болон мэргэжлийн спортыг дэмжих асуудлын нэгдсэн бодлого, зохицуулалтыг хангах эрхэлсэн Засгийн газрын гишүүдийг шинээр бий болгох зайлшгүй нөхцөл байдал тулгараад байна.
Иймд энэ хэрэгцээ шаардлагыг харгалзан, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай болон Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж, УИХ-аар яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүслээ.
Засгийн газар бүрэлдэхүүний хувьд Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй, бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн дөрөв, чиглэлийн 12 яамтай байхаар төлөвлөжээ.
УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ:
-Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байхад шинэ бүтцээр ороод ирэх шаардлагагүй гэж бодож байсан. Эдийн засаг, Цахим хөгжлийн сайд ороод, Ерөнхий сайдтайгаа нийлээд 22 сайдтай болох юм байна. Ийм олон бүрэлдэхүүнтэй байх шаардлага бий юу. У.Хүрэлсүхийн Засгийн газар 15 сайдтай ажиллаад болж байсан. Үндсэндээ зургаан сайдаар нэмэгдэх юм байна. Хэмнэлт гээд баахан юм ярьчихсан хэрнээ төр, Засгийн газрын бүтцийг данхайлгах нь хэр оновчтой вэ? Хэдийгээр Ерөнхий сайдын эрх мэдэл ч гэсэн төсөв мөнгө амаргүй байна. Дээрх сайд нарын төсвийг яаж зохицуулах вэ? Хэчнээн тэрбум төгрөг яамгүй сайд нарт зохицуулах юм бэ? Төсвийн тодотгол хийхгүйгээр шийдэх боломж байна уу?
Нийслэл хот хариуцсан сайд орж ирж байгаа юм байна. Энэ чинь нийслэл хотын даргатай зөрчилдөхгүй юу. Аливаа ажил бол хүнээсээ болно. Зам тээвэр, Эдийн засаг, Барилга хот байгуулалтын сайдтай зөрчилдөнө. Болдог бол Нийслэлийн засаг даргыг Засгийн газрын гишүүнээр оруулж ирвэл ямар вэ. Аж үйлдвэрийн яам байгуулбал зүгээрсэн. Үүнийг Ерөнхий сайд юу гэж бодож байна вэ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг чиглэлийн яам болгон өөрчлөх шаардлага бий юу.
Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
-Төсөв 2023 онд оруулж ирэхээр төлөвлөсөн байсан. Нэгэнт Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орж буй учраас сайд нар 2023 оны төсвөө өөрсдөө хийх боломж олгох нь ажилд тустай. Ард түмний өмнө төр засаг асуудлаа шийдэх нэг л үүрэгтэй. Тиймээс УИХ, Засгийн газар бодлогын дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Яагаад энэ сайдуудыг Монгол Улсын сайд, Үндэсний хорооны дарга гэж оруулж ирээд байна вэ гэвэл салбар дундын зохицуулалт бий болгохын тулд юм. Бид хэвшмэл ойлголтоос гарч шийдэхгүй бол модон бүтэц хэт хурдтай бий болж байна. Тиймээс маш шуурхай тэсч гарч, арга хэмжээ авахыг хичээж байна. Эцэст нь үр дүнгээр хэмжигдэнэ. Цар тахалтай холбоотой хууль буруу гэдэг том шүүмжлэлтэй тулгарч байсан. Гэтэл эргээд харахад олон сайн тал харууллаа. Нөхцөл байдал стандарт бус болсон учраас бидний зохион байгуулалт хэвшмэлээс гарч, хурдтай байх ёстой. Олон улсын туршлагыг судалсан. Үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.
Сонгодог парламент руу явах улстөрийн байр суурь өөрчлөгдөхгүй. Хагас ерөнхийлөгчийн, хагас парламенттай холбоотой засаглалын асуудал шийдэгдэх ёстой. Үндсэн хууль үндэсний баримт бичиг учраас бид УИХ-ын гишүүдийн тоог зардал гэж харахаас илүү, улс орны тусгаар тогтнол чухал юм. Төрийн хэмнэлт байлаа ч тусгаар тогтнолоо хэмнэж болохгүй. Цахимжилттай холбоотой асуудал үр дүнгээ өгч байна. Сонгодог парламент руу үе шаттай шилжих алхмууд хийгдэх ёстой. УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэх ёстой. Ингэж байж бие биенээ шантаажилсан байдал өөрчлөгдөх ёстой.
УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:
-Л.Оюун-Эрдэнэ, та парламентын ардчиллыг бэхжүүлэхэд, парламентын тогтолцоог сайжруулах чиглэлээр зоригтой өөрчлөлт хийх үү гэж жилийн өмнө асууж байсан. Та хариуд нь ирээдүйд хэрэгтэй зоримог алхам хийхээ мэдэгдсэн. Одоо үүнийг дахиад асууя. Та энэ байр суурь дээрээ байгаа юу? Цэцийн хуралдаанаас хоёр шийдвэр гарсан. Парламент “давхар дээл” өмсч болно, гэхдээ олон улсын жишгийн дагуу гишүүдийн тоог нэмэх байдлаар явах хэрэгтэй гэсэн шийдвэр гарсан. Гэтэл өнөөдөр 21 сайдтай, 15 нь давхар дээлтэй байдлаар орж ирж байна. Цаашаа яаж хяналт тэнцлээ хадгалах билээ? Ийм олон давхар дээлтэй сайдыг нэмбэл дахиад л нийгэм дэх үл ойлголцол үргэлжилнэ.
УИХ-ын гишүүн Б.САРАНЧИМЭГ:
-Өмнөх Засгийн газар нөөц бололцоогоо ашиглаж маш сайн ажилласан. Энэ Засгийн газрыг нийгмийн олон асуудал хүлээж байна. Эдийн засгаа сэргээх, хувийн хэвшлээ дэмжих, үнийн өсөлтийг саармагжуулах, түгжрэлийг бууруулах ажлыг хурдан шуурхай гүйцэтгэх шаардлагатай.
“Тэрбум мод” хөтөлбөрийг ярих биш бодитоор ажил болгох шаардлага бий. Монгол орны ой хортон шавжид идэгдсэн. Салбарын сайд нар анхаарах ёстой. Уялдаа холбоотой ажиллах ёстой. Сайжруулсан түлш үр дүнд хүрсэн. Тиймээс шинэ шийдэл гаргах хэрэгтэй. Мөн усны мега төслийг тооцоо судалгаанд үндэслэж менежмент хийж ажиллахыг хүсч байна. Хуш ойгоо хамгаалах тал дээр Ерөнхий сайд анхаарч өгөөч ээ. Агаарын бохирдлыг анхаарч, хамтарч ажиллаарай.
УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:
-Нэг асуулт байна. Ерөнхий сайдаас асуусанчлан, дөнгөж саяхан бид тогтоолыг баталлаа. Өнөөдрийн томилгоо сонирхол татсан томилгоо байна. МАН-ын генсек Засгийн гал тогоог барих нь ээ. Парламентын ардчиллыг бэхжүүлэх тал дээр Д.Амарбаясгалан тууштай ажиллах юм байна гэж ойлгосон боловч өнөөдөр ЗГХЭГ-ын даргаар очих гэж байна. Та байр сууриа илэрхийлмээр байна.
Нэр дэвшигч Д.АМАРБАЯСГАЛАН:
-Эрхэм гишүүдэд оройн мэнд хүргэе. Т.Доржханд гишүүний асуултад хариулъя. УИХ-аас Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарсантай холбоотой Засгийн газарт тогтоол болгон очиж байна. Хуулийн хугацаанд хэрэгжүүлж ажиллана. Парламентынхаа тогтолцоог төгөлдөржүүлэх нь эрх баригч нам, сөрөг хүчин, намуудад хамаатай. Парламентын гишүүдийн тоог хэрхэн яаж нэмэх тал дээр тогтож төвлөрч ажиллана.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Х.ИНДРА
0 cэтгэгдэлтэй