“Шүгэл үлээгчийн мэдээллийг 11-11, E-Mongolia-гаар дамжуулан авна”
2023 оны 3 сарын 9

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс өнөөдөр /2023.03.09/ мэдээлэл өглөө.


Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо:

-УИХ-ын хаврын чуулганаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулахад ажлын хэсэг дэмжлэг үзүүлж, хэлэлцүүлэг хийж ажиллахаар төлөвлөж байна. Ажлын хэсэг олон эх сурвалжаас, иргэдээс мэдээлэл авахаар төлөвлөж байна. 11-11 төв, Е-Mongolia, “Шүгэл” ажиллагааны талаар сошиал хуудсаар дамжуулан мэдээлэл авах боломжтой. Шуудангийн салбар болон ажлын хэсгийн гишүүдийн нэр дээр хаягласан бичгийг хүлээн авах боломжтой. Цаашдаа мэдээллийг тогтмол хүргэнэ.

Эхний ээлжид 11-11 төвд иргэдээс мэдээлэл авахаар төлөвлөж байна. Долоо хоног бүрийн Баасан гаригийн 9-12 цагийн хооронд “Шүгэл” ажиллагааны талаар мэдээлэхийг хүссэн иргэдтэй уулзалт зохион байгуулна. Маргааш 9-12 цагийн хооронд 11-11 төвийн оператор утсаар болон биечилж уулзалт зохион байгуулж, иргэдээс мэдээлэл авах боломжтой. Засгийн газраас улс төрийн зориг гаргаж энэ жилийг авлигатай тэмцэх жил болгон зарласан. “Шүгэл” ажиллагааны хүрээнд иргэдтэй хамтарч ажиллах, иргэдийнхээ дэмжлэгийг авах, ажлын хэсэгтэй та бүхнийг хамтарч ажиллахыг уриалж байна.

”Транспэрэнси интернэшнл” байгууллагаас “Авлигатай тэмцэх хамгийн үр дүнтэй арга юу вэ” гэж иргэдээс асуухад олонх нь “Мэдээлэх” гэж хариулжээ. Хууль бус үйлдэл, эрх мэдлээ ашиглан өөртөө болон бусдад давуу байдал олгож байгааг хараад, сонсоод өнгөрөөх бус, зохих газарт нь мэдээлэх нь нэн чухал. Гэхдээ нөгөө талаас иргэд яагаад мэдээлдэггүй вэ гэсэн асуултад “Үр дагавраас айдаг” гэсэн байдаг. Цаашид нийтийн эрх ашгийн төлөө шүгэл үлээгчдийг хамгаалах хуулийг 2023 оны хаврын чуулганаар УИХ хэлэлцэж батлах ажил хүлээгдэж байна гэдгийг Ажлын хэсгээс мэдээллээ.

Ажлын хэсгийн гишүүдээр:

• Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар

• ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг

• ЗГХЭГ-ын дэд дарга бөгөөд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж,

• Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа

• Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Т.Ганзул

• АТГ-ын дэд дарга Г.Азжаргал

• ТЕГ-ын дэд дарга С.Хүдэрчулуун

• УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга

• ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны дарга Т.Сүхболд

• Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул

• Шинэ сэргэлтийн бодлого, хурдасгуур төв, Улсын төсөвт үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн

• Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл нар ажиллана.