“76 даргаас 152 иргэний төлөөлөгч рүү шилжинэ”
2023 оны 5 сарын 5

2023.05.05-Улс төр

УИХ-ын чуулганы Баасан гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаан 59 гишүүний ирцтэйгээр эхлэв.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн журмын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын чуулганы Баасан гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаан 59 гишүүний ирцтэйгээр эхлэв.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн журмын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын тэргүүн танилцуулав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Геополитикийн одоогийн өөрчлөлт цаашдаа 5-10 жил, 50-100 жил ч үргэлжлэх төлөвтэй байгааг судлаачид анхааруулж байна. Энэ цаг үед та биднээс хөрвөх чадвар, ур ухаан, улс төрийн манлайллыг шаардаж байна. УИХ-ын төлөөллийн чадамжийг сайжруулж, нийгэм, улс орны тулгамдсан асуудлыг илүү олуулаа хэлэлцэн шийдвэрлэх нь үндэсний аюулгүй байдалд туйлын чухал алхам болно гэж үзэж байна. Хоёрдугаарт , нутаг дэвсгэрийн болон нийгмийн төлөөллийг тэгш хангах зарчмын тухай.

1992 онд АИХ-аар шинэ Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүний тоо 75-200 хүртэл байх хувилбар яригдаж, эрх мэдлийн төвлөрөл, төлөөлөх чадамжийн тухай яригдаж байсан түүхэн баримтууд, хурлын протоколд тэмдэглэгдсэн байдаг.

Нэг үгээр хэлбэл, иргэдийг төлөөлөх парламентын тооны мэтгэлцээн бол шинэ зүйл биш юм.  1992 онд шинэ Үндсэн хууль батлахдаа УИХ-ын гишүүдийн тоог тухайн үеийн нийт хүн амын тоонд үндэслэж, нэг гишүүн дунджаар 27 мянган иргэнийг төлөөлөхөөр тооцож, 76 гишүүнтэй байхаар хуульчилсан.

Өнөөдөр хүн амын тоо 1992 оноос нэг саяар нэмэгдэж, УИХ-ын гишүүн дунджаар 45 мянган иргэнийг төлөөлж байна.

УИХ-ын гишүүд нутаг дэвсгэрийн нэгжээс сонгогдож ирснээр Улсын төсвийг тойргийн эрх ашигтаа нийцүүлэн батлуулах, сонгуулийн ажилд дэмжлэг үзүүлсэн боловсон хүчнийг төрийн албанд байршуулах, нутгархах үзэл хавтгайрах, сонгуульд мөнгөний хүчин зүйл нөлөөлөх, намын хатуу гишүүнчлэл нэмэгдэх үзэгдлүүд өнгөрсөн хугацаанд давамгайлсан. Энэхүү төслийн хувилбарт нутаг дэвсгэрийн болон нийгмийн төлөөллийг тэгш хангах зарчмыг тусгалаа.

Улс төрийн хүчин МАН-ын хувьд бусад улс төрийн намуудыг төрийн бодлогод оролцуулах боломжийг нээж байгаа нь олон намын тогтолцоо бүхий ардчилсан парламентын засаглалын хөгжилд оруулж буй эрхэм үүрэг гэж үзэж байна. Бид ганцаар хурдан явахаас илүү олуулаа хол явахыг, дотоод өрсөлдөөнөөс илүү дэлхийн улс орнуудтай Монгол Улс хөгжлөөрөө өрсөлдөхийг илүүд үзнэ.

Гурав, эдийн засгийн их үсрэлтийн тухай, Өнгөрсөн хугацаанд бид эхлүүлсэн төсөл олон ч дуусгаж чадсан нь цөөхөн. Дэлхийн их гүрнүүд их өгөгдөлд тулгуурлаж, хиймэл оюун ухаанаар хөгжлийн бодлого, хөгжлийн загвараа урт хугацаанд тодорхойлж байна. Тойрог бүрт гишүүн бүхэн төлөвлөлт хийх гэж хичээж, техник эдийн засгийн үндэслэл, ажлын зургийн оронд сонгуулийн амлалт, сэтгэл хөдлөлөөр асуудалд хандаж, гоёмсог танилцуулгаар бие биенээ хуурсаар 30 жилийг ардаа үджээ. Нийслэл хотод 2016 оноос өнөөдрийг хүртэл Улаанбаатар хотыг хоёр бүтэн тойрох хэмжээний урттай 1200 орчим км автозам баригдсан боловч дүүрэг дүүрэгт тавигдсан хоорондоо холбогдоогүй мухар замууд бий болжээ. Тойрог тойргийн эрх ашиг улсын хөгжилд хэрхэн сөргөөр нөлөөлдгийн энгийн жишээ энэ юм. Монгол Улсын иргэдийн амьдралын чанар, эрүүл мэнд, боловсрол, НД, цалин тэтгэврийн нэгдсэн болого, боомт тээвэр логистик, аж үйлдвэр, эрчим хүч, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэр зэрэг эдийн засгийн томоохон төслүүдийн хэрэгжилтэд хязгаарлах хүчин зүйл болсныг хүлээн зөвшөөрөх ёстой.

Хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчид бодлого нь тодорхойгүй, залгамж чанаргүй, нэгдсэн төлөвлөлтгүй төрийн бодлогоос шалтгаалж, хэчнээн хэмжээний боломжийг алдсаныг, ямар хэмжээний сорилттой нүүр тулсныг тоочоод баршгүй.

Өнөөдөр би зөвхөн өнгөрснийг шүүхийг хүсэхгүй байна. Харин өчигдрөөс илүү маргаашийн төлөө энэхүү тогтолцооны өөрчлөлтийг хийх нь зүйтэй гэж үзэж байна.

Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжиж, уул уурхайн далд эдийн засаг ил болж эхэлснээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт цар тахлын оргил үед -4.6 хувь хүртэл агшсан бол 2023 оны нэгдүгээр улирлын урьдчилсан тооцооллоор 7.6 хувийн өсөлтөд хүрлээ. Экспортын орлого 9.2 тэрбумаас 12.5 тэрбум ам.долларт хүрч, ДНБ 43.5 их наядаас 52.9 их наяд төгрөгт хүрлээ. Нэг хүнд ногдох ДНБ анх удаа энэ оны эцэс гэхэд 5000 ам.долларт хүрэхээр төлөвлөж байна.

Олон улсын туршлагаас харвал нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрч байж, амьдралын чанар бодитоор сайжирч, ажлын үнэт зүйлс жинхэнэ утгаараа хөгждийг харуулж байна. Тойрогжсон тогтолцоогоо халж, улс орны хөгжлийг тодорхойлох стратегийн ач холбогдолтой эдийн засгийн томоохон төслүүдээ тогтвортой хэрэгжүүлэх нь ирээдүйн Монголын хувь заяанд нэн чухал юм. Засгийн газраас УИХ-ын гишүүнийг 76:76 хувь тэнцүүлэн сонгох Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Хуулийн төслийг өргөн барихдаа өмнөх онуудад гаргасан саналуудад тусгасан хүн амын тоонд зохицуулан УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх санал, УИХ-ын 2019 оны 72-р тогтоолоор батлагдсан ажлын хэсгээс зохион байгуулсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг, хууль тогтоох гүйцэтгэх эрх мэдлийн хяналт, тэнцлийг хангах тухай Үндсэн хуулийн Цэцийн 2022 оны 1, 2-р тогтоол зэргийг үндэслэсэн болно.

Ингээд хууль санаачлагчийн илтгэлтэй холбоотой асуулт, хариулт явууллаа.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: 

-Өнөөдөр бид маш чухал асуудлаар ярилцаж байна. Бид ард түмний эрх мэдлийг булааж, хулгайлж болохгүй гэдэг байр суурийг илэрхийлье. УИХ-ын 76 гишүүн өөрөө өөрсдөдөө зориулж хууль баталж болохгүй. Журмын тухай хуульд ч ийм санаа байгаа. Нийт ард иргэдийн санал асуулгаар хэрэгжүүлэх хуулийн заалтуудыг хэрхэн хэрэгжүүлж байгаа вэ?

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 69-р зүйлээрээ журамлан зохицуулсан байдаг. Энэ журамд зааснаар УИХ-ын гишүүдийн 3/4-ийн доошгүйн саналаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг батална. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ хоёр удаа авч хэлэлцэхэд гишүүдийн 3/4-ийн доошгүйн санал авч эс чадвал уг төслийг ээлжит сонгуулиар сонгогдсон гишүүд шинэ бүрэлдэхүүн эхэлтэл дахиж авч хэлэлцэхгүй гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хоёр үндсэн арга хэрэгсэл байгаа. 1-р Үндсэн хуулийн заалт, нөгөө нь ард нийтийн санал асуулга юм. Өнөөдрийн энэ харилцаа 2022 оны Цэцийн тогтоолоос үндэслэж, УИХ-ын 54-р тогтоолыг та бид бүхэн хамтдаа батлалцсан. Үүнд УИХ-ын тоог нэмэгдүүлэх, сонгуулийн тогтолцоог сайжруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулж ирэхийг УИХ-аас Засгийн газарт даалгасан.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Энэ УИХ-ын гишүүдийн 152 гэдэг тооноос гарч ирсэн бэ? Хэр үндэслэлтэй вэ? 76:76 байх нь  Монгол Улсын хөгжил, ард түмний төлөөлөлд хэр зэрэг нийцэж байгаа вэ? Үндсэн хуулийн өмнөх өөрчлөлт 2022 оны наймдугаар сарын 29-нд хийгдсэн. Энэ өөрчлөлт яг хуулийн номынхоо дагуу явагдсан уу? Баахан хүмүүс давхар дээлтэй болж, давжаа парламентад ийм том засгийн газартай болсон. Энэ алдаагаа засахын тулд энэ хуулийн төслийг оруулж ирлээ. Энэ удаагийн өөрчлөлт чинь батлагдахгүй бол хариуцлагаа та нар хүлээж чадах уу?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Бид үнэн байж сурах хэрэгтэй байна. Өрөөнд уулзахаараа энэ нэмэлт өөрчлөлт зөв гэчихээд энд орж ирээд ярихаараа ер нь буруу ч юм биш үү гээд байдаг. Олон намын парламентад оруулж ирэх нь геополитикийн энэ нөхцөл зөв байна. 76:76 гэдэг үндэслэлийг тайлбарлавал, одоо 76 гишүүд шууд тойргоос сонгогдож байгаа. Ингэхээр тойрог талаасаа харах магадлал илүү өндөр байна. Нийгмийн төлөөллийн дуу хоолой болоход тойргуудад хуваагдчихаж байна. Жишээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой асуудал гэхэд тойрог, тойрог дээр байгаа тухай тухайн асуудлыг илүү үздэг. Үндэсний хэмжээнд гаргаж ирэх сегментийн дуу хоолой тойрогт хуваагдаад багасчихаж байна. Эмэгтэйчүүдийг улс төрд эн тэнцүү төлөөлөлтэй болгосон бол ядаж л хүүхдийн тоглоомын талбай дээр барилга барих шийдвэр гаргах байх гэж би найдаж байгаа юм.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: 

-Улс төрийн тогтолцоотой холбоотой шийдвэрүүдийг УИХ хэд хэдэн удаа гаргаж байсан. Түүний нэг нь Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тогтолцооны асуудлыг бид хэлэлцэж байна. Энд хоёр үндсэн зарчмыг сайн хэлэлцэх ёстой гэж бодож байна. Зөвхөн нэг намын улс төрийн бодлогоор биш ард иргэдтэйгээ бодлогоо танилцуулж, шийдэх шийдлийг олох ёстой. Бид парламентын гишүүдийн 152 гэх тооноос илүү мажоритар, пропорциональ тогтолцооны харьцааг ярих хэрэгтэй. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэж харж байна. Тэрнээс биш эрх барих намын оруулж ирсэн санал учраас дуугүй гар өргөнө гэсэн асуудал биш.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: 

-Өмнөх 30 жилийг дуусгаж, үр хүүхдэдээ өөр 30 жилийг бид өгч чадах юм уу, үгүй юм уу? Үүний тулд тогтолцооныхоо өөрчлөлтийг хий. Авлигатайгаа тэмцэж чадах юм уу, Үүний эсрэг зоригтой тэмцэж чадвал парламентаас шүгэл үлээнэ, бүхэл бүтэн намаараа бид дэмжинэ. Л.Оюун-Эрдэнэ та намын даргын хувьд үгээ хэлээч. Намын жагсаалтад хулгай хийсэн, худлаа ярьсан, нэр хүнд нь унасан биш мэдлэг, ёс зүйтэй шинэ залуусыг оруулж ирнэ гэж амлаач ээ. Үүнд баталгаа өгөөч ээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Хэрэв Ардчилсан нам зөвшөөрвөл энэ асуудлаар ХҮН намтай гурвалсан санамж бичигт гарын үсэг зурахад бэлэн байна.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: 

-Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ярьж байна. Энэ гурав бол эрхзүйн хувьд нэг багц гэж хэлж болохоор байгаа. Энэ бол улс төрийн суурь шинэчлэлийн чанартай, улс орны хөгжил дэвшилд чухал ач холбогдолтой гэж харж байна. Эдгээр хуулиудын хоёрыг нь эсвэл нэгд нь өөрчлөлт оруулалгүй хэвээр нь үлдээвэл бүрэн шинэчлэлт болж чадахгүй. Гишүүдийн тоо нэмэхийг хүн амтай холбож авч үзэж байгаа. Үүнээс үүдэх эрсдэл, давуу талын судалгаа хийгдсэн үү? Анх гишүүдийн тоог 76 бүрэлдэхүүнтэй зургаан жилийн хугацаатай дунд нь гурван жилээр сэлгэлт хийдэг байх саналыг гаргаж ирсэн байсан. Одоогийн Японы жишиг. Ийм хувилбарыг та бүхэн бодож үзсэн үү? Монгол Улс бол харьцангуй залуу орон. Тиймээс цаашид хүн амын тоо өснө. Иймд гишүүдийн тоог хатуу зааж өгөх нь хэр зохимжтой вэ? Үндсэн хуулийн тогтвортой байдлаа харсан ч бусад холимог системтэй орнуудаас харсан ч парламентын гишүүдийн тооны доод хэмжээг л Үндсэн хуульдаа зааж өгсөн байдаг юм билээ. Ингээд мажоритар тогтолцоогоор парламентын гишүүдийн тоог хүн амын тоотой уялдуулж тогтоодог уян хатан системтэй байна. Ийм зохицуулалтыг бодож үзсэн үү?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Нэмэлт өөрчлөлтөөр хууль тогтоох чанарт том хэмжээний өөрчлөлт гарна. Парламент мэтгэлцээний соёл руу шилжинэ гэсэн үг. Ялангуяа, Дэгийн тухай хуульд нэлээд том өөрчлөлт авчирна. Англи, Германы парламенттай төстэй, сонгодог зам руугаа орно. Бодлого тогтвортой явна. Ихэнх тохиолдолд хамтарсан Засгийн газар байгуулагдах болно. Сул тал нь гэвэл засаглалын тогтворгүй байдал үүсэх, мэтгэлцээн урт хугацаанд сунжирах магадлалтай. Тогтолцооны гурван хуулийг энэ хаврын чуулганаар хийж чадвал араас нь төрийн албаны реформ явна. Өнгөрсөн 30 жилээ өөр өөрсдийнхөөрөө дүгнэж байна. Сонгуулийн зардлыг хамгийн бага түвшинд байх ёстой. Улс төрийн намуудын санхүүжилт ил тод байхыг шаардана. Ингээд зөв тогтолцоо руу хамтдаа явъя. 152 хүнийг лобби хийх тийм амар зүйл биш. Энэ нь лоббины дархлаа багасна. Олуулаа байх тусам ил тод байж, иргэдийг төлөөлөх чадвар сайжирна.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

-Би УИХ-ын гишүүний тоог 152 болгож нэмэгдүүлэхийг дэмжихгүй байна. УИХ-ын гишүүдийн тоог тогтохдоо цаашид маш сайн хэлэлцэж, ярилцана. Тиймээс үүн дээр одоо тогтож ярих шаардлагагүй боллоо. Тойргийн гишүүдийн тоог бууруулахыг ард иргэд эсэргүүцэж байна. Тиймээс тэнцвэртэй байдал зөв гэж үзэж байна. Гурван гол асуудлын нэг нь жендэрийн тэгш байдлыг энэ нэмэлт өөрчлөлт хангаж байгаа учраас талархаж байна.

Гишүүд үг хэлж дууслаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэхийг 59 гишүүн дэмжиж, 96.7 хувийн саналаар зөвшөөрлөө. Ингээд хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Хуульзүйн байнгын хороонд шилжүүллээ.