“Эрдэнэс Тавантолгой”-д 1.2 сая тонн нүүрс зарагдахгүй овоолоостой байна
2014 оны 4 сарын 3

-УУРХАЙН ОЛБОРЛОЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭДИЙНЭ ЗОГСЧЭЭ-

40272уууууууууууууу“Эрдэнэс Тавантолгой” компани тэг зогсолт хийж, дотоодын компаниудад их хэмжээний өглөгтэй болсон талаар бид мэдээлсэн. Энэхүү мэдээллийн дараа тус компанийн Олон нийттэй харилцах албаны ажилтан н.Пүрэвжав бидэнтэй холбогдож “Манай компаний үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Бид тэг зогсолт хийгээгүй” гэсэн юм. Бодит байдал дээр “Чалко”-гийн өрөнд “шилжих” нүүрсний ачилтын ажиллагаа эрчимтэй явагдаж буй юм байна. Харин “Эрдэнэс Тавантолгой”-н Баруун Цанхийн уурхайн олборлолтын үйл ажиллагаа хэдийнэ зогсчээ. Бид н.Пүрэвжаваас “Эрдэнэс Тавантолгой” компани дотоодын компаниудад их хэмжээний өглөгтэй талаар асууж тодруулсан юм. Тэрээр хэлэхдээ “Өр төлбөрийн асуудал огт байхгүй. Харин өөр асуудал бий нь бий” гэсэн товчхон хариулт өглөө.

Бодит байдал дээр, “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш уулын ажлын төлбөрөө төлөөгүйгээс болж дотоодын 20 гаруй оператор компани, тэдний харилцагч компаниуд дээр 50 орчим тэрбум төгрөгийн өрийн сүлжээ үүсчээ. Үүний улмаас санхүүгийн маш хүнд байдалд орж, хоорондоо шүүх цагдаадаа хүртэл муудалдаж, зарим компани дампуурахдаа тулаад байгааг эх сурвалж баримтад түшиглэн мэдээллээ. Өр төлбөрөө хэдийд барагдуулах талаар лавлахад “Эрдэнэс Тавантолгой”-н зүгээс “Баруун Цанхийн нүүрсийг зарж байж төлбөрөө төлнө” гэдэг байна. Харамсалтай нь, нүүрсний борлуулалт муу, дээр нь “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК нь дотоодын банкууд болон “МакМахон” зэрэг гадны байгууллагууд, тээврийн компаниудад ихээхэн хэмжээний өртэй байдаг. Энэ мэт байдлуудаас үүдэн дотоодын оператор компаниудад төлбөр нь орж ирдэггүй ажээ.

-НҮҮРСНИЙ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР ГАЦДАГ НЬ АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ХОЛБООТОЙ ЮУ-

Өнөөдрийн байдлаар Баруун Цанхид буюу Монголын хил орчмоор их хэмжээний, өөрөөр хэлбэл 1.2 сая тонн нүүрс зарагддаг ч үгүй, овоолоостой байгаа аж. Дээрх овоолсон нүүрсийг хямд үнээр зарах санал дотоодын компаниудаас ирдэг ч орон нутгийн Тавантолгой болон “Энержи Ресурс”, “СаусГоби Сэндс” зэрэг компаниуд “үнэ унагалаа” гэсэн шүүмж, шахалт ирүүлдэг байна. Мөн нүүрсний худалдааны хэлэлцээр гаццаг нэг шалтгаан нь албан тушаалтнуудын ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой болохыг эдийн засагчид өгүүлсээр буй юм. Үнэндээ нүүрсээ илүү үнээр зарах гэсээр байгаад “Эрдэнэс Тавантолгой” хагас жилийн хугацаа алджээ. Гэхдээ энэ хооронд тонн нүүрсийг 39 доллараар зарах боломж байсан аж. Ингээд үнэ нь унасаар өнөөдөр 30 доллар луу орсон нь үнэхээр харамсалтай. “Эрдэнэс Тавантолгой” компаниас авлагатай оператор компаниуд ажлынхаа хөлсийг нүүрсээр орлуулж, үнэ нөхцөлийн хувьд мэдрэгдэхүйц хөнгөлөлт үзүүлсэн тохиолдолд дургүйлхэхгүйгээ илэрхийлдэг юм билээ.

-ТОНН НҮҮРС 35-ХАН АМ.ДОЛЛАР БАЙВАЛ ЭКСПОРТООС АШИГ ХАРАХ ХЭРЭГГҮЙ-

Манай улс энэ онд 31.4 сая тонн коксжих нүүрс экспортлох зорилт тавьжээ. Түүнээс 590 тэрбум төгрөгийн татварын орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх юм. Уул уурхайн салбарын татварын 41 хувь, нэгдсэн төсвийн нийт орлогын 8.5 хувийг бүрдүүлэх боломжтой гэж төлөвлөж байгаа гэдэг. Гэвч нүүрсний үнэ унасантай холбоотойгоор манай улсын нүүрсний экспорт хэд дахин багасчээ. Хятад улсын авдаг нүүрсний импорт ойролцоогоор нэг дахин багассан нь ч үүнтэй холбоотойг эдийн засагчид хэлдэг.

Нүүрсний экспортын орлогоос улсын төсвийн орлогын нэлээд хэсгийг бүрдүүлдэг учраас улсын нэгдсэн төсвийн орлого тасалдахад хүрч болзошгүй аж. Мөн нүүрс экспортлодог компаниудын үйл ажиллагаа зогссон нь хамгийн аюултай мэдээлэл юм. Одоогоор Монгол Улс 173.3 тэрбум тонн нүүрсний геологийн нөөцтэй нь тогтоогдсон. Энэ тоо цаашид нэмэгдэх магадлал өндөр. Гэвч тонн нүүрсээ 35-хан ам.доллараар борлуулж хятадуудын аманд унаад байвал ойрын жилүүдэд нүүрсний экспортоос сүйдтэй ашиг, орлого горьдоод нэмэргүйг эдийн засагчид онцолж байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Хариулт үлдээх

Your email address will not be published.