ЗГ: Гадаадын хөрөнгө оруулагчдын 38 гомдлын зургааг нь шийдсэн
2022 оны 11 сарын 23

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2022.11.23/ танилцууллаа.


Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Баян-Өлгий аймгаас хойш 65 километрт орших Цагааннуур чөлөөт бүсийг байнгын ажиллагаатай болгох шийдвэрийг гаргалаа. Ингэснээр БНХАУ-аас ОХУ-руу чиглэсэн ачаа тээвэрлэлт эхэлсэн. Ингэснээр тэнд тээвэр ложистикийн төв, худалдааны төв, үйлдвэрлэлийг байгуулж болно. Баруун аймгуудын махыг дулааны аргаар бэлтгэж, экспортлох боломжтой. Европоос гарсан ачаа Цагааннуурын боомтоор орж ирэхэд 200 километр зам татуу байж цаг хугацаа, зардал хэмнэнэ.

Мөн гадаадын хөрөнгө оруулагчдын гомдол саналыг шийдвэрлэх талаар хэлэлцлээ. Манай яаманд гадаадын хөрөнгө оруулалт, худалдаа хариуцсан агентлаг байгуулагдаж буй. Монголд хөрөнгө оруулсан гадаадын иргэдийн гомдлыг хэлэлцэж, Гадаад харилцааны яам болон Эдийн засаг хөгжлийн яаманд нийт 38 аж ахуй нэгжээс гомдол ирж, зургаа нь шийдэгдсэн.

Тодруулбал, Герман улсаас найм, Канадаас дөрөв, Японоос гурав, Казахстанаас хоёр, Тайландаас хоёр, Их Британиас нэг, Франц нэг, БНХАУ-аас гурав, БНСУ-аас гурав, Австри хоёр, АНУ болон Болгар, Швейцариас тус тус нэг гомдол ирсэн. Төрийн байгууллагуудтай байгуулсан гэрээний хэрэгжүүлттэй холбоотой найм, төлбөр тооцоо залилан дөрөв, бүртгэлийн маргаан хоёр, тусгай зөвшөөрөл цуцалсан дөрөв, хяналт шалгалттай холбоотой хоёр, татварын маргаан хоёр, эс үйлдэхүй хоёр, газрын төлбөрийн маргаан нэг, орон нутагтай холбоотой нэг, хууль хүчний байгууллагатай холбоотой нэг, худалдаа үйлчилгээний төлбөртэй холбоотой дөрөв байна. Холбогдох хүмүүст шийдвэр гаргаж шийдвэрлэх үүрэг өгсөн.

“ТӨМӨР ЗАМ ДООГУУР НҮХЭН ГАРЦ БАРИХААР БНХАУ-ААС 30 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВНА”

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар:

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсэх БНХАУ-д айлчилна. Энэ үеэр Улаанбаатар хотод төмөр зам доогуур автозамын нүхэн гарц барих төслийн зээлийн хэлэлцээрийг байгуулна. Сангийн сайд Б.Жавхлан эрх олгосон Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо. Тухайлбал, Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч буй төмөр замын хойд тал буюу Энхтайваны өргөн чөлөөний зам ачаалал ихтэй. Энд шинээр дөрвөн газар нүхэн гарц барина. Тодруулбал, Таван шар дахь тавдугаар баазын нүхэн гарц, Геологийн төв лабораторийн нүхэн гарц, Гермесс төвөөс төмөр замын зоорь хүртэл нүхэн гарц, Нарантуул захын чиглэлд 30 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулж, ирэх жилээс ажлаа эрчимжүүлнэ. Одоо бас ажил нь үргэлжилж байгаа бөгөөд ойрын гурван жилд ажил дуусна. Ингэснээр Энхтайваны өргөн чөлөөний автозамын ачаалал 20 хувь хүртэл буурна. Энэ нүхэн гарцын асуудлыг олон удаа ярьсан.

Мөн өмнө нь Г.Сайханбаяр сайдад Засгийн газраас үүрэг өгсөн. Үүнд, хотын цэргийн хүрээний анги нэгтгэлийг шат дараатайгаар нүүлгэн шилжүүлэх ажил юм. Иргэдийн орон нутагт амьдрахыг дэмжих асуудал байна.