БХБЯ-ны мэргэжилтэн Я.Сумхүү: Төр дэндүү их юманд оролцдогоо болих хэрэгтэй
2015 оны 5 сарын 15

Хөгжлийн талаар бол сэтгэл дундуур байна. Аль ч салбарт тэр. Төр дэндүү их юманд оролцдог. Энэ маань аливаа бодлого төлөвлөлт нь хөгжлөөсөө хоцорч яваад байгаагийн гол үзүүлэлт. Тэгэхээр мэргэжлийн байгууллага, хувийн хэвшлийнхэнд тодорхой хэмжээний эрхийг нь олгоод хөгжүүлэх хэрэгтэй. Төр өөрийн үйл ажиллагааг гэрээ байгуулан төрийн бус байгууллагаар дамжуулан хэрэгжүүлж болдог. Өнөөдөр хоёрхон байгууллага энэ үйл ажиллагааг явуулж байна. Монголын Улаан Загалмайн нийгэмлэг, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар. Энэ мэтээр бусад салбарын ажлаас бас гэрээ байгуулан төрийн бус байгуулагаар гүйцэтгүүлэх нь илүү үр дүнтэй байх боловуу гэж боддог. Харин улс орны ирээдүйг би их өөдрөгөөр харж байгаа. Монгол Улсын хүн амын 66 хувийг 35 хүртэлх насны залуучууд эзэлдэг. Энэ бол өөрөө агуу том баялаг юм.

Энэ баялагийг хэрхэн яаж зөв ашиглах вэ гэдгийг төрийн бодлогоор зохицуулах хэрэгтэй. Залуучуудыг дэмжиж байна гээд сарын 120 000 цалинтай ажлын байр зарлаад байвал ямарч ашиггүй. Тэгвэл тэд Солонгос явахыг хүсэх нь мэдээж. Тэгхээр юуны өмнө оюуны хөрөнгө оруулалт сайн хийж ялангуяа мэргэжилтэй ажилтан бэлтгэх тал дээр илүү их анхаарч ажиллах нь зөв болов уу гэж бодож байна. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг бараг мартлаа гэж сүүлийн хэдэн жил их яарих боловч  энэ тал дээр хийсэн юм бага л байна шүү дээ. Бас нэг зүйл гэвэл гадаад улс орнуудаас хэрэгжүүлж байгаа олон төсөл хөтөлбөрүүдийг монгол улсад оруулж байгаа хөрөнгө оруулалт гэх боловч ихэнхийг нь зөвлөхүүд гэх өндөр цалин, хангамж шаардсан хүмүүс нь эргээгээд аваад явчихаж байна. Тэд нар нь баахан цаас боловсруулж байгаад яваад өгнө. Явсан хойно нь ажлыг нь цааш үргэлжлүүлэх хүнгүй болчихно. Үнэхээр тэнд олон жилийн туршлагатай өндөр боловсролтой зөвлөхүүд ирж байгаа бол тэднээс мэдлэгийг авч үлдэх тал дээр илүү анхаарч, бодлогоор залуучуудыг хамт ажиллуулах хэрэгтэй. Ер нь бол гадны зөвлөхүүдээс дутахгүй чадвартай монгол залуучууд ч бас бий. Тэднийг өндөр цалин амлахаас илүү бусад талаас нь хангамж, хөнгөлөлт үзүүлвэл дээр болов уу. Жишээ нь манай залуучууд, залуу гэр бүлүүдэд тулгардаг хамгийн хүнд асуудал бол орон сууц, хүүхдийн сургууль цэцэрлэг. Энэ тал дээр төрөөс бодитой дэмжлэг үзүүлвэл залуучууд ажилдаа тогтвортой, төвлөрч ажиллана түүнийг дагаад гарах үр дүн нь дээшлэх нь тодорхой.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.