Д.Амарбаясгалан төрийн өмчит компаниудыг “шүүрдэнэ”
2023 оны 4 сарын 2

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр /2023.03.31/ Төрийн нарийн бичгийн дарга нар болон Төрийн өмчит компаниудын удирдлагуудыг тус тусад нь хүлээн авч уулзжээ. Тэрбээр Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигатай тэмцэх “5Ш” ажиллагаагаа танилцуулсан сурагтай. Учир нь ЗГХЭГ-ын дарга “5Ш” ажиллагааны хоёрыг нь буюу ‘Шүүр’болон ‘Шилжүүлэн авах ажиллагаа’-г  хариуцан ажиллахаар болсон юм.

‘Шүүр ажиллагаа’-ны хүрээнд төрийн бүх шатны байгууллага, төрийн өмчит компани, улсын үйлдвэрийн газруудын даргын албан тушаалд хууль бусаар томилогдсон, ашиг сонирхлын зөрчилтэй, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байсан албан хаагчдыг ажлаас нь чөлөөлөхийг үүрэг болгожээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан төрийн алба хуулийн зөрчилгүй байх учиртайг тэмдэглээд төрд шаардлагатай албан хаагчдын судалгааг гарган хэрэгцээт мэргэжилтнүүдээ бэлтгэдэг байх зарчим баримтлахаа илэрхийлжээ. Цаашид төрийн өмчит компаниудыг ч шинэчилнэ гэдгээ төрийн өмчит компаниудын удирдлагуудтай уулзах үеэрээ онцолсон байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн хоёрдугаар сард мэдээлэл хийхдээ “Ерөнхий сайдын санаачлагаар 2023 оны “Авлигатай тэмцэх жил” болгох тогтоолыг баталлаа. Ингэснээр харъяа сайд болон агентлагуудад авлигатай тэмцэх чиглэлээр хийж хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг албан даалгавар болгон хавсралтаар баталж, хүргүүлсэн.

Далд байгаа эдийн засгийг ил болгох, олборлох салбарын ил тод байдал бий болгох, хил үнийг тогтоох систем бий болгож чадсанаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг 55 их наядад хүргэх боломжтой.

Энэ хүрээнд авч үзвэл “Авлигатай тэмцэх жил”-ийн хүрээнд дэвшүүлсэн зорилго үр дүнд хүрсэн тохиолдолд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний орлого анх удаа 5000 ам.доллар давах боломжтой гэж байв.