“Буян”-гийн Б.Жаргалсайхан Хөгжлийн банкны 14 тэрбумын зээлээ төлөөгүй
2023 оны 3 сарын 17

УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо  өнөөдөр /2023.03.17/ тав дахь өдрөө үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайханы эзэмшлийн “Буян” ХХК Үйлдвэржилтийг дэмжих хүрээнд “Ноолуурын үйлдвэрийн техник тоног төхөөрөмж шинэчлэл” төсөлд 14 тэрбум төгрөгийн зээлийг 2014 онд Голомт банкнаас авсан байна. Гэвч өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй, муу зээлийн ангилалд багтжээ.

Тэгвэл сонсголд гэрчээр оролцсон Б.Жаргалсайхан “Өнөөдөр Монгол Улсад ямар ч бизнес хийгээд мөнгө олох боломжгүй. Манайд бизнес хийх орчин байхгүй. Өнөөдөр нэг банкны алдагдлын тухай ярьж байна. Цаана нь бүх банк цөмөрчихсөн байгаа. Та нар хувийн хэвшилд баталгаа гаргаж өгдөггүй. Би анх 1995 онд Марбины корпорацаас зээл авч үйлдвэр барьсан. Танай намын Энхбаяр, Мөнх-Оргил нар намайг маш их доромжилсон. Аж ахуйн ажил хийхээр татварын тогтолцоо буруу байна. Зээлээ төлөхийн тулд үүнийг л хэлэх гэж ирсэн” хэмээв.