Л.Оюун-Эрдэнэ: 2023 оны төсвийг эдийн засгийн тэнцвэрийг хангахад зориулна
2022 оны 10 сарын 6

2022.10.06-Улс төр

ЕРӨНХИЙ САЙД УЛСЫН ТӨСВИЙН ТАНИЛЦУУЛГЫГ ХИЙВ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, улсын төсвийн танилцуулгыг хийлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
-Эрхэм монгол ахан дүүс ээ, Монгол Улсын эрхэм гишүүд ээ. Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд улсын төсвийн танилцуулгыг хоёр дахь удаагаа УИХ-д танилцуулж байна. Өнгөрсөн жил та бүхний баталсан 2022 оны улсын төсөв бүхэлдээ цар тахлын хүндрэлийг даван туулахад чиглэсэн билээ. 2022 оны төсвийн бодлогын хүрээнд Монгол Улс цар тахлын үед эрүүл мэнд, эдийн засаг харилцан хамааралтай тул шат дараатай хатуу хөл хориог суллаж, энгийн амьдралдаа эргэж орох зорилго бүхий эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц бодлогыг дэвшүүлж хэрэгжүүлсэн.
Энэхүү бодлогын хүрээнд зорилтот бүлгийн иргэдийн 90 гаруй хувийг вакцины бүрэн тунд цаг алдалгүй хамруулсан эхний улсын тоонд багтсан.
Дэлхийн бусад мэргэжлийн байгууллага манай улсыг цаг алдалгүй дархлаажуулснаар 40 мянган иргэнийг болзошгүй эрсдэлээс хамгаалсан төдийгүй энгийн амьдралын хэв маягт шилжиж, эдийн засгаа нээсэн олон улсын загвар улс орны нэг болсныг онцлон тэмдэглэсэн.
2022 оны улсын төсөв эрүүл мэндийн салбарт сүүлийн 12 жилийн хугацааны нийт хөрөнгө оруулалтад тэнцэхүйц хэмжээний санхүүжилтийг шийдвэрлэсэн.
Ажлын байрыг хадгалах зээл, хүүхдийн мөнгө нэмэгдүүлсэн нь цар тахлын сорилтыг даван туулахад чухал түлхэц болсон гэж үзэж байна. 2022 оны төсвийн төслийг боловсруулж байх цаг үед эдийн засаг хасах 5.3 хувиар унасан байсан бол энэ оны эцэс гэхэд гурван хувийн өсөлттэй гарах төлөвтэй байна. Өнөөдрийг хүртэл дэлхийн олон улс цар тахлын хөл хориотой хэвээр байна. Нэг үгээр хэлбэл 2022 оны улсын төсөв тодотголын хамт цар тахлын үед түүхэн үүрэг гүйцэтгэсэн.
2022 оны улсын төсвийг баталж цар тахлын хүндрэлийг даван туулах боломжийг Засгийн газарт олгосон УИХ-ын эрхэм гишүүд та бүхэнд талархал илэрхийлье. Цар тахлын хүнд үед гаргасан шийдвэрийг ойлгож хамтран ажилласан иргэд аж ахуй нэгжүүдээ чин сэтгэлийн талархал дэвшүүлье.
2023 оны улсын төсөв эдийн засгийг тогтворжуулж макро тэнцвэрийг хангахад бүхэлдээ зориулагдаж байна.

Геополитикийн нөхцөл байдал, гадаад валютын ханшийн өсөлт, дэлхий нийтэд үүсч буй эдийн засгийн хүндрэлийг даван туулж, макро эдийн засгийг тогтворжуулах нь улс орон бүрийн амаргүй цаг үе болж байна. Дэлхий даяар хүнс эрчим хүчний огцом өсөлт, нийлүүлэлтийн сүлжээний тасалдлын улмаас сүүлийн 20-40 жил байгаагүй инфляцийн савалгаа үүсч байна. Гэвч бид нэгдмэл бодлоготой байж чадвал цар тахлын хүндрэлийг давсан шигээ олон улсын геополитикоос үүдэлтэй энэхүү сорилтыг ч мөн даван туулж чадна.

2023 оны улсын төсөв энэхүү өргөн барьсан хувилбараар батлагдвал эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрч, инфляци нэг оронтой тоонд буурна.

Мөн экспортын биет хэмжээ цар тахлын өмнөх үе буюу 2019 оны түвшинд хүрч, төлбөрийн алдагдал буурч, валютын ханш тогтворжино гэдэгт Засгийн газар бүрэн итгэлтэй байна. Макро эдийн засгийн тэнцвэр хангагдсанаар хөрөнгө оруулалт бизнесийн орчин сайжирч, иргэдийн орлого бодитоор өсөх суурь нөхцөл бүрдэнэ.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд аж үйлдвэржилтийн дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэх Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орлоо. Боомтын сэргэлтийн хүрээнд экспортын шинэ төмөр замын гарцууд шинэ хүчин чадлаар тээвэрлэлтээ эхлүүлснээр Монгол Улсын экспортын орлого түүхэндээ анх удаа 11 тэрбум.ам долларын босгыг давна гэж тооцоолж байна. Ган зэс, алтны үйлдвэрийг дэмжих бодлого явуулж аж үйлдвэрийн боловсруулалтыг нэг түвшнээр ахиулах зорилтыг нэмэгдүүлж байна. Ирэх жилийн төсөвт эрчим хүчний сэргэлтийн бодлогыг эрчимжүүлнэ.

Эрдэнэбүрэнгийн УЦС, Тавантолгойн цахилгаан станц зэрэг олон жил гацсан бүтээн байгуулалтын ажлуудыг 2023 оны төсвийн жилд багтааж эхлүүлнэ. Амгалан ДЦС, эрчим хүчний хуримтлуурын бүтээн байгуулалтыг мөн 2023 оны төсвийн жилд багтаан бүрэн ашиглалтад оруулна.

Ямар ч улстөржилт, эсэргүүцэл хөрш орнуудтай хэлэлцэн тохиролцсон томоохон төслүүдийг гацаах ёсгүйг илэрхийлж байна.

Төрийн өмчит компаниудын үр ашгийг зөв зарцуулж олон нийтийн хяналтад оруулах ажлыг ирэх онд мөн идэвхжүүлнэ. Саяхан Төрийн банкийг олон нийтийн хяналтад оруулах ажлыг амжилттай хэрэгжүүлсэн.

Хөрөнгийн биржийг олон улсын жижигт нийцсэн нээлттэй компани болох ажлыг ирэх жилийн төсвийн жилд багтаан зохион байгуулахаар төлөвлөж байна. Эрдэнэс Монгол компанийн бүтцийг өөрчилж Баялгийн санг зохион байгуулснаар нүүрс зэс өнгөт металл, эрчим хүчний төслүүдийн бүтээн байгуулалт идэвхжиж, уул уурхайн шинэ төслүүдэд гаднын шууд хөрөнгө оруулалт идэвхтэй татах нөхцөл бүрдэнэ гэж тооцлоо.

Хавтгайрсан халамжийг үе шаттай хязгаарлаж хөдөлмөрийн бүтээмжид суурилсан төрийн албаны цалингийн тогтолцоог шинээр нэвтрүүлнэ. Төрийн жинхэнэ алба хаагчийн цалингийн 160 гаруй салангид тогтолцоог 20 болгон бууруулж олон улсын жишигт нийцүүлэхээр энэхүү төсөлд тусгалаа. Улсын төсвийг тэгшитгэн хувааж, асуудлыг гал унтраах байдлаар аргацааж шилжих төслүүдийн урсгал зардалд төсвийн дарамт үүсдэг байсан тогтолцоог хална. Цаашид шинээр санхүүжүүлэх төслүүдийг “Алсын хараа 2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлж, Эдийн засгийн хөгжлийн яам хөтөлж, Сангийн яам санхүүжүүлдэг тогтолцооны реформ руу ирэх жилийн төсвөөс эхэлж шилжинэ.

Ирэх оны төсөвт нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл, үйлчилгээний чанарын асуудлыг цогцоор шийдвэрлэж, шинэ түвшинд хүргэх томоохон зорилтыг дэвшүүлж байна.

Цэцэрлэгийн сугалааны асуудлыг 2022 оны Төсвийн тодотголоор шийдвэрлэж чадсан шиг, 2023 онд нийтийн тээврийн асуудлыг шийдье.

Бид тойрогт шүтсэн тэгшитгэн хуваах зарчмаас илүүтэйгээр улс орны хөгжлийг тодорхойлох томоохон асуудлуудад төвлөрч ажиллах нь ирээдүйн Монголын хувь заяаг шийдэхэд нэн чухал юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдлын үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, бодит ажил болгоход Засгийн газар 2023 оны төсвийн жил онцгой анхаарал хандуулна. Эрүүл хүнс бол эрүүл Монгол Улс бүрдэх суурь нөхцөл төдийгүй экспорт нь 92 хувь уул уурхайгаас хамааралтай манай улсын хувьд төрөлжин хөгжих боломж бүхий эдийн засгийн хоёр дахь том салбар билээ.
Засгийн газраас 2023 оныг Монголд зочлох жил болгон зарлаж байна. Энэхүү бодлогын хүрээнд Аялал жуулчлалын үндэсний хороог Ерөнхий сайд биечлэн удирдаж, олон улсад улсынхаа нэр хүндийг өсгөхөд онцгойлон анхаарна.
Аялал жуулчлалын стандартыг эрс шинэчлэх ажлыг хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтран зохион байгуулах болно. Аялал жуулчлал бол эдийн засгийн хувьд төрөлжүүлэн хөгжүүлэх боломж бүхий гурав дахь том салбар юм.
Ирэх оны төсөвт нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл, үйлчилгээний чанарын асуудлыг цогцоор шийдвэрлэж, шинэ түвшинд хүргэх томоохон зорилтыг дэвшүүлж байна. Сүүлийн 20 жил түгжрэл гэдэг ерөнхий сэдэв ярьж, багагүй хэмжээний санхүүжилтийг тэгшитгэн хуваарилсан боловч бодит үр дүн гарсангүй. Тиймээс цэцэрлэгийн сугалааны асуудлыг 2022 оны Төсвийн тодотголоор шийдвэрлэж чадсан шиг, 2023 онд нийтийн тээврийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө хамтдаа хичээцгээе! Нийтийн тээврийн чанар, хүртээмжийг олон улсын жишигт хүргэн сайжруулж чадвал түгжрэлийн эсрэг арга хэмжээ авах дараа дараагийн суурь нөхцөл бүрдэнэ.  2023 оны төсвийн жилд багтаж, нийтийн тээврийг сайжруулах цогц арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүд Та бүхнийг идэвхитэй оролцож дэмжинэ гэдэгт итгэж байна.
Иргэд, олон нийт, аж ахуйн нэгжүүдийг ч энэ асуудалд анхаарлаа хандуулж, хамтран ажиллахыг уриалж байна.
Мөн нийтийн тээврийн зогсоолын асуудлыг нийслэл, дүүргийн төсөвт тусгаж ажиллахыг шат шатны Засаг дарга нарт үүрэг болгож, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд зөвлөж байна.
Хотын хэт төвлөрөл багасна гэдэг бол дагуул хотууд болон хөдөө орон нутгийн хөгжлийн асуудалтай салшгүй холбоотой.
2023 оны улсын төсөвт Хөшигийн хөндийн дагуул хотын бүтээн байгуулалтын дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр тусгалаа.
Орон нутгийн хөгжлийн бодлогыг дэмжих зорилтын хүрээнд орон нутгийг орон сууцжуулах дэд бүтцийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж, орон нутагт ипотекийн зээлийн хүүг гурван хувьд хүргэхээр тусгав.
Чадварлаг хүний нөөцийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд орон нутгийн төрийн захиргааны албан хаагчийн цалинг 20-100 хувь хүртэл үр дүнд тулгуурлан нэмэгдүүлэх ажлыг ирэх жилийн төсвийн жилээс эхлэн зохион байгуулна.
Орон нутагт ашигт малтмалын орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, уул уурхай эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс орон нутагт олгодог хандив тусламжийг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, иргэдийн оролцоог хангах эрхзүйн зохицуулалтыг бий болгоно.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд дулаан, цахилгаан үйлдвэрлэх шинэ төслийг орлого олж эхэлсний дараачийн жилээс эхлэн гурван жил 90 хувиар, дараагийн гурван жил 50 хувиар татварын хөнгөлөлт үзүүлнэ. Нийслэл Улаанбаатар хотоос орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлнэ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 21 аймгаас Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Орхон аймаг улсын төсөвт орлого төвлөрүүлж, бусад нь улсын төсвөөс татаас авч байна.
Цаашид аймаг бүр төсвийн орлогоо бие даан бүрдүүлэхэд чиглэгдсэн хөрөнгө оруулалтыг Засгийн газар бодлогоор дэмжих болно. Ерөнхий сайдын хувьд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд орон нутаг төсвөө бие даан бүрдүүлэхэд нэн шаардлагатай томоохон төсөл хөтөлбөрүүдийг орон нутгийн иргэдийн оролцоонд тулгуурлан шийдвэрлэх болно. Өмнө нь ажилласан аймаг, дүүргүүдийн удирдлага болон иргэдийн эрэмбэлсэн төслийн 70 гаруй хувь нь зураг төсөвгүй байна. Тиймээс эдгээр ажлын бэлтгэлийг хангах, Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 2023 оны төсөвт бүрэн тусгаж, төслүүдийн жагсаалтыг хавсралтаар батлуулахаар өргөн барив. Цаашид аймаг, дүүргүүд Эдийн засгийн хөгжлийн яам болон холбогдох бусад яамдтай хамтарч, орон нутгийн төсвөө бие даан бүрдүүлэхэд шаардлагатай томоохон төслүүдийн зураг төсөл, бэлтгэл ажлыг хангахад хариуцлагатай хандах шаардлагатай байна.
Бид цаашид тооцоо судалгаатай, нийгмийн болон эдийн засгийн бодит үр өгөөжтэй, зураг төсөвтэй хэрэгжихүйц төслүүдийг л дэмжинэ. Төрийн бодлого ерөнхийгөөс тодорхойд, бас тооноос чанарт шилжицгээе! Өнгөрсөн хугацаанд эхлүүлсэн олон төсөл хөтөлбөр байдаг ч бүрэн дуусаж, үр дүнгээ өгсөн нь хуруу дарам цөөхөн билээ. Зарим төсөл хөтөлбөр эхэлснээсээ хойш 10 гаруй жилийн хугацаанд ашиглалтад орж чадаагүй царцсан арга хэмжээнүүд ч цөөнгүй бий. Энэ нь төсөвт өртгийг хэд дахин нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын ач холбогдлыг бууруулж, төсвийн үргүй зардлыг нэмэгдүүлж, төр хувийн хэвшлийн итгэлцлийг алдагдуулсан туйлын хариуцлагагүй, дахин давтаж болохгүй алдаа юм.
Монгол Улс анх удаа 2023 оны төсөвт шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн өмнө нь эхлүүлсэн нийт төслүүдийг үр ашигтай дуусгах томоохон зорилтыг дэвшүүллээ.
2023 оны төсөв хэрэгжсэнээр өмнө нь эхлүүлсэн нийт төслийн 86 хувийг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулна. Бид олон жилийн турш төсвийн шинэчлэлийн талаар ярьсан ч тойргийн эрх ашиг, сонгуулиас сонгууль дамжсан амлалт, зураг төсөв, эдийн засгийн тооцоогүй хөрөнгө оруулалтуудаасаа салж чадалгүй өнөөдрийг хүрсэн нь гашуун үнэн билээ. Энэ агуулгаараа 2023 оны төсөв бол олон жил яригдсан төсвийн реформын чухал эхлэл цэг юм. Мэдээж 2023 оны төсөв зарим талаараа давс мэт шорвог сонсогдож магадгүй. Гэвч бид ирэх жилүүдэд улс орны нийгэм, эдийн засагт хэрэгтэй чухал төслүүдийг цаг алдалгүй богино хугацаанд хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлж буй Шинэ сэргэлтийн төсөв юм.
Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжсэнээр энэ жилийн төсөвт оны эцэс гэхэд 200 тэрбум төгрөг хэмнэгдэнэ. Ирэх 2023 оны төсвийн хөрөнгө оруулалтын болон урсгал зардал Төрийн хэмнэлтийн тухай хууль болон Цахим шилжилтийн хүрээнд нэг их наяд төгрөгөөр хэмнэгдэх тооцоолол гарч байна. Ирэх 2023 оны төсвийн жил төрийн бүтээмжийг сайжруулахын тулд Цахим шилжилтийн ажлыг улам эрчимжүүлнэ. Цахим гарын үсгийг хэрэглээнд бүрэн нэвтрүүлж, төрийн үйлчилгээний “И-Монголиа” цонхоор дамжин цахим шуудангаар төр иргэдтэйгээ шууд харилцдаг болно.
Авлигын эсрэг анхан, дунд шатны хүнд суртлын эсрэг тэмцэлд иргэн таны оруулах хамгийн том хувь нэмэр бол цахим гарын үсгээ авч, цахим шуудангаа нээж, цахим хэрэглээг эзэмших шийдвэр юм шүү! 2022 оны төсөв Дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувь буюу 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай байсан.
2023 оны төсвийн алдагдал Дотоодын нийт бүтээгдэхүүний 2.8 хувь буюу 1.5 их наяд төгрөгтэй тэнцүү байхаар тооцож, 833.5 тэрбум төгрөгөөр алдагдлыг бууруулж, өргөн барьж байна.
Төсвийн алдагдал гэдэг бол Засгийн газрын өр юм. Тиймээс цаашид төсвийн алдагдалгүй улс болж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төсвийн сахилга баттай төр засаг болохын төлөө хариуцлагаа ухамсарлаж, хамтдаа хичээцгээе. Сүүлийн хагас жилийн хугацаанд Хөгжлийн банкинд үүссэн эргэн төлөгдөөгүй зээлээс 766.5 тэрбум төгрөгийг эргэн төлүүлээд байна. Цаашид оны эцэс гэхэд нийт нэг их наяд төгрөгийг эргэн төлүүлэх болно. Ингэснээр улсын төсөвт өрийн дарамт учрах эрсдэл үүсгээд байсан 2013 онд гаргасан “Самурай” бондын 30 тэрбум иен буюу 200 орчим сая ам.долларын өрийг Хөгжлийн банк бие даан төлөх боломж бүрдэж байна. Энэхүү эргэн төлөлтийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулсан олон нийт, дөрөвдэх засаглал болсон хэвлэл мэдээллийнхэн болон хууль хяналтын байгууллагын тангараг өргөсөн албан хаагчдад Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд талархал илэрхийлье.
Улсынхаа нэрээр бонд босгож, нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг сайтар тооцоолоогүй төсөл хөтөлбөрийг сонгон шалгаруулж, улс орноо дампуурлын ирмэгт аваачсан гашуун түүх дахин давтагдах ёсгүй ээ! Товчоор дүгнэж хэлэхэд, 2023 оны төсөв эдийн засгийг тогтворжуулж, төсвийн сахилга батыг бүх шатанд хэрэгжүүлэх төсөв байх учиртай. Монгол Улсын Их Хурлын гишүүд ээ, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль, тогтоомжийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.