Ч.Тамир: Гаалийн ажилтны гэрээс 60 мянган рубль, 10 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олдсон
2023 оны 5 сарын 1

Гаалийн байгууллагын ажилтны гэрээс есөн кг алт, 10 тэрбум төгрөг хураасан гэх мэдээлэл худал болохыг АТГ мэдээлсэн. Тэгвэл уг асуудлаар Гаалийн Ерөнхий Газрын Хуулийн хэлтсийн дарга Ч.Тамир  өнөөдөр /2023.05.01/ мэдээлэл хийлээ.

Гаалийн Ерөнхий Газрын Хуулийн хэлтсийн дарга Ч.Тамир:

-Зарим хэвлэл мэдээллийн байгууллага тухайн үед хажууд нь байсан мэтээр бичиж байгаа учир бодит байдлын талаар тайлбар хийхээр боллоо.

Гаалийн Ерөнхий Газар нь бүтцийн хувьд 18 газар, хороотой. Түүний нэг нь Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар. Гадаад улсаас Монголд ирж байгаа, Монгол Улсаас гаднын улс руу гаргаж байгаа захидал, шуудан илгээмжид хяналт тавьж, бүрдүүлэлт хийдэг.

Тус газрын улсын байцаагч, нягтлан бодогч “С” гэдэг хүнтэй холбоотой мэдээлэл гарсан. Ийм худал мэдээлэл гарсанд гаалийн байгууллагын зүгээс харамсаж байна.

Нягтлан бодогчийн гэрт үзлэг шалгалт хийсэн нь үнэн. Гэхдээ шалгалтын явцад мөнгө, алт хураасан зүйл байхгүй. Чиг үүргийн хувьд улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын санхүү, нягтлан бодох бүртгэлийн тооцооллыг хийдэг. Гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд оролцдоггүй.

Нягтлан бодогчийн гэрээс 60,000 орчим рубль, 10 орчим тооны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олдсон. Гаалийн байгууллагын зүгээс “Эдгээр олдсон эд зүйл нь тухайн ажилтны албан үүргээ гүйцэтгэсэнтэй холбоотой эд зүйл огт биш” гэсэн байр суурьтай байгаа. Түүний эх үүсвэрийг хуулийн байгууллагаас шалгана.

Тухайн иргэний хувьд 2015 оноос хойш гаалийн байгууллагад ажиллаж байгаа бөгөөд сүүлийн нэг жил, зургаан сарын хугацаанд хүүхдээ төрүүлээд, асарч байна. Гэсэн ч энэхүү ажил нь хуулийн дагуу хийгдэж байгаа” хэмээв.

Х.ОЧ