Б.Жавхлан: Ирэх онд шинэ хөрөнгө оруулалт хийхгүй, өмнөхүүдээ дуусгана
2022 оны 11 сарын 17

УИХ-ын чуулганы өнөөдөр (2022.11.11)-ийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийг эцэслэн батлав. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. 


“Боловсрол, дэд бүтцийн салбарт 2023 онд томоохон хөрөнгө оруулалтууд үргэлжилнэ”

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-УИХ-аас 2023 оны төсвийг соёрхон баталлаа. Төсвийн хууль ирэх оны 1-ний өдрөөр хэрэгжиж эхэлнэ. Сая УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Ирэх долоо хоногийн Даваа гаригт сэтгүүлч та бүхнийг яаман дээрээ урьж байна. 2023 оны төсвийг задалж, нэлээн дэлгэрэнгүй байдлаар танилцуулахаар төлөвлөж байна.

Нийгмийн чиглэлийн гол гурван яам болох Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамгийн том урсгал зардал болон төсвийн хөрөнгө оруулалтын зардалтай байдаг. Тухайлбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд дээр нийгмийн даатгалын бүх багц байна. Дээрээс нь хүүхдийн мөнгө мөн Халамжийн хуульд орж шинэчлэгдсэнээр нийтдээ 5.4 их наядын урсгал зардалтай байх жишээтэй.

Боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалтууд үргэлжилнэ. Дэд бүтцийн салбарт, ялангуяа Зам, тээврийн хөгжлийн яам дээр энэ онд болон өмнөх онд эхэлсэн замын хөрөнгө оруулалтууд шилжих байдлаар үргэлжилнэ. Тийм учраас бид 2022 онд аль болох хөгжлийн эдийн засгийг дэмжих хөрөнгө оруулалтын багцыг баталсан, жил үндсэндээ дуусч байна, гүйцэтгэл гаргах дөхөж байна. Энэ онд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хийгдэж буй боомтын бүтээн байгуулалтууд, хөрөнгө оруулалтууд ирэх онд үргэлжилнэ.

Засгийн газраас есдүгээр сарын 29-ний өдөр УИХ-д төсвийн хуулийн төслийг өргөн барьсан. Ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтуудын 86 хувь нь буюу 1069 төслөөс 916 нь ирэх онд дуусахаар өргөн барьсан. УИХ энэ дээр томоохон өөрчлөлт оруулсангүй. Энэ багцаар нь дэмжиж баталлаа. Хөрөнгө оруулалтын бодлогын хувьд томоохон тохиргоо хийсэн жил байх болно. Шинэ хөрөнгө оруулалт байхгүй. Ялангуяа 2018, 2019 оноос хойш дуусаагүй шилжиж, өнөөдрийг хүртэл явж буй хөрөнгө оруулалтууд хамгийн их төвлөрөх жил ирэх жил юм. Эдгээрийг дуусгаж чадахгүй бол цааш цаашдаа хүний нэмэгдэл юм уу, бусад эрсдэлд орж болзошгүй үргэлжлээд явах учраас ирэх жил аль болох хуримтлагдсан хөрөнгө оруулалтуудыг бушуухан дуусгаж авах нь бодлогын гол цөм байх болно.

Энэ жил бидэнд нүүр тулж буй хамгийн том эрсдэл бол төлбөрийн тэнцэл

Сүүлийн хоёр жилд Covid-19 цар тахлын нөхцөл байдлын үед хил нэлээд хаалттай, экспорт хязгаарлмагдмал байдалтай байж таарлаа. Өөрөөр хэлбэл, бид төлбөрийн тэнцэл дээрээ хоёр жил алдагдал хүлээсэн. Энэ алдагдлууд нэлээд хуримтлагдлаа. Энэ жилийн хувьд гуравдугаар улирлаас эхлэн 2019 оноос гаргаж байсан экспортын хэмжээндээ хүрч чадсан. Энэ эрчээрээ явбал бидэнд төлбөрийн тэнцлийн алдагдлаа нөхөх бүрэн боломж бий.

Ирэх жил хүүхдийн мөнгийг илүү зорилтот бүлэг рүү шилжүүлж, нийт хүүхдийн 90 хувьд олгоно. Тодруулбал, 2023 онд хүүхдийн 100 мянган төгрөгийг сарын 3.5 саяас доош орлоготой өрх авна.

Энэ жилийн экспорт нэмэгдэж буйг тоогоор илэрхийлбэл, өнгөрсөн тавдугаар сард төсвийн тодотгол хийгдэхэд 18 сая тонн нүүрс гаргана гэж тодотгосон бол өнгөрсөн есдүгээр сарын байдлаар үндсэндээ 19 сая тонныг гаргаад байгаа юм. Жилийн эцэс гэхэд 23 сая тонн нүүрс гаргах боломж нь бүрдсэн. Энэ хурдаараа бид ирэх онд 36 сая тонн нүүрс гаргах бүрэн боломжтой.