Улс төрийн намын хуулийг иргэд дэмжиж байна
2023 оны 6 сарын 3

Улс төрийн намуудын тухай хуулийг Ерөнхийлөгчөөс өргөн бариад буй. Өнөөдөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байгаа учраас цаг үеэ олсон хууль. Аливаа асуудлыг цогцоор нь шийдэж байж цааш явна. Хуулийн төсөлд сайн зүйл ч бий, муу ч зүйл бий. Ямартай ч өнгөрөгч баасан гарагийн УИХ-ын ээлжит чуулганаар энэхүү төслийг хэлэлцэв.

Үүгээр Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “Улс төрийн намын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хуулийн төслийн талаар танилцуулж, тэрбээр, тус хуулийг боловсруулах үйл явц, хуулийг боловсруулах шаардлага хийгээд төслийг боловсруулахад хэрхэн ажилласан талаараа танилцуулсан.

Тухайлбал, Ерөнхийлөгчийн 2021-2027 оны бодлого үйл ажиллагааны хөтөлбөрт “Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах Ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн 2022 оны нэгдүгээр сарын 06-ны өдрийн 06 дугаар захирамжаар байгуулсан билээ. Уг ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулах ажлын хүрээнд парламентад суудалтай намууд болон бусад намууд, эрдэмтэн судлаачид, төрийн байгууллагын төлөөллийг хангасан олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг, уулзалт, ярилцлага хийсний зэрэгцээ хуулийн төслийн талаарх санал авахаар Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн бүх намуудад 2022 оны тавдугаар сарын 04-ний өдөр илгээж хуулийн төсөлд УИХ-д суудал бүхий бүх намуудаас болон бусад улс төрийн намуудын саналыг авсан талаар танилцуулаад “Улс төрийн намын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулсан зарчмын шинжтэй өөрчлөлтийн талаар  илтгэсэн юм.

Эцэст нь хуулийн төсөл батлагдсанаар улс төрийн намын эрх зүйн орчин сайжирч энэ хүрээнд гарах үр дүнг танилцуулж, улмаар улс төрийн намын шинэтгэлийг хэрэгжүүлснээр Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалын үндэс болсон иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөө баталгаажиж, намд итгэх иргэдийн итгэл дээшилж, төрийн бодлого, шийдвэр гаргах явцад ард иргэдийн шууд оролцоо нэмэгдэж, улс төрийн намуудад өрсөлдөөний ижил нөхцөл бий болгож, авлигын түвшин бууруулахад эерэг үр дүн авчирна гэсэн юм.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүд намын хатуу гишүүнчлэлээс татгалзах, санхүүжилтийг ил тод нээлттэй болгох, дотоод ардчиллыг сайжруулах, хариуцлагажуулах зэрэг асуудлуудын хүрээнд Ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Учрал, Нийтийн мэдээллийн тухай хуулийн дагуу улс төрийн намууд 68 төрлийн мэдээллийг олон нийтэд ил тод хүргэх учиртай. Хуулийг  2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр өргөн барьсан. УИХ-ын дарга Г.Занданшатар, улс төрийн намууд ард иргэдийн хүсэл зориг, санал бодлыг илэрхийлж чадаж байна уу гэсэн  асуултад иргэдийн 87 хувь нь “чадахгүй”, 46,5 хувь нь улс төрийн намууд хэрэггүй, улс төрийн нам өөрөө авлигыг өдөөгч хүчин зүйл хэмээн хариулсан байна. Тиймээс  улс төрийн намуудад итгэх иргэдийн итгэл суларсан нь ардчиллын нэр хүндэд нөлөөлж байна. Хуулийн төсөлд улс төрийн нам ард түмний хүсэл эрмэлзлэлийг илэрхийлж чадах улстөрийн институц байх суурь ойлголтыг буй болгох, дотоод ардчиллыг бэхжүүлэх, санхүүжилтийг ил тод олон нийтийн хяналтад байх чиглэлд ямар заалт оруулсан талаар асуулаа.

Я.Содбаатар, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулан 18 жилийн дараа шинэчлэн найруулж, УИХ-д өргөн бариад хэлэлцүүлж байна.  2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд улс төрийн намын талаарх  гурван чухал  заалт орсон. Эдгээр заалтын дагуу нам дагасан шүүмжлэлүүдийг засах чиглэлд хуулийн төслийг боловсруулсан. Улстөрийн нам бодлогын институц байхын тулд хөгжлийн бодлогоороо өрсөлддөг, үзэл санаа, үнэт зүйлээрээ эвлэлдэж, хариуцлагатай хүчин болон төлөвшиж, хөгжихөд энэхүү хуулийн шинэчлэл оршиж байна. Тухайлбал, намын санхүүжилт ил тод байхаас гадна төсвөөс өгч буй мөнгөний зарцуулалтын зориулалтыг хүртэл нарийвчлан зааж өгсөн. Хандив нэрээр өгч буй авлига, хээл хахуулийг зогсоох, нэг хүний эсвэл хэсэг бүлэглэлийн нам байхыг хязгаарлаж, дотоод ардчиллыг бэхжүүлэх, хариуцлагажуулахад анхаарсан байна.