Оюутолгой ордын гүний олборлолт эхэллээ
2023 оны 3 сарын 13

 

Оюутолгой ордын газрын гүн дэх хүдрийг олборлох ажил гуравдугаар сарын 13-аас эхэлнэ гэж “Оюутолгой” ХХК-иас өнгөрсөн Пүрэв гаригт мэдээлсэн нь хамгийн сайн мэдээ байв.

Оюутолгой төслийн далд уурхайн олборлолт ийнхүү эхэлснээр экспортын орлого нэмэгдэх төдийгүй гадаадын хөрөнгө оруулагч нарыг татах бас нэг эерэг алхам болно.

“Оюутолгой”-н гүнийн уурхайн төслийн захирал Жак Ван Тондер “Бид өнгөрсөн 2022 оны эхээр цар тахлын дараах шинэ нөхцөл байдалд шилжиж, гүнийн уурхайгаа нээж, анхны тэсэлгээгээ хийсэн. Энэ онцлох үйл явдлыг хамтдаа тэмдэглэсэн нь үнэхээр бахдам байлаа. Түүнээс хойш 2022 оны дөрөвдүгээр улирлын байдлаар гүнийн уурхайн 19 хүдэр буулгуурыг амжилттай тэсэлсэн. Бид богино хугацаанд гайхамшигтай амжилт үзүүлжээ” гэж мэдээлсэн юм.

Оюутолгой” компанийн 2010-2022 оны хооронд дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 15 тэрбум ам.доллар буюу 34 их наяд төгрөг давсны 75 хувийг дотоодын худалдан авалт эзэлжээ. Тус компани Монгол Улсын Засгийн газарт татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 314 сая ам.доллар буюу 980 тэрбум төгрөг төлсөн байна.

2010 оноос хойш нийт дүнгээрээ энэ нь 4 тэрбум ам.доллар буюу 8.8 их наяд төгрөгийг төлжээ. Үүнд Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ багтсан юм  байна. 2022 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 863 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 567 нь үндэсний ханган нийлүүлэгч байжээ.