Б.Бат-Эрдэнэ: Байгаль орчны сайд газар олгохгүй
2022 оны 11 сарын 25

УИХ-аар Газрын ерөнхий хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

Тухайлбал, “Бэлчээрийг хэрхэн малчдад ашиглуулах, Богдхан ууланд хэдий хэмжээний газар олгогдсон бэ” гэдгийг тодруулсан юм.

Ажлын хэсгээс өгч буй мэдээллээр “Бэлчээр нь нийтийн өмч тул ашиглуулахаар Газрын ерөнхий хуульд тусгаж өгсөн. Одоогоор 600 мянга гаруй га талбай отрын бүсэд хамаардаг, шинэ хууль батлагдсанаар отрын бүсийн талбай 20 орчим хувиар нэмэгдэнэ. Отрын бүс нутгийг ашиглахдаа малчид аймаг, орон нутагтай зургаан сарын гэрээ байгуулна. Хилийн бүс нутагт газрыг ашиглах бол хоёр талдаа 5 км зайд орших ус цэг, бэлчээрийг харилцан ашиглана.

Богдхан ууланд 2730 барилга баригдсанаас 336 нь өндөр барилга, бусад нь намхан барилга. Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн ирүүлсэн дүгнэлтээр Богдхан уулын тусгай хамгаалалттай газарт 311 иргэн, аж ахуй нэгжид зориулалтын бус газар олгосон байдаг. Газрыг үе үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нар олгосон. Аялал жуулчлалын зориулалтаар газар олгох ёстой байтал амины, зуслангийн зориулалтаар голчлон газар олгосон байдаг ажээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Төрийн өмчит байгууллагын хичнээн га газрыг хууль зөрчин бусдад шилжүүлсэн талаар судалгаа байна уу. Сургууль, эмнэлгийн газрыг булааж авдаг асуудал хэрээс хэтэрлээ. Хуулийн төсөлд энэ асуудлыг хориглох талаар хэрхэн тусгасан бэ?

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар: Судалгаагаар төрийн өмчит сургууль, цэцэрлэг, төрийн өмчийн байгууллагаас 106 газрыг бусдад шилжүүлсэн байдаг. Сургууль, цэцэрлэгийн газраас тухайн захирлынх нь зөвшөөрөлтэйгөөр газрын албанд хандаж газрыг гаргасан тохиолдол өнгөрсөн хугацаанд гарсан. Газрын ерөнхий хуульд энэ асуудлыг хориглосон. Боловсролын байгууллагын газруудыг нэгдсэн кадастрт оруулж, шилжүүлэхийг хориглосон. Эрүүл мэндийн байгууллагын газрыг ч мөн адил бусдад шилжүүлэхийг хориглосон. Төрийн өмчит компаниудын газрыг бүртгэлжүүлж, кадастрт оруулна. Кадастарт оруулснаар өөр аж ахуйн нэгж, иргэнд газраа шилжүүлэхийг хориглоно.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Зайсан, Яармаг, Богд уул орчмын газрыг аялал жуулчлалын зориулалттай газар байна гэсэн хэрнээ орон сууц барьсан. Орон сууцнууд нь гэрчилгээ байхгүй учраас банкинд тавьж, эх үүсвэр татах боломжгүй 30 жил яваад ирлээ. Үр дүнд нь эдийн засгийн боломжоо алдаад байгаа. Авлигыг нь өгөөд барилгаа барьсан компаниудын асуудал ч байна. Хариуцлагын асуудал яаж явах вэ. Ийм газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаа яаж харж байна вэ, хэн хариуцах юм бэ. Үнэ цэнэтэй газарт Байгаль орчны яам нь зөвшөөрөл өгчихдөг, нэг ч музей байдаггүй. Богд уулаа тойроод битүү байшин, сургууль, цэцэрлэг байдаггүйгээс түгжрэл бий болдог. Газрын зөвшөөрлийг Байгаль орчны яам үргэлжлүүлэн олгох юм уу, олгох бол зөв үү.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Богдхан уулын дархан цаазат газарт газар олголт хийсээр ирсэн. Миний хувьд сайдын албыг хүлээн авснаас хойш 150 нэгжийн 22 га газрыг цуцалсан. Нүхтийн ам, Залаалтын ам гэхчлэнгээр газар олголтуудын бүрэн зогсоосон. Түргэний аманд хилийн цэстэй холбоотой маргаан бий, Богдхан уулын тусгай хамгаалалттай бүс нутгийг 5594 га газраар тэлсэн.

Нэгэнт газар аваад барилга барьсан бол эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэж үзэж байгаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам цаашдаа газар олголт хийхгүй, байгалиа хамгаалах статусаа барина.

Цаашдаа бол Барилга хот байгуулалтын яам,  Газрын харилцаа, геодези зураг зүйн газар, Нийслэл нэгдсэн газрын сангаараа явах ёстой гэдэг нэгдсэн байр суурьтай байна.

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар: Улаанбаатар хот нь 0.01 хувь газартай, тэлэх гээд ярьдаг ч зүүн тийшээ тэлье гэхэд Хонхор луу цэвдэгтэй. Баруун хойшоо тойроод гэр хороолол байгаа. Яармаг руу явсан тэлэлт цаашдаа Морингийн даваа, Хөшигийн хөндий гээд явна. Төвийн зургаан дүүргийн 45 хувь нь л дэд бүтэцтэй. Байгаа дэд бүтэц дээрээ л барилга барьж байгаа. 30 жилд дэд бүтэц хийгээгүйн үр дүн.

Тиймээс газар, дэд бүтцээсээ шалтгаалж, өндөр барилга баригдаж байна. Яармагийн хэсэгчилсэн төлөвлөлт гэж байдаг ч мөрдөгддөггүй.

УИХ-ын гишүүн Т.Дорхжанд: Цаашдаа Байгаль орчин, аялал жуулчлалын яам газар өгөхгүй, байгалиа хамгаална гэдэг байр суурин дээрээ тууштай байгаарай. Олон улсад газрыг дуудлага худалдаагаар зардаг. Дэд бүтэцтэй байж, газар үнэтэй байдаг. Б.Мөнхбаатар сайдын ярьдаг үнэн. Төсөв дээр дэд бүтцийнхээ анхны эх үүсвэрийг суулгаж өгөх ёстой, асуудлыг шийддэггүй нь төвлөрлийг бий болгосон.