2022-2023 оны хичээлийн шинэ жил өнөөдөр эхэлж байгаа билээ. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 140.9 мянган хүүхдийн цэцэрлэгийн хүчин чадлыг бий болгоод байгаа талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлсэн.
Тодруулбал, үндсэн барилгад 124.2 мянга, түрээсийн байранд 14 мянга, байгууллагын цэцэрлэгт 2527 хүүхэд сургах тоон мэдээлэл бий. Эдгээр байрны 70 хувь нь ашиглалтад орсон бол үлдсэн 30 хувь нь үе шаттайгаар ашиглалтад орно гэж мэдээлсэн. Гурван үе шаттайгаар цэцэрлэгийн цахим бүртгэлийг зохион байгуулах бөгөөд эхний шатны бүртгэлд 11.5 мянган хүүхэд цахимаар, 1932 хүүхдийг уламжлалт элсэлтээр бүртгэсэн билээ. Тэгвэл цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой асуудлыг цахимд шилжсэн ч шийдвэрлэж чадахгүй байгаа нь иргэдийг бухимдуулсаар байна.
Хаягийн шилжүүлэг хийлгэсэн хэдий ч хуучин хаягаар хүүхдийг өөр хэсэгт бүртгэсэн тохиолдлууд нэлээдгүй гарсан. Тухайлбал, иргэн Г.Бат-Эрдэнийн хоёр хүүхдийг хоёр өөр цэцэрлэгт хуваарилсан тохиолдол гарчээ. Тухайн иргэн хотын төвд амьдардаг бөгөөд нэг хүүхэд нь гэрийн ойролцоо, харьяа цэцэрлэгт хамрагдсан бол нөгөө хүүхдийг нь Нисэхэд байрлах цэцэрлэгт бүртгэсэн байна. Мөн иргэн Г.Эрдэнэтуяагийн хуучин хаяг дээр цэцэрлэгийн хуваарилалт хийсэн ажээ. Гэсэн хэдий ч И-Монголиа цахим порталд шилжүүлгийн хаяг нь бичигдсэн аж. Энэ мэт тохиолдлууд олон байгаа юм.
Мөн иргэдийн гар утсанд цэцэрлэгийн бүртгэлийг хийсэн гэх зурвас ирсэн хэдий ч И-Монголиа цахим системд хүсэлт илгээгээгүй байна хэмээх иргэдийн гомдолтой холбоотой асуултад И-Монгол академи УТҮГ-ын дарга Л.Энхбат цэцэрлэгт биеэр бүртгүүлсэнтэй холбоотой гэх тайлбарыг өглөө.
Тэрбээр “И-Монголиа системээр хүсэлтээ илгээсэн хүмүүст ямар асуудалгүйгээр хариу зурвас очиж байгаа. Харин системээр орж үзэхээр хүсэлт илгээгээгүй хэмээн гарч ирж буй шалтгаан нь тухайн иргэд цэцэрлэгт биеэр очиж бүртгэл хийлгэсэнтэй холбоотой. Тодруулбал, хүүхдээ өгөхийг хүссэн цэцэрлэгтээ биеэр очиж бүртгүүлсэн тохиолдолд системд харагдахгүй байх тохиолдол бий. Ийм асуудал үүссэн иргэд https://parent.edu.mn/login портал руу хүүхдийнхээ регистерийн дугаараар нэвтэрбэл хаана, ямар цэцэрлэгт хамрагдах боломжтой нь харагдана. Цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотойгоор манай системд ачаалал үүссэн. Гэвч систем буруу ажиллах, ажиллахгүй байх тохиолдол огт гараагүй. Харин ачаалал өндөр байсан нь үнэн. Учир нь цэцэрлэгт бүртгүүлэх боломжтой 150 мянга орчим хүүхэд бий. Тэдгээр хүүхдийн эцэг эх түрүүлж бүртгүүлж, хүсэлтээ гаргавал цэцэрлэгт түрүүлж бүртгэнэ хэмээн ойлгож, системд уралдаж бүртгүүлснээс үүдэж системийн ачаалал үүссэн. Гэвч тухай бүрийд хэрэглэгчийн гомдлыг шийдвэрлэж, систем удсан ч асуудлыг шийдэж байсан” гэв.
Дээрх асуудлуудаас гадна түр оршин суугч иргэдийн хүүхдүүд болон харьяа цэцэрлэг нь улсын эсвэл хувийх гэдгээс хамаарч олон асуудлууд үүссээр байна. Тухайлбал, улсын цэцэрлэгт хамруулахаар цахим системд бүртгүүлсэн ч хувийн цэцэрлэгт хамрагдах шаардлагатай болж буй тохиолдлууд их байгаа юм. Эдгээр тохиолдлын нэг нь иргэн н.Ганзулд тохиолдсон байна.
Тэрбээр “Хүүхдүүдийг ахиад л ялгаварлаж байна. Ямар хүүхдүүд улсын цэцэрлэгт, ямар хүүхдүүд хувийн цэцэрлэгт явж байгаа юм бэ. Төлбөр төлөх байсан бол хувийн цэцэрлэгт сургаж чадах байлаа. Гэвч улсын цэцэрлэгт оруулахыг хүсэж бүртгүүлсэн. Харамсалтай нь хувийн цэцэрлэгт бүртгүүлсэн байна. Анхнаасаа хувийнх болон улсынх гэдгээр нь иргэдээс санал хүсэлт ч болтугай аваагүй шүү дээ. Одоо үнэхээр яах учраа ч олохгүй байна. Үнэхээр хувийн цэцэрлэгт өгөх байсан бол ажлынхаа ойр газарт төлбөрийг нь төлөөд сургах боломжтой. Ингэвэл төр ч оролцох шаардлага байхгүй” гэсэн юм.
Түүгээр ч зогсохгүй өнөөдөр шинэ хичээлийн жил эхэлж байхад ашиглалтад ороогүй, засвар дуусаагүй сургуульд ч хүүхдүүдийг хамруулсан байна. Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир “Зарим хороонд хэт өндөр ачаалал үүссэн. Тухайлбал, Нарны хороолол, Алтай хотхон, Офицеруудын ордон, Сонгинохайрхан дүүргийн 27, 36 дугаар хороо, Хан-Уул дүүргийн III, 15, 18, 21 дүгээр хороо гэх мэт. Мөн түрээслэхээр тохирсон газрууд тохирооноос буцах асуудал үүссэн. Түрээслэхээр тохирсон зарим газрууд бүтээгүй” гэх мэдээллийг олон нийтэд өгсөн. Тэгвэл өчигдөр Боловсрол, шинжлэх ухааны яам болон Боловсролын ерөнхий газрын Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтнүүдээс цэцэрлэгийн хүртээмж, хүний нөөц, цахим бүртгэлийг хэрхэн шийдэж, хүүхдүүдийг хуваарилж буйтай холбоотой асуудлуудад тайлбар авахыг хүссэн ч “Хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор дүүргүүдэд ажиллаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэх тайлбарыг өгцгөөж байлаа.
Товчхондоо ашиглалтад ороогүй болон засвар нь дуусаагүй сургуульд сургах боломжгүй хүүхдүүд дээр хуваарилалтын дараа сул суудал гарсан цэцэрлэгүүдэд нэмэлт элсэлт зохион байгуулснаар элсэж орох түр оршин суугчдын хүүхдүүд өнөөдөр гэртээ өнжиж байна.
Энэ байдлаас харвал цэцэрлэгийн сугалааны хэлбэрийг өөрчилсөн төдий. Цахимаар бүртгэл хийх нь өмнөх жилүүдийг бодвол дэвшилт хэдий ч цэцэрлэгийн хүрэлцээ, багш сурган хүмүүжүүлэгчдийн хүний нөөц, хэн хаана хүүхдээ сургах хүсэлтэй байгаа судалгаа хангалтгүй байгаа нь өнөөдөр олон хүүхдийг цоожтой хаалганы цаана үлдэхэд хүргэж байна.
0 cэтгэгдэлтэй