Ц.Ариунболд: Нүүрсний гэх 21 хэргийг мөрдөн шалгаж байна
2022 оны 12 сарын 8

Төрийн ордны Их танхимд Авлигатай тэмцэх газар, шүүх, прокурорын байгууллагаас нүүрсний хулгайтай холбоотойгоор жагссан иргэдийн тавьсан шаардлагын дагуу мэдээлэл өглөө.

“ХЯТАДЫН ЗАСГИЙН ГАЗАРТ МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ ХҮСЭЛТЭЭ ЯВУУЛСАН, ХАРИУ ХҮЛЭЭЖ БАЙНА”

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР:

-Жагсагчдаас 100 хүнийхээ нэрийг өгөөч гэхэд боломжгүй гэдэг хариу өглөө. Маргааш 12 цаг гэхэд нэр холбогдсон хүмүүсийнхээ нэрсийг өг, үгүй бол үргэлжлүүлж жагсана гэв. Бид хуультай. Хэн нэгнийг мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байхад буруутай гэж шүүж, зарлаж болохгүй. Энэ бол хүний эрхийг дордуулсан хэрэг. Тиймээс хэдүүлээ энэ ажлаа эрчимжүүлье. Засаг газрын мэдээллүүдийг шуурхай гаргаж, бусад улс оронтой мэдээлэл солилцох зэргээр ажлын хэсэгтэй хамтран ажиллана. Хөдөө аймаг орон нутгаар эрүүгийн хэрэг мөрдөгчдийг нэмж ажиллуулъя гэсэн саналыг хэлэх гэж өнөөдөр прокурор, ажлын хэсэг, Авлигатай тэмцэх газар, цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөн шалгагч нарыг цуглуулсан юм.

Өнөөдөр Ажлын хэсгийн хуралдаанд Хил хамгаалах ерөнхий газрын дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэн, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал нар албаны хүмүүстэйгээ ирсэн байна. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат дарга нар ирсэн. Маргаашаас ажлаа эрчимжүүлье. Бид мөрдөн шалгах ажиллагаанд оролцохгүй. Хуулиараа хориотой. Мөрдөх байгууллага буюу цагдаа АТГ-ын мөрдөх алба, түүнд хяналт тавьж буй прокурорууд өнөөдөр ирсэн байна.

Ерөнхий сайд дөрөв, таван чиглэл рүү мөрдөн шалгах ажиллагаа хийх нь зүйтэй болов уу гэсэн санал хэлсэн. Нэгд, нүүрсний гэрээнүүд давуу байдал үүсгэсэн үү, улсад хохиролтой байдлаар нүүрсний гэрээ хийж үү, үгүй юү, хоёрдугаарт, их хэмжээний худалдан авалт хийхдээ төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа худалдаж авах журмыг ноцтой зөрчсөн үү, мөн тээвэрлэлт хууль ёсны дагуу явагдаж байна уу, авто тээвэр эрхлэгчдийн эцсийн өмчлөгчдийг олж тогтоогооч ээ, энэ хүмүүс их хэмжээний орлого олоод, улсад татвараа төлсөн үү, хилээр хууль бусаар гарсан гэж яригдаад байгаа, бүртгэлгүй гэсэн нүүрсний тоо хэмжээг хууль хяналтын байгууллагууд маш хурдан гаргаж өгөөч ээ, үүнд холбогдсон албан тушаалтнуудын нэрсийг маш хурдан гаргаж өгөх тал дээр та бүхнийг дэмжлэг үзүүлж, гадаа байгаа иргэдийн бухимдал шаардлагад нийцүүлж, гэхдээ хуульд зааснаар хэн нэг хүнийг хэлмэгдүүлэхгүй байдлаар энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагааг хурдасгаж өгөөч ээ гэсэн хүсэлт тавьж байгаа юм.

Хятадын Засгийн газартай мэдээлэл солилцох хүсэлтээ явуулсан, хариу хүлээж байна. Энэ хэрэгт холбогдсон улстөрчдийн нэрийг, цаашдын мөрдөн шалгах ажиллагаанд саад болохооргүй бол ил болгох талаар ярилцана. Нүүрсний хэрэг дээр одоогоор дөрвөн хэрэг үүсгэн шалгаж байна.

Зарим жагсагчид шууд нэрийг нь зарла гээд байгаа юм. Би мэдэхгүй байна. Харин хэвлэлээр явж байгаа нэрсийг нь мэдэж байна. Аль дээр “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн нартай холбоотой хэрэг яригдаж л байсан. Би бол 21 хэрэг дээр хэн, хэн шалгагдаж байгааг мэдэхгүй байна. Ерөнхий сайд таван чиглэлд шалгалтаа эрчимжүүл гэдгийг хэлсэн. Түүнээс шууд заагаад, гэм буруутай гээд хүн яллаж болохгүй. Гадаа байгаа хүмүүст тийм ойлголт өгөөд бухимдуулаад байна шүү дээ.

Шууд таамгаар энэ энэ хүн гээд буудаж болохгүй биз дээ. Тиймээс энэ хүмүүсийн ажлыг эрчимжүүлье, тоог нь нэмж өгье, машин тэргийг нь гаргаж өгөхөөр сууж байна. Би сайдаар ажиллах хугацаандаа хэн нэгнийг хэлмэгдүүлж, шоронд суулгаж чадахгүй. Өнөөдөр алдагдсан нүүрсний тоо хэмжээг мэдэж байгаа ганцхан хүн Монгол Улсад байгаа нь Т.Доржханд гишүүн. Т.Доржханд анх 40 их наяд төгрөгийн хулгай хийгдсэн гэж анх зарласан.


“НАЙМАН ХЭРЭГТ 40 ГАРУЙ ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙГАА БОЛ ГУРВАН ХЭРЭГТ ХОЛБОГДОХ 20 ХҮНИЙ ХЭРГИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛСЭН”

Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.АРИУНБОЛД:

-Нүүрсний хулгайтай холбоотой хэрэг бүртгэл, мөрдөн байцаах ажил үргэлжилж байна. Үүнтэй холбоотой 21 хэрэг бий. Нүүрсний хэргээс гадна авлига албан тушаал, мөнгө угаахтай холбоотой хэргээр шалгаж байна. Өнөөдрийн байдлаар 8 хэрэгт 40 гаруй хүнийг шалгаж байгаа бол 3 хэрэгт холбогдох 20 хүний хэргийг прокурорт шилжүүлсэн. Мөрдөн байцаах ажиллагаа олон хэсэгт нотлох баримт цуглуулах шатандаа явж байна. Нотлох баримтад тулгуурлан яллагдагчаар татдаг. Баримтад тулгуурлан яллагдагчаар татах боломжтой бол Прокурор авч хэлэлцэнэ. Улмаар шүүхэд шилжүүлж, шийдвэр гарсны дараа гэм буруутай эсэх нь тогтоогдоно. Тиймээс одоогоор хэн нэгнийг шууд гэм буруутай гэж зарлах боломжгүй. Мөрдөх байгууллага, прокуророос БНХАУ руу хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу хүсэлтээ хүргүүлсэн.

БНХАУ-ын хил гаалийн байгууллагуудад туслалцаа, дэмжлэг үзүүлэх, өөрөөр хэлбэл мэдээллүүдийг түргэн шуурхай ирүүлэх хүсэлтүүдээ тавьсан. БНХАУ туслалцаа үзүүлэхэд бэлэн байна гэдгээ хэвлэл мэдээллээр илэрхийллээ гэж ойлгосон. Бидэнд энэ нь хэргийг шалгахад тус дөхөм болох болов уу.

Хэрэг мөрдөн байцаах шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдана. Хятадын талаас 2011 онд хэчнээн машин гарсан, ямар дугаартай машинууд байсан бэ гэсэн тоон мэдээллүүд авна. Мөрдөх байгууллагуудад цугласан нотлох баримтуудтай тулгаж үзнэ. Хэрэг бүртгэлтийн ажиллагаа, бусад ажиллагаанууд хийгдэж байна.

ХЗДХ-ийн сайд саналаа хэлсэн болов уу? гэж ойлгож байна. Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаа Эрүүгийн хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу явагдана. Мөрдөгч хуулиар хүлээсэн чиг үүргээ бие дааж хийх ёстой хэсэг үйл ажиллагаа байгаа, прокурор, шүүхийн зөвшөөрөлтэй явагдах ажиллагаа байна. Хууль зүйн сайдыг хөндлөнгөөс оролцож байна гэж үзэхгүй байна.

Хаасан хэргүүдийг эргэж хянаж үзэж, хэрэг бүртгэлтийн ажиллагааг нээсэн. Төрийн өндөр албан тушаалтнууд энэ хэрэгт холбогдсон эсэх талаар мэдээлэл хэлэх боломжгүй байна. Төрийн өндөр албан тушаалтнуудын эрх хэмжээг хязгаарлах нотлох баримтууд гарч ирвэл Ерөнхий прокурор хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлнэ. Нүүрсний хулгай бол айлын амбаараас түмпэн шанага хулгайлаад үүрээд гарсантай адил хэрэг биш. Тодорхой хэмжээний зохион байгуулалттай үйл ажиллагаа гэж төсөөлж байна.


“2013 ОНД 379 МЯНГАН ТОНН НҮҮРСНИЙ ХЭРГИЙГ АНХ ГАРГАЖ, ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД МЭДЭЭЛСЭН”

Гаалийн ерөнхий газрын дарга Б.АСРАЛТ:

-“Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдал, нүүрстэй холбоотой хэргийг анх Гаалийн байгууллага шалгаж, 2013 онд хийсэн шалгалтын дүнгээр өнөөдрийн яригдаад байгаа 379 мянган тонн нүүрсний хэргийг анх гаргаж, хуулийн байгууллагад шилжүүлсэн. 2013 оны үед миний бие гаалийн байгууллагад ажиллаж байгаагүй.

Өмнөх их хурлын үед ажиллаж байсан Л.Энхболд гишүүн бас 380 мянган тонн нүүрс алдагдсан байна гэдэг мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарласан. Тэр үед гаалийн байгууллагаас ажлын хэсэг гарсан, дээрээс нь Засгийн газраас Ч.Хүрэлбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Ажлын хэсгийн хүрээнд шалгаад гаалийн байгууллагаас дэд ажлын хэсэг гараад, 379 мянган тоннн нүүрс алдагдсан байж болзошгүй гэдэг мэдээллийг бид хуулийн байгууллагад гаргаж өгсөн. Энэ бол 2018 онд болсон хэрэг.

2022 онд дахин ажлын хэсэг гараад, 10 машин нүүрс хууль бусаар гарсан байж болзошгүй байна гэдгийг тогтоож, хуулийн байгууллагад шилжүүлсэн. 10 машины 8 машин нь хоёр удаа гарсан байсан. Миний хувьд ямар нэг байдлаар хүрз, нүүрстэй холбогдоогүй. Түрүүн хэвлэл мэдээллийнхэн, мөн жагсаж буй хүмүүс Б.Асралт энэ хэрэгт холбоотой, энэ хэргийн ард байх ёстой гэж байсан. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл миний бие хууль хяналтын байгуулагад өөрийгөө өгч шалгуулахад бэлэн байна.

Машин нь бүртгэлгүй, бүртгэлтэй ч бүрдүүлэлт хийгдээгүй зэрэг асуудал гарсан. 2018 онд гарсан хэргийг Засгийн газарт танилцуулсан. Улмаар бид боомтуудын шинэчлэлийг эхлүүлж, 2020 онд дуусгана гэж төлөвлөж байсан боловч Сovid-19, хөл хориотой холбоотойгоор шинэчлэлүүд хийгдэж дуусаагүй байна. Цахимжилт хийгдсэн” гэв.

Х.ИНДРА