“Нүүрсний хэргийг шалгасан нь олон хүний эрх ашгийг хөндсөн”
2022 оны 11 сарын 9

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дараах мэдээллийг өгөв:

-Нүүрсний гэх хэргийг удахгүй шүүхэд шилжүүлнэ. УИХ-ын гишүүн асан С.Энхболд анх энэ хэргийг дэлгэсэн. Өмнөх парламентын үеэр УИХ-ын ажлын хэсэг газар дээр нь буюу “ЭТТ” ХК-ийн талбайд ажилласан. Ингээд орон нутгийн “ТТ” ХК “ЭТТ”-н талбайгаас нүүрс авч ачуулсан, зэргэлдээ орших хоёр компанийн талбайд уулын ажлын хүндрэлтэй байдлын улмаас нүүрс ашигласан гэж тайлбарласан.

Энэ дагуу цагдаагийн байгууллагад өргөдөл гарган, эрүүгийн хэрэг үүсгэсэн. Үүнээс хойш манай хилээр гарч буй болон хятадын гаалийн мэдээ зөрсөн. Албан тушаалтнуудтай үгсэн хуйвалдаж, улсын хилээр нүүрс гаргасан нэг үйлдлийг таслан  зогсоосон. Одоо  мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэв.


Бид өмнө нь алдаатай статистик тоон мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулдаг байжээ. Өнгөрсөн хавар батлагдсан шинэ хуулийн хүрээнд бүх зөрчлийг цаасаар биш цахимаар шалгах бэлтгэл ажил дууссан. Энэ ажлыг өнөадөр Засгийн газрын хурлаар танилцуулав.

Жилд 1.3 сая зөрчил бүртгэдэг гэж бид мэдээлдэг байв. Нэгдсэн системтэй болсноор жилд 2.3 сая зөрчил шалгадаг, 12 мянган хүн эдгээр зөрчлийг шалгадаг нь тодорхой болов. Тэд зөрчил шалгах бүрдээ прокурор руу явж, зөрчлийн дугаар авдаг байв. Ирэх оноос эхлэн эдгээр ажилтнууд таблетаараа зөрчлийн дугаар авдаг болно. Бүх ажил 100 хувь цахим болно. Одоо андройдод суурилсан байдалтай байна. Apple компанид хандан, энэ аппликйэшнээ бүртгүүлнэ. Үүнд хугацаа шаардлагатай.

Ирэх оны эхний хагаст цахимаар зөрчлийн шалгалтыг бүрэн хийж, ямар нэг алдаагүйгээр, хэвийн болгох юм. Дараа нь эрүүгийн хөнгөн хэргийг ч цахимаар шийддэг болох зорилготой. Ингэснээр хөнгөн шуурхай үйлчилдэг болно, шүүхийн цахим системийг одооноос судалж байна.

Маргаашаас зөрчил хянан шалгах ажиллагааг цахимаар туршина. Програм хангамж, техникийн асуудал үүсэж болзошгүй. 2023 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн ажилтан руу удирдлага нь зөрчлийн хэргийг мөн цахимаар хуваарилж эхэлнэ гэв.

Х.ОЧ