Т.Доржханд: Нууцлаад байгаа гэрээнүүдийг ил болгоё
2022 оны 11 сарын 17

Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд өнөөдөр нүүрсний хулгайн талаар мэдээлэл хийлээ.

-Засгийн газар бол эрх барьж буй намын төлөөлөл. УИХ-д харин гурван намын төлөөлөл бий. Нүүрсний асуудлыг иргэдэд ойлгуулж чадвал хулгай зогсох боломжтой. 2013 онд нүүрсний хулгай гарахад 430 мянган тонн нүүрс хулгайлагджээ. Үүнийг  хоёр улсын гаалийн байгууллага тогтоочхоод байхад прокурор дээр хэрэгсэхгүй болсон гашуун жишээ бий. Хулгай улам гаарч, сүүлийн 10 жилд 6.5 сая тонн нүүрсний хулгай гарсан. Өөрөөр хэлбэл, 6.5 сая тонн нүүрс гэдэг бол одоогийн ханшаар 6.5 тэрбум доллар бөгөөд 20 их наяд төгрөг шүү дээ. Гэтэл Хөгжлийн банкны хулгай хоёр  их наяд. Хөгжлийн банкны хулгайгаас арав дахин их гэсэн үг. Үүнийг нийгэмд ойлгуулж, мартагдуулахгүй байх хэрэгтэй юм. Нүүрсний дөрвөн төрлийн хулгай байгааг дурдаж, үүсээд буй нөхцөл байдал, шаардлагатай мэдээллийг авахаар Ерөнхий сайдад асуулга хүргүүлж байгаагаа мэдэгдэв.

Нэгдүгээрт, офтек гэрээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн борлуулалтын 20 хувь нь офтек гэрээгээр хийгджээ. Энэ нь нүүсний уурхайн ам нөхцөлөөр буюу зах зээлийн үнээс 10-20 хувь хямд нөхцөлөөр гэрээ байгуулаад, компаниудад өгдөг. Тэдгээр нь цаашаа Хятадын худалдан авагч нарт өсгөж зардаг.

Ирэх жилийн төсөвт 36 сая тонн нүүрс борлуулахаар тусгасан. Хэрэв энэ бүх нүүрсийг “Эрдэнэс Тавантолгой” дангаараа гаргадаг байсан бол зах зээлийн үнээс 10 хувь хямд гэвэл 360 сая ам.доллар, 20 хувь гэж үзвэл 720 сая ам.долларын алдагдал үүсэхээр байгаа.

Хоёрдугаарт, гаалийн мэдээлэлд тусгагдаагүй хулгайлагдсан нүүрсний асуудал. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 6.4 сая тонны нүүрсний хулгай буюу Монголын гаалийнхан мэдэхгүй, БНХАУ-д бүртгэлтэй нүүрсний асуудал бий.

2013 онд хоёр улсын Засгийн газар ажлын хэсэг гаргаад тоогоо тулгахад 430 мянган тонн нүүрс алдагдсан байна. Энэ асуудлаар хуулийн байгууллагад хандсан ч хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Ингэж болдог юм байна гэсэн хандлагаар явсаар 6.4 сая тонн нүүрсний асуудал үүссэн. Энэ нь хамгийн багадаа 6.4 тэрбум ам.долларын хулгай хийгдсэн гэсэн үг.

 

Гуравдугаарт, нүүрсний тээврийн бизнес. Олон улсад онгоцоор нэг цаг нисэхэд 100 ам.доллар, гурван цаг нисэхэд 300 ам.доллар байдаг. Гэтэл манайх ердөө 30 км замд нэг тонн нүүрсийг 400 ам.доллар тээвэрлэсэн гэдэг нь бодитой байна. Бид тээврийн зардлыг бууруулж, аль болох илүү нүүрс зараад зөрүү орлогыг нь улсын төсөвт оруулна гэсэн агуулгаар төмөр зам тавьж байгаа. Хэрэв онгоцны үнээр нүүрс зөөдгийг хязгаарлахгүй бол энэ зах зээлд хожигдоно.

Монголын нүүрс Хятад руу, Хятадаас Европ руу гарахдаа тонн тутам нь 400-500 ам.доллароор зарагдаад байна гэх мэдээлэл надад ирсэн. Үүнийг бид өөрсдөө хийж чадаагүй нь төмөр замаа бариагүйтэй холбоотой.

Эрх мэдэлтэй дарга, УИХ-ын гишүүн байсан нөхөд тээвэр хийж, ашгаа тэндээсээ авч байгаа. Худалдан авагч Хятадын талын ард ч гэсэн манай эрх мэдэлтнүүд байгаа гэдэгт би итгэж байгаа. Үүнийг зогсоож шийдвэрлэхгүй бол экспортын орлого байхгүй болно.

“Их-20”-ын уулзалтаар Австрали, Хятадын харилцаа сэргэх байдалдаа орлоо. Сүүлийн гурван жилд Хятад Австралиас нэг тонн ч нүүрс аваагүй. Харин одоо Австралиас нүүрс ороод эхэлбэл бидний ирэх жилийн өөдрөг төсөөлөл газарт буурна. Хятадын нүүрсний зах зээлд өрсөлдөөн улам ширүүссэн. Бидэнд ирэх жил 36 сая тонн нүүрс нийлүүлэх боломж байхгүй.

Дөрөвдүгээрт, төмөр замын хулгай. “Эрдэнэс Тавантолгойн”-н эх үүсвэрээр санхүүжилтийг хямд нүүрсээр авч, түүнийг нууцлаад, төмөр зам тавьж байна. Хоёр төмөр зам тавьсан. Нэг нь зүүн тийш, урагш. Гэтэл урагшаа тавьж буй төмөр замын санхүүжилт нь зүүн тийш тавьснаасаа 3-4 дахин өндөр байна гэсэн мэдээлэл ирж байгаа” гэсэн юм.

Тооцож үзвэл 30-40 их наядын хулгай хийгджээ. Үүнийг бид одоо зогсоох хэрэгтэй.  Уг асуудлыг УИХ дээр нээлттэй, ил тод хэлэлцүүлье.  Асуудлыг шийдэхгүй байгаа хуулийн байгууллагуудад шахалт үзүүлье. Нууцлаад байгаа гэрээнүүдийг ил болгоё. Зүй нь төрийн өмчийн компаниудыг хувийн сектор руу оруулах, олон нийтийн компани болгох юм.  “Эрдэнэс Тавантолгой” цаашлаад “Эрдэнэт” гээд уул уурхайн чиглэлээр байгуулагдсан бүх төрийн өмчийн компаниудыг олон нийтийн оролцоотой компани болгож, хувийн менежментэд оруулахгүй бол энэ хулгай цаашид  ч үргэлжилнэ. Үр дүнд нь Монгол Улс авлигалдаа живсэн, ард иргэдийн амьдрал доротойж,  залуус  нь гадагшаа явсан ийм л дүр зураг бидний өмнө байна.

Мөн тэрбээр “Хулгайн дараа хариуцлагын маш олон асуудал яригдана. Ерөнхийлөгч байсан, УИХ-ын дарга, дэд дарга байсан хүмүүс, Ерөнхий сайд, Засгийн газрын сайд байсан гээд маш олон хүн холбогдсон байгаа. Үүнд хатуу байр суурьтай байх ёстой” хэмээв.