Чуулган:Бэлэн мөнгө нь гэрт нь багтахаа болиод, алтан гулдмай болгон хурааж байна
2022 оны 12 сарын 16

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ: 

-Сүүлийн үед төрийн өмчтэй аж ахуйн нэгжүүд дээр хулгай, дээрэм их гардаг, дээр нь төрийн өмчийн хуулийн этгээдүүдийн үр өгөөж муу гэсэн зүйл их яригдаж байна. Энэ хууль батлагдсанаар одоогийн байдлыг хэрхэн сайжруулах вэ? Ялангуяа төрийн болон төрийн өмчит хуулийн этгээдийн менежментийг сайжруулах талаар ямар арга хэмжээ авах вэ? Цаашдаа хулгай, луйвар гарахгүй байх нөхцөл боломжийг хааж буй ямар зохицуулалтууд орж байгаа вэ?

Бидэнд нэг дутагдал байна. Томоохон төрийн өмчит хуулийн этгээдүүдийн гүйцэтгэх захирлыг Засгийн газар шууд томилоод явчихдаг. Энэнээс чинь болоод бид горыг нь амсч байна. Ганхуяг гэдэг залууг Засгийн газар томилсон. Төрийн болон аж ахуйн ажлын дадлага туршлага багатай энэ залуу хүнийг төрийн өмчийн том компанийн захирлаар тавиад, ажлаа унагачихдаг. Залуу хүнийг өөрийг нь ч бас баллачихаж байгаа юм шүү дээ. Цаашдаа төрийн өмчит хуулийн этгээдүүдийн гүйцэтгэх удирдлагыг яаж шийдэж байх юм бэ? Нээлттэй сонгон шалгаруулалтаар ил тод зарлаж байх юм уу? Энэ дээр бид томоохон зарчмын ахиц өөрчлөлт гаргахгүй бол болохгүй нь ээ.

Төрийн болон төрийн өмчит хуулийн этгээдүүд бүгд Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-тэй. ТУЗ-ийн гишүүдийн томилгоог танай Төрийн өмчийн хороо томилдог. Энэ томилгоонуудыг цаашдаа яаж ил тод, нээлттэй болгох вэ? Олон нийтийн оролцоо, хяналтыг яаж бий болгох вэ? Ерөөсөө ард түмэнд тайлан тавьдаггүй. Мэдээлэл өгдөггүй, хаалттай байх юм. Энийг яаж сайжруулах вэ?

Төрийн болон төрийн өмчит байгууллагуудад газартай холбоотой маш их зөрчил, маргаан гардаг. Танай дээр энэ талаар судалгаа байна уу? Төрийн болон төрийн өмчит байгууллагуудын газраас хууль бусаар тасдаж, бусдад худалдсан хэчнээн хэмжээний га газар байна вэ? Үүнийг буцааж төрд авах боломж байна уу?

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.ЦЭНГЭЛ: 

-Бид Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, мөн олон улсын байгууллагуудтай хамтраад төрийн болон төрийн өмчит компаниудын талаар нэлээн гайгүй судалгаанууд хийсэн. Таны яриад байгаагаар төрийн өмчит компаниудын засаглал нь болохгүй байна, үр өгөөж нь хангалтгүй байна, нийгэмд дорвитой хувь нэмэр оруулахгүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Үүний дагуу Засгийн газар төрийн болон төрийн өмчит компаниудад бүтцийн өөрчлөлт хийх цаг нь болсон байна, 30 орчим жил явсан тогтолцоог өөрчлөхгүй бол болохгүй нь гэсэн агуулгаар асуудалд хандаж байна. Энэ агуулгаар 2011 онд батлагдсан Компанийн тухай хууль, 1996 онд батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиас төрийн болон төрийн өмчит компаниудын заалтыг аваад, дээр нь олон улсын болон өнөөгийн компаниудад хэрэгжиж буй тусгаад, анхдагч хууль болгоод, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг өнгөрсөн аравдугаар сард УИХ-д өргөн бариад, хэлэлцэх эсэх нь дэмжигдсэн.

Төрийн болон төрийн өмчит компаниудын анхдагч хууль дээр бүр зарчмууд тусгагдсан. Энэ хуулийг өнөөдрийн өмчийн хуультай бараг зэрэгцээд шахуу хэлэлцэх нь оновчтой гэж бодож байна. Манайд компанийн засаглалын зарчим алдагдсан байгаа нь үнэн. Төрийн өмчит компаниудын удирдлагыг улс төрийн томилгоогоор томилж буй нь нууц биш.

Бид өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд хэд хэдэн зарчим баримталж байна. Нэгд, компани улс төрөөс хамааралгүй байх нь зүйтэй, мэргэжлийн хүн удирдах нь зүйтэй, компанийн удирдлагыг сонгогдохдоо сонгон шалгаруулалтын зарчмаар хийх ёстой. Компанийн нийгэмд гүйцэтгэж буй үүргээс нь хамаараад, олон улсын хэмжээний менежерийг сонгон шалгаруулах хэлбэрээр ажиллуулах, үйл ажиллагаа нь ил тод байх ёстой гэсэн үндсэн зарчмуудыг компанийн анхдагч хуулинд хийж өгсөн. Өнөөдөр хэлэлцэж буй хуулин дээр ерөнхий зарчим туссан.

УИХ-ын гишүүн Ш.РАДНААСЭД:

-Түрүүн Чинбатаас сонин юм сонсох юм. Өнгөрсөн хугацаанд нийт 226 мянган машин нүүрсгүй гээд хилээр давсан. 2.6 сая тонн нүүрс гараад явчихсан байна шүү. Энэ дээрээ шалгаж чадаагүй, тагнуулаа та нар оруулж шалгадаг, АТГ, цагдаатайгаа нийлээд бид шалгаж байна, энэ дотроос харж байгаад бид та нарыг оруулсан юм гэж ийм утгагүзй юм ярихаа боль оо. За юу, Чинбат аа. Босоо удирдлагатай байгуулллага, та нар мэдээлэл авч байж юм ярих ёстой. “Голомт”-ын Баясгалан гээд оффтейк гэрээ хийсэн хүмүүсээ яагаад оруулж ирэхгүй байгаа юм бэ, та нар. Тэрэнд чинь оролцсон Сумъяабазараас эхлээд хүмүүс байна шүү дээ. Яагаад оруулж ирэхгүй байгаа юм бэ.

Улс төрд ойрхон 500 орчим л хүн бий. Монголчууд жоохон шүү дээ. Хэн хаана, хэнтэй юугаа нуугаад иддэг, хэн нь яаж хуйвалдсаныг мэднэ. Эрдэнэс Тавантолгой” дээр онц байдал тогтооё гэхэд манай Засгийн газрын 5-6 гишүүн тогтоохгүйгээд хамгаалсан гэсэн. Хулгайгаа л нуух гэж байгаа биз дээ. Одо энийг бид тав маргааш гаргаж зарлана. Шалгуулна. Яг үнэн мөнийг нь үзье гэж байгаа бол. Зүгээр гэмгүй нөхдүүдийг нийгэмдп, олны дунд аваачиж яллаад гарна гэж байгаа бол эндүүрэл шүү. Та нар харин прокурор байгууллага, АТГ шударга ажиллаарай. Үнэхээр хийсэн хэрэг, авсан юм байгаа бол ял аваад явна. Тэгэхгүй зөөлчилсөн, тал зассан хэлбэрээр явбал ямар ч хэрэг байхгүй. Ийм байгууллагуудыг бүгдийг нь татан буулга. Хүмүүсийг нь бүгдийг соль. Энэ авлиатай тэмцэ хүсэл сонирхолд Щрөнхийлөгч Ерөнхий сайдад байгааг байх гэж хажрж байна.

Уучлаарай, Их хурал дотор байгаа болон байхгүй 500 гаруй хүн гадуур бий. Хүний өөрийн намын. Эд нарын идсэн уусан тухай мэдээллүүдийг хүмүүс бидэнд өгч байна. Идэж уусныг нь зарлаад өгнө. Шалгаад, тогтоогоод өг гэж АТГ басамжилж байгаа юм шиг. Бид та нарын хэн гэм буруутай гэж зарлаагүй шүү дээ. Шалгаж үзэх гэж байгаа юм шүү дээ гэж. Ингэж тоглоом хийхгүй ээ, Чинбат аа. Ажил хийвэл та нар хуулийн дагуу зөв хий. Хоёрдугаарт, хуулийн өөрчлөлт дээр нэлээн сайн ажиллах хэрэгтэй. Гадна талд жагсч, 22.1 гээд яриад байгаа хүмүүсийг байнгын хорооны хуралдаан дээрээ суулгаж байгаад яриул. Юу нь болохгүй байгаа юм бэ. Энэ дотор хуульч, өмгөөлөгч хүмүүс байна.

Яг энэ хуулийг хүмүүс өөрсдөдөө, дарга нартаа тааруулаад л бичиж байгаа шүү дээ. Хдэн тэрбумаар нь мөнгөө хийсэн, гэмт хэрэг хийсэн хүмүүс дахин дахин УИХ-ын гишүүн болохын төлөө явна биз дээ. Бэлэн мөнгө нь гэрт нь багтахаа больчихоод алтаар авч хурааж байна гэж байгаа шүү дээ. Энэ худлаа биш шүү. Энэ бол хуулийнхны дунд яригдаж байгаа яриа. Чинбат аа, чи үүнийг мэдэхгүй байна гэж байхгүй. Та нар ийм хүмүүсээ гаргаж ир л дээ.

Хадгаламж зээлийн хоршоод дээр хэний хэдэн төгрөг угаагдаж байгааг та нар бүгд мэдэж байгаа шүү дээ. Яагаад цөөхөн хүний учрыг олж дийлэхгүй байгаа юм бэ. Гудамжинд зогсож буй залуусаас 20 хүн оруулаад гаргахад л юм нь явна даа. Аргыг нь зааж өгөөд, учрыг нь мухарлаад явуулахад болно. Чинхүү сэтгэл байхгүй учраас та нар ийм байдалтай байгаа байхгүй юу. Одоо боль оо. Ингэж авлигатай тэмцэхгүй. Яг тэмцье гэж байгаа бол гудамжинд нүцгэлж буй ард иргэд шиг бүх юмаа тайлж хаяад бүгд шалдан үз. Нэг хэсэг нь хуулиар, албан тушаалаар өөрсдийгөө хамгаалуулсан, нэг хэсэг нь гудамжинд авлигатай тэмцэнэ гэж ярина гэж байхгүй. Төр оршъё гэж байгаа бол. Өнөөдөр бид үүнийг цэгцэлж авахгүй бол дахиад 20 жилийн дараа цусаар уйлаад ч энэ авлигачидтай тэмцэж чадахгүй. Баян, хоосны ялгаа чинь туйлдаа хүрнэ. Тэр цагт энэ улс Энэтхэг шиг кастын систем рүү өөрөө орно.

Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй  гэсэн саналын томъёоллоор санал хураахад 43 гишүүнээс 27 нь дэмжиж, 74.4 хувийн саналаар төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Х.ИНДРА