“Уул уурхайн салбарт хүний нөөцийн хомсдол үүсээд байна”
2023 оны 4 сарын 4

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уул уурхайн салбарынхантай цаг үеийн асуудлаар уулзалт хийсэн. Уулзалтын үеэр Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл уул уурхайн салбарт тулгамдаж буй зургаан асуудлыг нэрлэжээ.

Тэрбээр:  ” Уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудлууд олон байна. Нэгдүгээрт, уртын ээлжийн зохицуулалт болон хүний нөөцийн хомсдол үүсээд байна.

Хоёрдугаарт, байгаль орчны баримт бичгийн баталгаажуулалт буюу орон нутгийн иргэдийн зөрүүтэй ойлголт, эсэргүүцэл нь уул уурхайн салбарт хүндрэл үүсгэдэг.

Гуравдугаарт, тусгай ачаа бараа буюу тэсрэх бодисын хадгалалт, тээвэрлэлтийн асуудал байна.

Дөрөвдүгээрт, Ерөнхий сайдын дэргэдэх хорт болон аюултай бодисын зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна.

Тавдугаарт, АМНАТ-ийг тооцоолох жишиг үнээс болж олоогүй орлогод үндэслэсэн татварын хүндрэл нь хувийн хэвшилд дарамт үүсгэдэг. Энэ нь төр, хувийн хэвшлийн хооронд маргаан үүсгэж байна.

Зургадугаарт, уул уурхайн салбарын дэд бүтцийн асуудлыг төр, хувийн хэвшлийнхэн ярилцаж шийдмээр байна” гэв.