УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байх ҮХНӨ-ийн төслийг баталлаа
2023 оны 5 сарын 31

УИХ НЭГ ТАНХИМТАЙ, 126 ГИШҮҮНТЭЙ БАЙХ САНАЛ БАТЛАГДЛАА

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байгаатай холбогдуулж гишүүд байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Ц.ДАВААСҮРЭН:

-Одоо бол бид нар түүхэн хариуцлагатай шийдвэр гаргах гэж байна. УИХ-ын гишүүд тангараг өргөхдөө сонгогчдынхоо нийтлэг эрх ашгийг дээдэлнэ гэж амлалт өгсөн. Хоёр удаа бид тойрогтоо ажиллалаа. Тойрогт ажиллах хугацаанд 11 удаагийн уулзалт хийлээ. Нийтдээ 900 гаруй хүнтэй уулзсан. Ард иргэд УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг дэмжсэнгүй, намын жагсалтыг дэмжсэнгүй. Намын жагсаалтаар сонгогдох боломжгүй хүмүүс гарч ирэх шалтгаан болно гэж үзэж байна. Тийм учраас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг  дэмжих боломжгүй байна. Иргэд, сонгогчдынхоо сонгох эрхэнд халдаж чадахгүй. Яагаад гэвэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд “Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа нам бүлгийн эрх ашгийг илэрхийлсэн байж болохгүй” гэж заасан.

Үндсэн хуулиа хүндэтгэхгүй бол Монголын төр хямарна. Засгийн эрхэнд гарсан улс төрийн хүчин өөрийн ашиг сонирхолд нийцүүлж, Үндсэн хуулийг өөрчилдөг болно.

Би өөрийгөө бодвол дуугуй байгаад байж болно. Нэлээн бодлоо. Хэлсэн үгэндээ эзэн, өргөсөн нөхөрлөлдөө үнэнч байх ёстой. Намайг сонгосон олон түмэндээ хоёр нүүр гаргаж чадахгүй.

Биднийг цаг хугацаа шүүнэ, бүх юм хязгаартай. Тийм учраас түүхийн үнэнтэй бид нүүр тулна. Та нар улс орныхоо хувь заяаг өнөөдөр шийдэх гэж байна. Энэ УИХ сульдана, доройтно. Одоогийн парламент бол ард түмнийхээ үзэл бодлыг илэрхийлж чаддаг, цаашдаа парламент нэлээн сульдана. Төрийн дархлаа суларна л гэсэн үг. Өнөөдөр та бүхний мэргэн оюун ухаан шийдэг. Хөнгөхөн бодож шийдэх асуудал биш. улс орны олон түмний хувь заяаг багтаж байгаа.

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:

-Монгол Улс Үндсэн хуулиараа парламентын засаглалтай байна гэж заасан. Сүүлийн нэг жил парламентын засаглал байхгүй болсон. Тал нь Засгийн газарт ороод суучихсан. Гүйцэтгэх засаглалд хяналт тавих юм байхгүй өнөөдрийг хүртэл явлаа. Үндсэн хуульд оруулах өөрчлөлттэй холбоотойгоор хоёр удаа ард иргэдтэйгээ уулзаж, санал солилцлоо. Ард түмний амьдрал үнэхээр доройтсон байна. Хулгай зэлгий гэмт хэрэг, ханшийн өсөлт туйлдуулсан байна. Та бүхэнд ард түмэн найман жилийн хугацаанд 65, 62 суудал өгсөн. Гэтэл найман жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил энэ. Гурван хүний хоёр нь ядуу байна.

УИХ-ын гишүүн Д.ӨНӨРБОЛОР:

-Тэгш бус байдал авлига хээл хахууль тогтворгүй засаглалыг засахын төлөөх Засгийн газрын санаачлагыг тогтолцооны хувьд дэмжиж байгаа боловч ёс суртахуунтай төлөөллийг сонгох хүсэлтэй байгаагаа иргэд шаардаж байна. Холимог тогтолцоог дэмжиж байгаа боловч улсаа тоносон төлөөлөл орж ирэх вий гэдгээс болгоомжилж байна. итгэхгүй байна гэдгээ ч хэлсэн.  УИХ-д суудалгүй намууд ч жагсаалтаа худалдах эрсдэл байгааг болгоомжлуулж байна.  Ерөнхий сайд байсан бол иргэдийн ажил хэрэгч асуултыг асууя гэж бодсон юм. Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн хууль, Улс төрийн намын хуулиас ихээхэн хамаарч Үндсэн хуулийн өөрчлөлт явагдана. Үзэл баримтлалыг нь амилуулах баталгааг иргэд нэхээд байна.

Монгол Улс 30 жилийн хугацаанд Засаглалтай байсан юм уу. Сайн Засаглалтай байсан бол хулгай луйвар гарах байсан уу. Засгийн газрын тусгай сангууд руу сүүлийн 20-30 жилд мэдээлэлд ойр, маш олон улсууд, танай манай нам гэхгүйгээр оролцсон байх юм.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах ӨӨРЧЛӨЛТ батлагдлаа. Үндсэн хуульд оруулж буй өөрчлөлтийн гол зорилго нь төлөөллийн ардчиллыг буюу парламентат ёсыг бэхжүүлэхэд чиглэсэн. Энэхүү өөрчлөлтөөр Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт, “Ард түмэн засаглаж байх” Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал улам баталгаажиж байна.

Улсын Их Хурлын гишүүд эрх мэдэлтэн, дарга биш, харин ард түмнийхээ элч төлөөлөгч байх тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульдаа тусгалаа.

Энэхүү өөрчлөлт зөвхөн Улсын Их Хурлын гишүүдийн тоог нэмж олшруулах төдий өнгөц өөрчлөлт биш ээ. Харин ард түмний хүсэл эрмэлзэл, бодол зорилго, засаглах эрх парламентад илүү сайн хангагдаж байх төлөөлийн ардчиллын зарчмыг улам төгөлдөржүүлэхэд чиглэсэн өөрчлөлт юм. Цаашид УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. Сонгууль холимог тогтолцоогоор явагдана. Тойргоос 76 гишүүн, жагсаалтаар 48 гишүүн байна. Үндсэн хуулийн өөрчлөлт албан ёсоор батлагдлаа, ажлын хэсгийнхэнд баярлалаа. Үндсэн хуулийн өөрчлөлт маргаашнаас үр дүнгээ өгч эхэлнэ гэдэгт найдаж байна” хэмээн тодотголоо.

 Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66 нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг батлахыг дэмжлээ.  

Х.ИНДРА