Гүнийн олборлолт 2028 онд “Онтри гоулд”-ын талбайд үргэлжилнэ
2023 оны 4 сарын 3

“Оюутолгой”-н ашиг орлогын цөм нь ил уурхайтай харьцуулахад эрдсийн өндөр агуулгатай гүнийн бүлэг орд юм. Тус бүлэг ордын нийт нөөцийн 80 гаруй хувь буюу хамгийн агуулга сайтай хүдэр нь газрын гүнд оршдог. Газрын гадаргаас олон зуун метрийн гүнд буй эдгээр хүдрийн биет зэс, алтны агуулгаараа дэлхийд томоохонд тооцогддог. Гүнийн уурхайгаас олборлох хүдэр дунджаар 1.66 хувийн зэсийн агуулгатай.

Монголчууд бид дөрөвхөн хоногийн дараа гүнийн уурхайн олборлолт эхэлж, үнэ цэн нь өсөн нэмэгдэх түүхэн мөчтэй золгох гэж байна. Гүнийн уурхай 12 цагийн хоёр ээлжээр жилийн 365 өдөр ажиллах юм.

Гүнийн уурхайн туузан дамжуулагчийн нийт урт 13.2 км буюу Сүхбаатарын талбайгаас Толгойт өртөө хүрэх зайтай тэнцэх бол хамгийн гүн босоо ам нь “Блю Скай” цамхагийг 12 давхарласантай дүйцэх ажээ. Хюго Дамметт ордын хойд бүсэд баригдах хонгилын нийт урт ихэнх хэсэгтээ 5.5 м өндөртэй, 5 м өргөнтэй, 203 км гаруй байх юм байна.

Хүдрийн биет газрын гүнд, тархай байрлалтай учир геотехник болон эдийн засгийн үр ашиг талаасаа блокчлох аргаар олборлоход илүү тохиромжтой. Энэ арга нь хүдрийн биетийн хүндийн жинг ашиглан, доороос нь бутлан, хүдэр буулгуураар цуглуулан авч, туузан дамжуулгаар газрын гадарга дээр гаргадаг арга. “Оюутолгой”-н менежментийг хариуцагч “Рио тинто” групп блокчлон олборлох аргаар мэргэшсэн цөөн компаниудын нэг билээ.

Блокчлон олборлоход эхний хөрөнгө оруулалтын зардал чамгүй өндөр боловч цаашдын үйл ажиллагааны зардлууд нь олборлолтын бусад аргаас харьцангуй хямд байдаг аж. Үйл ажиллагааны зардал хямд учир бага агуулгатай эрдэс баялгийг ч үр ашигтай олборлох боломж бүрдэх нь.

АНХНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА ДОЛООН ЖИЛИЙН ДАРАА ДУУСНА

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын мэдээлснээр, “Оюутолгой”-н гүнийн уурхайн олборлолт 2028 он гэхэд “Онтри голд” компанийн талбайд үргэлжлэх ажээ. Энэ тохиолдолд Засгийн газар “Оюутолгой”, “Онтри голд” компаниудтай гурвалсан хэлэлцээр хийнэ. Тэрбээр энэ талаар хэлэхдээ “Татварыг ямар түвшинд авчирч тогтворжуулах вэ, хөрөнгө оруулалтыг аль тал нь хариуцах вэ, ашигт малтмалын нөөц ашигласны татварыг ямар хувь хэмжээгээр төлөх вэ зэрэг өөр олон зүйл яригдана.

Цаашлаад 2030 он гарахад анхны хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа дуусна. Тэр үед Монгол Улсын Засгийн газар “Оюутолгой”-н давуу эрхийн хувьцааг худалдаж авах эрх үүснэ.

Тухайн үед хэлэлцээр шинэ шатанд үргэлжлэх ёстой. “Оюутолгой”-н энэ бүлэг ордыг цаашлаад 100 жил олборлож ашиглах явц бүрд хувь, хувьцаа нийлүүлсэн талууд хэлэлцээрийг тасралтгүй үргэлжлүүлээд явна” гэж мэдээлсэн билээ.

Дашрамд дурдахад, Монголд уул уурхайн хайгуулын үйл ажиллагаа явуулдаг, Канадын “Онтри голд” (Entree gold LLC) компани “Оюутолгой”-н ордтой залгаа хоёр газарт лиценз эзэмшдэг. Тус компанийн эзэмшдэг “Оюутолгой”-н Жавхлант талбай буюу Хэруга ордоос ойролцоогоор дөрөв орчим сая тонн зэс, 379.8 тонн алт, мөн молибедины нөөц урьдчилсан байдлаар тогтоогдсон нь Хэруга ордын нөөцийн урьдчилсан дүн аж.

ЦАХИЛГААН СТАНЦЫН ЭХНИЙ ТРУБЕНУУДЫГ 2024 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛЖ ЧАДАХ УУ?

Хөрөнгө оруулагч тал зэс хайлуулах үйлдвэр барих үүрэгтэй. Хоёр тал цахилгаан станц байгуулах гэрээнд гарын үсэг зурснаас хойш Эрчим хүчний яамнаас Тавантолгойд барих 450 мВт-ын хүчин чадалтай станцын тендерийг гурван ч удаа зарласан. Төлөвлөгөө ёсоор 2024 онд цахилгаан станцын эхний трубенуудыг ашиглалтад оруулж, 2026 онд бүрэн дуусгах ёстой.

“Оюутолгой” төсөл өдгөө Өмнөд Монголын эрчим хүчний системээс жилд 120 сая ам.долларын эрчим хүч импортолж буй.

Х.Нямбаатар сайдын мэдээлснээр, гүнийн уурхайг бүрэн хүчин чадлаар нь ашиглаж эхэлснээр дээрх хэрэглээ нэг дахин өсч, 200 сая ам.доллар урсана гэсэн үг аж. “Тавантолгой”-н станц ашиглалтад орсноор ганц “Оюутолгой”-г хангаад зогсохгүй Тавантолгой, түүнийг дагасан кокс химийн үйлдвэрүүд, бусад өмнийн говийн уул уурхайн төслүүдэд эрчим хүч нийлүүлэх юм.

Засгийн газар “Оюутолгой”-н гүнийн уурхай Монгол Улсын эдийн засагт маш том түлхэц үзүүлнэ гэсэн хүлээлттэй буй. Гүйцэтгэх засаглалын тооцоолсноор, 2025 он гэхэд “Оюутолгой”-н гүнийн уурхай жигдрэхэд борлуулалтын хэмжээ гурав дахин өсөх нь.

“Оюутолгой” өнгөрсөн 2021 онд хоёр тэрбум ам.долларын зэсийн баяжмал үйлдвэрлэжээ. Уурхайн ашиглалтын төлөвлөгөөний дагуу бага агуулгатай хүдэр олборлолт, металл авалтаас хамааран 2022 онд ил уурхайгаас олборлосон баяжмал дахь зэсийн хэмжээ өнгөрсөн 2021 оны мөн үетэй харьцуулахад 17 хувиар бага байжээ. Уурхайн төлөвлөлтөөс улбаалан баяжмал дахь алтны олборлолт мөн өнгөрсөн 2021 оны дөрөвдүгээр улиралтай харьцуулахад нэлээд (0.21гр/т ба 0.38гр/т) буурчээ.

Монгол Улсын Засгийн газар жил гаруйн өмнө 2025 он гэхэд дор хаяж 6.5 тэрбум долларын зэсийн баяжмал үйлдвэрлэх тооцоо хийснээ танилцуулсан. Харин 2028 онд далд уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллахад дөрөв дахин их буюу 8.4 тэрбум ам.долларын зэсийн баяжмал үйлдвэрлэж, экспортоороо дэлхийд эхний дөрөвт орно гэж тооцоолсон байдаг.