“Төрийн өмчийн байрны түрээсийн орлогыг ил болголоо”
2023 оны 4 сарын 24

“Шил ажиллагаа”-ны хүрээнд Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа.


Shilen.gov.mn-д 1 сая гаруй удаа хандаад байна “Шил” ажиллагаа эхэлсэн 2023.03.27-ноос хойших сар хүрэхгүй хугацаанд нийтийн мэдээллийн нэгдсэн талбар shilen.gov.mn-д 1 сая 34 мянга 550 хандалт бүртгэгдлээ.

“Төрийн өмчийн байрнуудын түрээсийн орлого ил боллоо.  Нийт 1745 компани, хуулийн этгээдийн төрийн өмчийн 314 байр, объект дахь 148.699 ам метр талбайн түрээсийн мэдээллийг байршууллаа. Төрийн өмчийн байр талбайн түрээсийн нийт орлого 2022 онд 21.9 тэрбум төгрөг болсон байна. Түрээсийн орлогоос улсын төсөвт 2022 онд 7,7 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

“ТУЗ”-ийн гишүүдний нэрс болон цалин ил боллоо Төрийн өмчийн, нөлөө бүхий компани “Эрдэнэс Монгол”, Хөгжлийн банк, МИАТ-ын ТУЗ-ийн 534 гишүүний цалин ил тод болж байна. Өнөөдөр мэдээлэл нэмэгдсэнээр төрийн өмчит, төрийн оролцоотой компаниудын ТУЗ-ийн гишүүдийн 98%-ийнх нь нэр, цалин нээлттэй болоод байна.

ХААДС-д 169,7 тэрбумын өрийн мэдээлэл нээлттэй боллоо Хөдөө аж ахуйг дэмжих сангийн 10325 зээлээс 8993 хуулийн этгээдэд хамаарах 169.7 тэрбум төгрөгийн өртэй мэдээлэл ил тод боллоо. Ил тод мэдээлэл өр  багасгах хөшүүрэг болж, өнгөрсөн 7 хоногт 95 иргэн, хуулийн этгээд 461.7 сая төгрөгийн зээлээ эргүүлэн төлсөн байна.

ЖДҮХ санд 221,3 тэрбумын өр хуримтлагдсан байна.  ЖДҮХ сангаас 2008 оноос хойш зээл авсан 1295 иргэн, хуулийн этгээдийн мэдээллийг нээхэд 221,3 тэрбум төгрөгийн өр ил боллоо. ЖДҮХС-гаас иргэн, хуулийн этгээдийн авсан 270 тэрбумын зээлээс төлөгдсөн нь 48,7 тэрбум, үлдэгдэл нь 221,3 тэрбум төгрөг байна.

Хувийн байгууллагуудаас төрийн өмчийн байруудад төлбөр төлж, гэрээ байгуулаад түрээсэлдэг. Бид энэ мэдээллийг ил болгож байна. Ингэхдээ түрээслэгч байгууллагуудаар нь хайлт хийж, ямар байгууллагууд хэр хэмжээний талбай түрээсэлдэг талаарх мэдээлэл харагдана.

Түрээсийн үнийг ч ил тод харуулсан байгаа. Нийт түрээсийн орлого хэд вэ гэдгийг харах боломжтой. Төр гэдэг айл олон мянган гэрчилгээтэй, олон байртай байлаа гээд бүх талбайгаа дүүргэх албагүй. Үл хөдлөх хөрөнгөө үр ашигтай болгож, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талбар байлгах ёстой. Тийм учраас та бүхэн түрээсийн үнэ, байгууллагын талаар мэдээллийг харах боломжтой.

Дараагаар нь төрийн өмчид компаниудын ТУЗ-ийн гишүүдийн 98 хувийн бүтэц бүрэлдэхүүн, цалингийн хэмжээг олон нийтэд ил тод болгож байна. Бид өмнө нь зөвхөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт харьяалагддаг төрийн өмчид компаниудын ТУЗ-ийн мэдээллийг ил болгож байсан. Энэ удаа холбогдох аж ахуйн нэгжүүдээс мэдээллийг авч, төрийн өмчит компанийн ТУЗ-ийн мэдээллийг ил болгож байна. Жишээлбэл, та бүхний анхаарлыг татаж байсан “МИАТ”, “Хөгжлийн банк”, “Эрдэнэс Монгол” компанийн охин компаниуд зэрэг нөлөө бүхий компаниудын мэдээллийг ил тод болгосон” гэв.

БАЙРНЫ ТҮРЭЭСЭЭРЭЭ ХАМГИЙН ИХ ОРЛОГО ОЛДОГ ТАВАН БАЙГУУЛЛАГА

Нийт 1745 компани, хуулийн этгээдийн төрийн өмчийн 314 байр, объект дахь 148.699 ам метр талбайн түрээсийн мэдээллийг shilen.gov.mn-д өнөөдөр \2023.04.24\ байршууллаа. Төрийн өмчийн байр талбайн түрээсийн нийт орлого 2022 онд 21.9 тэрбум төгрөг болсон байна. Түрээсийн орлогоос улсын төсөвт 2022 онд 7,7 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Хавдар судлалын үндэсний төв, Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар, Засгийн газрын автобааз, “Чингис хаан” ОУНБ, Улсын нэгдүгээр төв эмнэлэг түрээсээс хамгийн их орлого олдог таван байгууллага юм. Хувийн хэвшлээс “Мед портал”, Голомт банк, “Монгол Хьюандай автомотив” компани төрд хамгийн их түрээс төлдөг байна. ХСҮТ зөвхөн талбай түрээслэх бус орлого хуваах гэрээ байгуулж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар өөрсдөө эрсдэл үүрэхгүй, урсгал зардал гаргахгүйгээр эрүүл мэндийн даатгалаар нь иргэдэд үйлчилж байна.

Иргэн, хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэн, хэнд, хаана, хэдээр, хэр хэмжээтэй талбайг  ямар хугацаанд түрээслүүлж буйг мэдэхийг хүсвэл shilen.gov.mn-ээс харж хянах боломжтой.  ТӨБЗГ төрийн өмчийн түрээсийн төлбөрийн доод үнэ, гэрээний загвар, төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг 2020 оны хоёрдугаар сарын 18-ны 49 дүгээр тогтоолоор баталсан. Түрээсийн орлогоос 40 хувийг нь улсын төсөвт төвлөрүүлэхээр тогтоожээ.