“Тээвэр логистик, боомт, төмөр замтай холбоотой дарга нар болгоомжтой байгаарай”
2023 оны 1 сарын 5

“ТЭЭВЭР ЛОГИСТИК, БООМТ, ТӨМӨР ЗАМТАЙ ХОЛБООТОЙ ДАРГА НАРТ ХАНДАЖ ХЭЛЭХЭД БОЛГООМЖТОЙ БАЙГААРАЙ”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Ерөнхий сайдын хувьд Засгийн газар нэг л зүйлийн төлөө явж байгаа. Энэ бол далд эдийн засгийг ил болгох. Манай гадагшаа зарагддаг гол бүтээгдэхүүн бол нэгдүгээрт нүүрс, хоёрдугаарт зэс. Энэ агуулгаараа Эрдэнэт тойрсон бөөн асуудал үүссэн. Удахгүй шүүх Эрдэнэтийн 49 хувь луйвар байсан эсэхийг шийднэ. Төрөөс мөнгө аваад хувьдаа авчихсан улс төрийн хэсэг бүлэглэл илчлэгдэх байх. Энэ дотор нь ерөнхий прокурор, тагнуулын дарга байсан нөхдүүд нь оролцоод явж байсан нь ил болох байх. Оюутолгойтой холбоотой асуудал маргаан дагуулсан. Зэсийнх нь судал үндсэндээ далд эдийн засгаас ил гарч байна. Би энэ дээр аль нэг нам гэхгүй улс төр хийхгүй явж байгаа. Үүний дараа нүүрс рүү орж байна. Онц дэглэм тогтоогоод ямар үр дүн гарч байгааг та бүхэн харж байгаа байх. 40-өөд хоногийн дотор валютын нөөц 3.3 тэрбум болчихлоо. Одоо нүүрс тээвэр хилийн ам дээр хэдээр зарах уу? Хил дээр хэдээр зарах уу? Гэдэг том асуудал үүснэ. Энэ дээр УИХ, Засгийн газар хамт байгаасай гэж хүсч байна. Энэ асуудал шийдэгдвэл Монгол Улсын эдийн засгийн томоор тэлнэ. Нүүрс 45-50 сая тоннд хүрэх боломжтой. Тиймээс л нүүрс тойрсон том асуудал үүснэ. Гурван жил хил хаалттай байлаа. Энэ бүтэнсайн өдөр хил нээнэ. Бага багаар үе шаттай энгийн амьдралдаа орно. -4.7 хувийн эдийн засаг оны эцэст 4 хувийн өсөлттэй гарлаа. Эдийн засаг гайгүй болоод ирвэл төрийн албан хаагчдын цалинг нэмнэ. Төрийн албан хаагчид бол өндөр цалинтай, чадварлаг хүмүүс ажиллах реформ хийх ёстой. Төрийн бүх шатны цалингийн систем нэг болно. ДНБ-ын өсөлттэй цалин, тэтгэвэр уялддаг болно. Үндэсний баялгийн сангийн хууль, Хуримтлалын нэгдсэн сангийн хууль, Нийгмийн даатгалын хууль, Эрүүл мэндийн даатгалын хууль хамтдаа уягдах болно. Энэ хавар том хэмжээний реформ хийгдэнэ. Өмнөх ололт дээрээ алдаагаа засах нь чухал.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

Боомтын сэргэлтийн бодлого бол шинэ сэргэлтийн бодлогын гол цөм болж байгаа. Боомтын бүтээн байгуулалт, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, хяналт шалгалтыг сайжруулахгүйгээр эдийн засаг тэлж, авлигал хээл хахууль салахгүй юм байна лээ. Одоо зургаан боомт дээр бүтээн байгуулалтын ажил хийж байна. Одоо энэ Ням гаригт хилийн боомтоо нээх гэж байна. Замын-Үүдийн цогцолборын ажил дуусгавар болоод нээлтээ хийх гэж байна. Зарим нь нээлтээ хийнэ. Ахиад 11 боомт дээр бүтээн байгуулалтын ажил хийхээр судалж байна. Олон улсын байгууллагууд ч боомтуудыг санхүүжүүлэхдээ дуртай байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Х.Булгантуяа гишүүнийг сайдад дэмжиж байна. Өнөөдөр боомтууд дээр нууц ноёнтон байна. Засгийн газар тогтоол гаргадаг боловч хэрэгждэггүй. Монополь болчихсон хүмүүс орон нутгийн хүмүүсийн турхираад л бусад гарцуудыг хааж байна. Ингээд л гацдаг. Боомтын нэвтрэх чадвараа нэмэгдүүлэх ёстой. Эдийн засгийн газар зүй чухал. Холбогдсон орнууд л хөгждөг гэдгийг дэлхий харууллаа. Өнгөрсөн жилүүдэд бид үүнийгээ ашиглаж чадсангүй. Агаарын зам дээр дэвшилт гарсан. Нүүрсний боомтуудаа хурдан зохицуул. Хэдэн ханлигууд барьцаалчихсан байна. Тэлэлт, хөрөнгө оруулалтын бодлогоо цогцоор нь оруулж ир. Бид нар дэмжих болно. Хувийн хэвшлийнхнийг шантаажилдаг хэвлэл мэдээлэл бий болчихсон. Үүнтэй тэмцэх ёстой. С.Чинзориг гишүүнд хэлэхэд сайн дурын эрүүл мэндийн даатгал дээр сайн анхаараарай. Хувийн хэвшлийн эмнэлгүүдээ сайн дэмжээрэй.

УИХ-ын гишүүн Б.Бейсен:

Би 35 жил эрүүл мэндийн салбарт ажиллахад 22-23 сайд солигджээ. Зургаа нь мэргэжлийн бус байлаа. Сайн, муу ч бий. С.Чинзориг сайдыг дэмжээд ажилллана гэж бодож байна. Хөдөөний эмнэлгүүдийг анхаараарай. Тоног төхөөрөмж, боловсон хүчин байхгүй байна гэж байна. Ерөнхий сайдаа сүлжээгээ хоёр дахин нэмчихвэл боломж байна. Цалин нэмэх  боломж байна. Та үүнийг анхааралдаа аваач. Дараа нь эмийн үнэ өндөр байна. Янз бүрийн эм орж ирж байна. Улсын аюулгүй байдлын үүднээс энэ эмнүүдийг шинжлэх шаардлагатай байна. Мөн түргэн тусламж дээр фургон эсвэл 469 өгдөг. Тархи нь доргисон, яс нь хугарсан, цус харвасан хүнийг авч явахад үнэхээр хүндрэлтэй. Парк шинэчлэл дээр анхаарах цаг болсон. Хил гааль боомт дээр чөлөөт бүс дээр анхаарч ажиллах хэрэгтэй шүү, Х.Булгантуяа сайдаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Удахгүй Засгийн газар шийдвэр гаргаж, авлигаар хөлжсөн хэт өндөр хэрэглээтэй төрийн албан хаагчдадаа хяналт тавьж эхэлнэ. Нийтэд зарлана. Ялангуяа газартай холбоотой асуудлыг ил болгоно. Цахимжуулна. Нүүрсний дараа төмөр замын компаниуд дээр Засгийн газар онцгой анхаарна. Намайг сонсч байгаа тээвэр логистик, боомт, төмөр замтай холбоотой дарга нарт хандаж хэлэхэд болгоомжтой байгаарай. Удахгүй дараагийн дэлбэрэлт энэ салбар дээр болж магадгүй шүү. Байгаль орчны яамны газар зардаг нөхдүүд, үүний ард байдаг улстөрчдийн нэрсийг зарлаж магадгүй. Ингээд манай бусад асуудлууд цэгцэрнэ. Монголбанкны газрын дарга нарт хандахад ББСБ-аа одоо боль. Одоо цэгцэлнэ. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргаад УИХ, Засгийн газрын гишүүд өөрсдөө энэ бүх ашиг сонирхлоос ангид байх хуулийг хамтдаа хэлэлцэнэ. Дэмжихийг та бүхнээс  хүсье. Өнгөрсөн хугацаанд гарсан алдааг хэн нэгэнд наах нь миний сонирхол биш. Гагцхүү цаашдаа ололт дээрээ тулгуурч, алдаагаа засч, цоо шинэ 30 жил эхлэх нь бидний чухал зүйл шүү.