ЧУУЛГАН: ҮХНӨ-ийг иргэд дэмжиж байж шийдэлд хүрнэ
2023 оны 5 сарын 27

УИХ чуулганы өнөөдрийн /2023.05.19/ хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцэж байна. 

Үндсэн хууль бол төр, иргэний гэрээ

УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР:

-УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн журмын тухай хуульд зааснаар үг хэлбэл сайн байна. Тухайлбал, тус хуульд зааснаар ард нийтийн санал асуулга явуулах журамд Байнгын хороон дээр энэ тухай саналыг гаргах буюу УИХ-ын гишүүдийн гуравны нэг эсвэл МонголУлсын Ерөнхийлөгч, Засгийн газар санаачлах ёстой. Хэрэв УИХ-ын гишүүний 1/3 санаачилбал ард нийтийн санал асуулга явуулах тухай хэлэлцэнэ.

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах анхны хэлэлцүүлэг хоёр долоо хоногийн өмнө болсон. Үүний дараагаар гишүүд тойрогтоо ажилласан. Хөдөөгүүр ажилласан гишүүдэд иргэдийн зүгээс нэгдүгээрт, долоон жилийг таван жил болгох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг шаардах, хүүхдийн мөнгийг 100 хувь олгох, гуравдугаарт цалин тэтгэврийг нэмэхийг шаардсан. Энэ нь ч тодорхой үр дүнд хүрч эхэлж байна. Сангийн сайд Б.Жавхлан ямартай ч хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд бүрэн олгох шийдвэрийг гаргасан. Мөн Засгийн газар цалин, тэтгэврийг үе шаттай нэмэх, төсвийн тодотголыг долдугаар сард багтаж хийх шийдэлд хүрч байна.

Мөн иргэд, олон нийт саналаа хэлэх боломжтой. УИХ-ын тамгын газраас дээрх зарчим болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх хүрээнд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээллийг олон нийтэд зарлан мэдээлэх, төслийг нийтэлж санал авах, дүнг нэгтгэн танилцуулах санал дүгнэлтийг тавдугаар сарын 3-17-ны өдөр зохион байгууллаа. УИХ-ын гишүүд тойрог ажиллах 85 дугаар захирамжаар гишүүд төслийн талаар мэдээллээр хангаж танилцуулга хийх олон нийтийн оролцоог хангаж, мэдээллийг сонгох замаар 7-16-ны өдөр гишүүд тойрогтоо ажилласан. Нийт 64 гишүүн 21 аймаг, есөн дүүрэгт ажиллаж иргэдээс санал авсан.

Нийгмийн бодлогын байнгын хороо төслийг хэлэлцүүлэх үед УИХ-ын гишүүн С.Ганбаатар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлттэй холбоотой ард нийтийн санал авч үзэх шаардлагатай гэдгийг илэрхийлсэн.

Бусад гишүүд гишүүдийн тоо, тогтолцооны талаар хатуу тогтоох эсэх асуудлаар мөн тус бүр саналаа хэлсэн.

УИХ-ын гишүүн Ц.ДАВААСҮРЭН:

-Нэмэлт өөрчлөлтийг гурав дахь удаагаа өөрчлөх гээд байна шүү гэдэг талаар их ярьж байна. 2019 онд нэг өөрчилсөн, дараа нь давхар дээл дээр, одоогийн өөрчлөлтийг нэмвэл гурав болж байна. Тооны хувьд дэмжиж байгаа хүн алга. Намын жагсаалтыг ч дэмжихгүй байна. 2012 оны тойроггүй 28 гишүүн байсан. Тэд улсын хөгжил ярьж байгаагүй. Намууд төлөвшөөд сайжирсан зүйл ч байхгүй  гэдгийг иргэд хэлж байгаа. Бид иргэд, сонгогчдын төлөөлөл.

Тангараг өргөхдөө ард түмнийхээ илчийн хувьд нийт иргэдийнхээ эрх ашгийг эрхэмлэж Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэхээ тангаргалдаг. Тиймээс миний хувьд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжих боломжгүй.

Үндсэн хууль бол төр, иргэний гэрээ. Энэ гэрээгээр хоёр талд хариуцлага хүлээх ёстой. Гэрээнд өөрчлөлт оруулах юм бол хоёр талаасаа ярих ёстой. Нэг нь дангаараа ярьж болохгүй. Тиймээс ард нийтийн санал асуулгыг авахыг дэмжиж байна. Бид өнөөдөр хүчээр шийдлээ гэхэд сонгуулийн үр дүн ямар байхыг хэлж мэдэхгүй байна. Дараа ньямар асуудал үүсэхийг хэлж мэдэхгүй байгаа учраас иргэдийн саналыг авахыг хүсч байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.ЭНХБОЛД:

-Байнгын хороод хуралдаж, өчигдөр одоо энэ хуралдаж байгаа саналыг эцэслэсэн. 152-ыг 126 болгосон санал дээр их хуралд суудалтай болон цөөн суудалтай намууд юу гэж бодож байгаа саналыг аваагүй байна. Ямар ч байсан бүхий л талын байр суурийг хадгалж шийдвэрийг гаргана. Хоёрдугаарт, жагсаалтаар болбол нийгмийн бүхий л сегментийг тэгш байдлаар оролцуулах ёстой. Гэхдээ ихэнх улс орондл хувьчилж заасан зүйл байдаггүй.

Хуулийн хүрээндмэдээж шийдвэрлэх ёстой асуудлууд бий. Бид энэ бүхнийг судалж байгаа.

Тухайлбал, эмэгтэйчүүд болон нийгмийн харилцаанд жин дардаг сегментийн төлөөллийг оролцуулах талаар би хувийн зүгээс ч дэмжиж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг бид өнөөдөр яриагүй. Сонгуулийн тухай хууль, Намын тухай хууль, Намын санхүүжилтийн тухай хуулийг ярьж байна. Эдгээр хуулиудыг багцаар нь гаргаж байж, яриад байгаа ажлууд бодит хэрэгжилтэд хүрнэ.

УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 2,3 дугаар хэлэлцүүлэг дээр тоотой холбоотой асуудал дахин гарч ирвэл ХҮН нам хэрхэвч хүлээж авахгүй. Харин харьцааны хувьд 50:50 гэдэг дээр хэвээр байгаа. Иргэдийн саналыг мөн тусгаад явах ёстой гэдэг дээр ажлын хэсгийн саналыг дэмжиж байгаа.

УИХ-ын гишүүн С.ГАНБААТАР:

-УИХ-ын гишүүд өнөөдөр өөрийн бүрэн эрхээ нэмэх гээд хэлэлцээд сууж байна. Энэ бол хамгийн ноцтой асуудал. Дур зоргоороо ард түмний эрх ашигт нөлөөлөөд байж байна шүү дээ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17.1-д зааснаар УИХ төслийг хэлэлцээд тухайн саналыг ард нийтийн санал асуулгаар оруулах нь зүйтэй гэж УИХ-ын нийт гишүүний 2/3 саналаар тогтвол УИХ тогтоол гаргана гэж заасан байдаг. УИХ-д бид нэмэлт өөрчлөлт оруулахдаа бид хаалгаа хаагаад 3/4 шийддэггүй юм шүү. Ард нийтээс заавал асуухыг журамласан байдаг. Би өнөөдөр 152, 126 гишүүний талаар ярих гээгүй. Харин шийдвэрлэх арга замын талаар ярьж байна. Бид өнөөдөр хаалгаа хааж байгаад гишүүний тоо, сандал, суудлын талаар ярьж болохгүй. Ер нь бол 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд гишүүний тоотой холбоотой асуудал орж ирсэн. Тэр үед гишүүдийн тоотой холбоотой санал асуулга явуулж ард иргэдээс асуух уу эсвэл шууд танхимаар шийдэх үү гэдэг талаар ярьж байсан. Яг үүнтэй ижил нийт гишүүнээс энэ саналыг авч өгөхийг хүсч байна.

Хоёрдугаарт, хэлэлцүүлгийн үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шийдвэр гаргах эрхийг ард нийтийн санал асуулгад өгөхийг эрхэм гишүүдээс гуйж байна.

Үндсэн хуулийн 25.1-д УИХ дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ гэж заасан байдаг. 25.1.1-д хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах гэсэн байгаа. Энэ хэсэгт Үндсэн хууль гэж заагаагүй. 76 бол ард иргэдэд зориулж хууль баталдаг. Ард иргэд бидэнд баталдаг хууль бол Үндсэн хууль. Гэтэл өнөөдөр бид ард иргэдийнхээ хууль өөрсдийн эрх ашгийн үүднээс гар дүрж оролцож байгаа нь утгагүй. Энийг би хэлэх үүрэгтэй. Өөрийн итгэл үнэмшлээр хэлж байна.

Тиймээс Үндсэн хуулийн 21.1-д оруулах нэмэлт өөрчлөлтийг УИХ шийдвэрлэхдээ үндсэн хуулийн 69.2-д зааснаар ард иргэдийн санал асуулгыг явуулах томъёоллоор нийт гишүүдээс санал авахыг хүсч байна.