Сайд Н.Төмөрхүү намын нөхдөө дарга болгосон биш ажилгүй болгох дөхөв
2015 оны 7 сарын 24

Баяр наадмын өмнө буюу энэ сарын 8-ны өдөр  Иргэний нисэхийн үндэсний корпораци байгуулах цаасан дээр байсан Засгийн газрын шийдвэр гэнэт амилав. Орох орон оочих аягагүй энэ байгууллагын дарга, хурган дарга нар томилогдож иргэний нисэхийн салбарт бужигнаан үүсгэж орхисон.  Зам тээврийн сайд Н.Төмөрхүү МАН Шийдлийн засгийн газраас гарах шийдвэрт хүрсэн мөчид урьтаж томилгооо хийсэн нь энэ байлаа.

Иргэний нисэхийн ерөнхий газарт ажиллаж байсан МАН-ын гэгдэх нөхдийг Иргэний нисэхийн үндэсний корпорацийн захирал, дэд захирал, газрын дарга, хэлтсийн даргаар томилж орхижээ. Гэтэл корпораци нэртэй том байгууллага нь бүтэц, орон байр нь тодорхойгүй байснаас шинэхэн дарга нар очих газаргүй үлдэх нь тэр.

 

Нэгэнт салбарын сайд тушаал гаргаж томилгоо хийсэн учир Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ц.Эрдэнэбилэг дарга хүмүүсийг ажлаас нь чөлөөлсөн байна. Гэтэл сахил хүртээд шал дордов гэгчээр шинэ даргын тушаал өвөртөлсөн нөхөд очих газаргүй, ажилгүй үлджээ. Аргаа барсан тэд эргэн ажилдаа орох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Сайд томилгоо хийсэн болохоор эргээд сайд л шийдэх учир Н.Төмөрхүү сайд энэ сарын 21-нд өмнөх тушаалаа хүчингүй болгож томилгоонд өртсөн нөхдүүдийг эргүүлэн ажилд нь авахыг ИНЕГ-ын дарга Ц.Эрдэнэбилэгт үүрэг болгожээ. Эрхэм сайд өмнө нь гаргасан наймын найман тушаалаа хүчингүй болгож Иргэний нисэхийн үндэсний корпорацийн захирал, дэд захиралаар томилогдсон хүмүүсийг эргүүлэн ажилд  оруулахаар болсон байна.

Иргэний нисэхийн салбарыг хэсэгтээ бужигнуулсан энэхүү шийдвэр улстөрийн талцал, томилгоо, бялуу хуваалт ямар хортойг харуулж байна. Н.Төмөрхүү сайдын яаран гаргасан тушаал мордохын хазгай болж орхив.

Эх сурвалж: www.times.mn

Хариулт үлдээх

Your email address will not be published.