ЭМЯ-наас ард иргэддээ зөв зохистой хооллолтын талаар зөвлөж байна
2014 оны 1 сарын 29

emzСар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан ард иргэд хоол хүнсний зүйлийг зохисгүй хэрэглэснээс хоолны хордлого авч эрүүл мэндээрээ хохирох тохиолдол байдаг тул Эрүүл мэндийн яамны дэд сайд Ж.Амарсанаа, Хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Д.Ганзориг нар  ард иргэддээ зөв зохистой хооллох талаар зөвлөмжийг хүргүүлээ.

     Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд, сар шинийн баярын гол зоогуудын илчлэгийг тооцон гаргажээ.  Үүнд, дунд зэргийн буузыг ойролцоогоор 200 ккал, нэг жижиг таваг нийслэл салат 260 ккал, 50 грамм цагаан архи 115 калоритой тэнцдэг юм байна.  Хүний нас, хүйс, биеийн өндөр, жинд нь тохируулан хэрэгцээт илчлэгийг тооцвол, 63 кг жинтэй, 164 см өндөртэй, 43 настай, стресс хүчин зүйл бага эрүүл эрэгтэй хүн 2150 ккал илчлэгийг өдөрт хоолоор авах ёстой юм байна. Харин 69 жинтэй, 165 см өндөртэй, 49 настай, стресс хүчин зүйл бага эрүүл эмэгтэй хүн өдөрт 1700 ккал илчлэгийг хоол тэжээлээр авах ёстой аж. Шатаагдаагүй 3500 калори болгон 420 гр жин нэмэгдүүлдэг гэдгийг мэргэжилтнүүд хэллээ. Харин жингээ тогтмол барихын тулд өдөрт дор хаяж 250 калори шатаах хэрэгтэй. Энэ нь дунджаар 30 минут алхсантай тэнцэхүйц хөдөлгөөнийг хийх ёстой юм байна.

       Монголчууд золголт хийж явахдаа дор хаяж таван айлаар орж, айл болгонд гурван бууз, нэг таваг салат идэж гурван хундага архи тогтоолоо гэж үзэхэд тэр өдөртөө 4325 калорийг хоол хүнсээрээ авна гэсэн үг.

       Гэтэл эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр эрүүл чийрэг дундаж насны эрэгтэй хүний хоногт дунджаар авах илчлэгийн хэмжээ 2500 ккал, эмэгтэй хүнийх 2000 ккал юм байна. Тэгэхээр дээр тооцсон илчлэгийн хэмжээг эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжтэй харьцуулбал хоёр дахин их хэмжээ гарч байна. Мэдээж, дээрхи тооцооллоос олон айлд орж, олон бууз, амттан идэх хүн бишгүй бий. Тиймээс үүнээс ч их илчлэгийг хуримтлуулах боломжтой юм.

      Тэгэхээр ард иргэд сар шинийн золголт хийхдээ хэт их өөх тостой бууз, мах, хоол нь ходоод, цөс, нойр булчирхай зэрэг хоол боловсруулах эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг цочроож, ачааллыг ньт нэмэгдүүлэх улмаар өвчлөл үүсгэж болох талтайг мэргэжилтнүүд онцлон хэллээ. Иймээс хоол хүнсийг замбараагүй хольж хэрэглэхээс зайлсхийж, хөлдөөсөн айргийг халааж хэрэглэх үедээ хэт халуунаар хэрэглэхгүй байх, хоол идсэнээс хойш 30 минутын дараа хэрэглэх нь таны эрүүл мэндэд хор хөнөөлгүй юм байна. Мөн хоол, цайныхаа давсыг тохируулан хэрэглэх нь зүрх, судасны өвчин, цусны даралти ихдэх эрсдэлээс таныг хамгаална. Эрүүл мэндийн байгууллагаас зөвлөснөөр хүний хоногт авах нийт давсны хэмжээ 6 гр-аас ихгүй байх ёстой. Монголчууд бидний хоол, сүүтэй цай, хүнсний бүтээгдэхүүнд агуулагдаж буй далд давс зэргээс авах хоногийн давсны хэмжээ 2 дахин их бага хэмжээгээр давс агуулж байдаг ба үүнийг далд давс гэж нэрлэдэг гэнэ. Жишээ нь, чипс, нөөшилсөн, даршилсан ногоо, хиам, хоол амтлагч г.м хүнсний бүтээгдэхүүний давсны агууламж өндөр байдаг байна.

        Мөн цагаан сарын голлох нэг хэрэглээ нь архи байдаг. Судалгааны дүнгээр, Монгол хүний цусанд архи задлах фермент маш бага байдгийг тогтоосмон ба стандарт хэмжээгээ хэтрүүлснээр хэрэлдэх, агсагнах, уурлах зэрэг гаж урвалуудыг үзүүлдэг байна. Насанд хүрсэн Монгол эрэгтэй хүн стандарт хэмжээнээсээ / долоо хоногт 38-42/-ийн архийг 100 гр, эсвэл 5,5е-тай 500 мл-ийн шар айргийг 3 ширхэг, эсвэл нэрмэл архи 50 мл / хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Мэдээж эмэгтэй хүний стандарт уултын хэмжээ үүнээс бага байж таарна. Хэрвээ та хүнсний харшилтай бол танд харшдаг хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг хичээгээрэй. Эмч, мэргэжилтнүүд сүү, өндөг, самар, мөөг, цитрусын төрлийн зарим жимс, улаан лооль, шоколад, кофе, загас, вандуй,  дарсан болон нөөшилсөн зарим ногоо, хоол амтагч гэх мэт уургийн агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн хамгийн их хашил өгдөг гэдгийг зөвлөлөө.  Хэрэв ходоод гэдэс хямрах, толгой өвдөх,  бөөлжих, халуурах гэх мэт шинж тэмдэг илэрвэл заавал эмчид хандаж зөвлөгөө авахыг  Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа. Эцэст нь “Ард иргэддээ,  зөв зохистой хооллож, согтууруулах ундааг стандарт хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэхгүй, сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэж хэвлэл мэдээллийн ажилтнуудаар дамжуулан хүргэлээ.

                                                                                                                   Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.