Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен-тэй уулзав
2022 оны 9 сарын 21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен-тэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен-тэй уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ үеэр Монгол Улсын “гуравдагч хөрш” Европын Холбоо, түүний гишүүн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг гэдгийг хэллээ.

Европын Холбоо нь манай улсын ардчилал, нийгмийн шилжилтийг тууштай дэмжиж, өнгөрсөн хугацаанд болон цар тахлын үеэр дэмжлэг, туслалцаа үзүүлснийг онцлон тэмдэглэв.

Дэлхий нийтийн өмнө тулгараад буй байгаль орчны доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах чиглэлд хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа хэлж, Европын Холбооны “Ойн түншлэл” хөтөлбөрт Монгол Улсыг хамруулахаар урьсанд талархал илэрхийлэв.

Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен олон улсын харилцааны өнөөгийн нөхцөл байдалд Монгол Улсын явуулж буй бие даасан, нээлттэй, энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт гадаад бодлогын ач холбогдлыг онцолж, газар зүйн байрлалын онцлогийг бүрэн ойлгож, хүндэтгэж буйгаа хэллээ.