УИХ-ын намрын чуулган хаалтаа хийлээ
2023 оны 1 сарын 20

УИХ-ын дарга Г.Занданшатар намрын ээлжит чуулганыг хааж үг хэллээ.

Тэрбээр “УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаан 32 удаа хуралдаж 180 асуудал, Байнгын хороод 108 удаа, Дэд, Түр хороо 8 удаа, Хянан шалгах түр хороо 9 удаа хуралдаж, 256 асуудал хэлэлцлээ. Бие даасан хууль 18, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 271, Улсын Их Хурлын тогтоол 38-ыг баталлаа. Хянан шалгах чиг үүргийн хүрээнд 25 ажлын хэсэг үйл ажиллагаа явуулжээ. Эмийн чанар, хилийн боомт, Хөгжлийн банкны асуудлаар Хянан шалгах түр хороод байгуулагдаж, нийтийн сонсгол, хэлэлцүүлгүүд зохион байгууллаа. КОВИД-19, хүнсний хангамж, Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн гурван Түр хороо ажиллаж, зарим нь дүгнэлт, тайлангаа гаргасан. 

Монголчууд түүхэн сонголтын өмнө ирээд байна. Түүхэн сонголт хийх шаардлага монгол үндэстэнд түүхэн цаг үеүдэд тулгарсаар ирснийг тэмдэглээд хөгжил дэвшлийн, шинэ ирээдүйн зүгийг тодорхойлох олон асуудлыг эрэмбэлэх, шийдэх арга замыг тодорхойлоход Зөвлөлдөх санал асуулгын зорилго чиглэнэ. Нийт ард түмнээ төлөөлж бүрэн чадахуйц Бага олонлог энэ санал асуулгад оролцоно. Монгол төрийн энэ чухал үйл хэргийг амжилттай хэрэгжүүлэхэд, монгол түмэн хөгжлийн түүхэн сонголтоо хийхэд нь бүх шатны төрийн байгууллага, албан хаагчид, түүний дотор ардаа төлөөлсөн УИХ, түмний элч болсон УИХ-ын гишүүд онцгой хариуцлагатай хандах ёстой” гэсэн юм. 

Х.ИНДРА