₮19 их наядын орлого олж, ₮20.4 их наядын зарлага гаргах 2023 оны төсөв батлагдлаа
2022 оны 11 сарын 15

УИХ-ын чуулганы 2022 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн тухай хуулийг эцэслэн баталлаа. Ингэснээр ирэх онд  19 их наяд 49 тэрбум 600 сая төгрөгийн орлого олж, 20 их наяд 475 тэрбум 300 сая төгрөг зарлага гаргах тооцоолол бүхий төсөв хуульчлагдлаа.

Засгийн газраас анх өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд орлогыг 18 их наяд 921 тэрбум 900 сая төгрөг байхаар тооцож тусгасан бол хэлэлцүүлгийн явцад орлогыг  19 их наяд 49 тэрбум 600 сая төгрөг болгож өсгөсөн юм. Ингэснээр төсвийн алдагдлыг 1.5 их наядаас 1.4 их наяд болгож, 100 гаруй тэрбумаар бууруулсан гэж тодотгосон.

Төсвийн алдагдал гэдэг бол эргээд улсын өрийг нэмэгдүүлдэг. Ирэх оны төсвийн алдагдлын 1 их наядыг Засгийн газрын үнэт цаасаар, 417.5 тэрбум төгрөгийг Засгийн газрын зээлээр,   132.7 тэрбум төгрөгийг Тогтворжуулалтын сангийн хуримтлагдсан үлдэгдлээс  нөхнө гэж Засгийн газраас мэдэгдсэн юм.

2023 оны төсвийн орлогыг энэ оныхоос 3.5 их наядаар, зарлагыг 2.5 их наядаар өсгөсөн хувилбараар баталж байна.

Тодотгоход, 2012-2022  он хүртэлх  10 жилийн найман жилд нь Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хуулийг тодотгож өөрчилж байжээ. Зарим жилд хоёр удаа өөрчлөлт оруулж байв. Ихэвчлэн хэт өөдрөг төсвийн орлогын зорилттой төсвийн төсөл өргөн барьснаас төсвийг тодотгох шаардлага үүсдэг. Тодотголоор төсөвлөсөн зардлаа танах, эсвэл төлөвлөөгүй зардлуудыг нэмэлтээр тусгадаг. Өөрөөр хэлбэл, төсвийн орлогын төсөөлөл, төлөвлөлт хангалтгүйгээс Засгийн газар зорилгодоо хүрэх нөөц боломжоо бүрэн ашиглаж чадахгүйд хүрдэг. Улсын төсвийн орлогын төсөөллийг бодитой хийдэггүй,төсвийн зардлын дунд хугацааны уялдаа байхгүй байна гэж Нээлттэй нийгэм форумын дэргэдэх Төсвийн зөвлөлийн судлаач, эдийн засагчид сануулдаг. Түүнчлэн 2023 оны төсвийг ч тодотгох нөхцөл байдал хүлээж буйг үгүйсгэх аргагүй юм.

Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын төсвийн орлого, зарлагын хэмжээ хэрхэн өөрчлөгдсөн бэ, хэзээ тодотголууд хийгдэж байсан бэ гэдгийг дараах хүснэгт мэдээллээс харна уу.


НЭГДСЭН ТӨСВИЙН ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ОРЛОГО, ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР


НЭГДСЭН ТӨСВИЙН НИЙТ ЗАРЛАГА, ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР