Чуулган: “Хулгай хийж байгаа хүмүүсийн ихэнх нь тавиулууд”
2022 оны 12 сарын 8

2022.12.08-Улс төр

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. Дараагаар нь Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Доржханд танилцууллаа.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-Миний бие 2022 оны зургадугаар сарын 3-ны өдөр УИХ-ын гишүүнийхээ хууль санаачлах бүрэн эрхийн хүрээнд Хилийн боомтын үйл ажиллагаа, нүүрс тээвэрлэлттэй холбоотой ажлыг шалгах, УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн дагуу түр хороо байгуулахаар 26 гишүүнээр гарын үсэг зуруулж, байгуулсан. Энэ хугацаанд нүүрсний хулгай, оффтэйк гэрээтэй холбоотой олон ажлыг хийж, судалгаа, дүгнэлт хийсэн. Энэ асуудал өнөөдөр нийгэмд олны анхаарлыг татаж байна. Одоо энэ асуудалд ард түмний шаардлагаар анхаарах цаг болсон.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай асуудлыг дэмжиж байна. Гэхдээ бид амаргүй нөхцөлд ажиллаж байна. Жагсагчид нүүрсний хулгайн төлөө зогсч байна. Энэ түр хороо байгуулаад зургаан сар өнгөрсөн. Энэ хугацаанд түр хороо ямар ажил хийж, үр дүнд хүрсэн бэ. Одоо хийж чадахгүй байгаа, УИХ болон парламентаас дэмжлэг авах ямар асуудал байна. Нууцлалын гэрээ хэчнээн байна вэ. Төмөр замын бүтээн байгуулалтаар үнийн асар их зөрүүтэй асуудлыг ярьдаг.

Гашуунсухайтын төмөр зам нь нэг километр нь таван сая ам.доллар. Богд хаан төмөр зам нь километр нь найман сая ам.доллар. Гэтэл Хангийн төмөр зам нэг километр нь 1.7 сая ам.долларын үнэ өртгөөр найман сарын хугацаанд босголоо.

Энэ төмөр замын гэрээ нууц байгаа юм уу. Ер нь түр хорооны гишүүд үнэн бодитой мэдээллийг өгөхгүй байна вэ. Т.Доржханд бараг 40 их наядын нүүрсний хулгайг хийсэн гэж яриад байх юм. Түр хороо бүрэлдэхүүнээрээ олон нийтэд мэдээлэл өгч болохгүй юу. Гишүүд нь өөрсдөө улс төр хийж байна уу гэж хардаж байна.

Түр хорооны дарга Г.Ганболд:

-Манай түр хороог УИХ-аас байгуулсан гурав дахь түр хороо. Өмнөх түр хороодуудыг сунгаад явж байгаа. Бид нотлох баримт цуглуулах, гэрч дуудаж байцаах гээд цаг хугацаа их орж байна. Хянан шалгагчид ажиллаж, байцаагч нар цуглуулсан материал дээр сууж байна. Тиймээс бид шууд зарлахад эрт байна. Түр хорооны хугацааг сунгах асуудлыг ярьж байна. Өмнө нь УИХ-ын гишүүд нүүрсний хулгайг  хэлж байсан ч хэн ч тоогоогүй. Нууц гэрээ учраас УИХ-ын гишүүд ч үүнтэй танилцах боломжгүй байгаа. Харин УИХ-ын түр хороо нууц гэрээтэй танилцах боломжтой. Хяналтын ерөнхий сонсгол хийх ажлын хэсэг байгуулагдаж, нууц гэрээнүүдийг ил болгож арванхоёрдугаар сарын 21-нд хэлэлцэнэ. Энэ бол түр хорооны хамгийн том үр дүн. Нууц гэрээний цаана төмөр замуудыг хэчнээн төгрөгөөр байгуулж, үр дүнд нь хэчнээн тонн нүүрсийг ямар үнээр авсныг ил болгоно.

УИХ-ын гишүүн Т.Доржханд 44 их наяд төгрөгтэй холбоотой мэдээлэл хийсэн. Энэ гишүүн түр хорооны гишүүн боловч хуралдаа нэг ч суугаагүй. Түр хороон дээр 44 их наядтай холбоотой мөнгөн дүнгийн асуудал яриагүй. Өнөөдөр нийгмийн талцуулж байгаа мэдээллийнхээ төлөө Т.Доржханд хариуцлагаа хүлээх ёстой. Үүнийгээ тайлбарлах ёстой. Өвлийн хүйтэнд ард түмэн 44 их наядын төлөө жагсч байхад түр хороон дээр өнөөдөр 2.5 сая тонн нүүрсний хулгайн нотлох баримт цуглуулах тухай ярьж байгаа. Ард түмнээс, цагдаагийн алба хаагчдаас уучлалт гуйх ёстой.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

-Түр хорооны ажиллах хугацааг сунгахыг дэмжиж байна. Эрх зүйд нийцэж ажиллах боломжийг нь бүрдүүлж өгөх ёстой. Бид Үндсэн хуульд тодорхой үг хэллэг байгаа. Урьдчилж хэн нэгнийг гэм буруутай гэж ярих боломжгүй. Энэ түр хороо нууцын зэрэглэлтэй байгаа материалыг олон нийтэд ил нээлттэй мэдээлэх боломж байгаа юм уу. Анх байгуулагдаж байгаа түр хороо, одоо ажиллаж байгаа түр хорооны үйл ажиллагааны чиглэлийг тодорхой болгох шаардлагатай.

УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Г.Ганболд:

-Оффтейк гэрээтэй танилцах боломж байгаа ч Засгийн газраас шийдвэр гаргаснаар олон нийтэд ил тод мэдээлэх боломжтой. Бид Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын даргад ил болгох хүсэлт тавьж, арванхоёрдугаар сарын 21нд мэдээлнэ. Тэгснээр хүмүүсийн нэрс тодорхой болно. Хэдэн төгрөгийн гэрээ хийснийг ч мэдэхгүй байна. Нийгмийн хүсэн хүлээж буй нэрс гарч ирнэ гэж итгэж байна.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
  Х.ИНДРА