Хөгжлийн түүчээ болж явсан хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг сэргээе
2016 оны 8 сарын 26
Хөгжлийн түүчээ болж явсан хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг сэргээе

Эдийн засгийн хүндрэлээс өртөг багатай гарах ямар  гарц байна вэ. Бидэнд шийдэл бий юү. Энэ асуултад хувийн хэвшлийнхэн тэр дундаа үйлдвэрлэл эрхлэгчид ярьж байна. Ажил олгогч эздийн нэгдсэн холбоонд харьяалагддаг 30 гаруй холбооны төлөөлөл үйлдвэрлэлийн салбараа сэргээн хөгжүүлэхгүйгээр Монгол Улс цаашид хөгжлийн тухай ярих нь өрөөсгөл гэдгийг нэгэн дуугаар хэлж байна. Энэ ч үүднээс үйлдвэрлэлийн салбарыг  тэр дундаа хүнд болон уул уурхайн үйлдвэрлэл  зогсонги байдалд орсон энэ үед хамгийн хурдан хугацаанд бүтээн босгож болох хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг  хөгжүүлэх бие даасан хуультай болох нь зүйтэй гэдэгт санал нэгтэй байгаагаа илэрхийллээ.

“Үйлдвэрлэлийн эрх зүйн орчин, тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлэгт оролцсон холбоодын төлөөлөл дээр дурдсанчлан байр сууриа илэрхийлсэн. Түүнчлэн өнөөгийн эдийн засгийн хямралт байдалд хүрсэн нь зах зээлийн эдийн засагт шилжсэн үеэс буюу 1990-ээд оноос хойш үйлдвэрлэлийн салбараа орхигдуулж, олон арван үйлдвэр үүд хаалгаа барьсантай шууд холбоотой гэдгийг  хэлж байлаа. Мэдээж энэ нь төрийн өмчин олон компанийг  хууль бусаар хувьчилсантай ч холбогдож таарна. Үнэхээр л тэртээх 1980-аад онд Монгол Улсад үйлдвэрлэлийн салбар эрчимтэй хөгжиж, энэ хэрээр улсын хэмжээний томоохон бүтээн байгуулалт бий болж, олон мянган хүн ажлын байртай байсан нь  түүхэн үнэн.
Ердөө ганцхан жишээ татахад, 1990 онд дотоодын түүхий эдээ бүрэн боловсруулж, жилд 4.2 сая хос гутал үйлдвэрлэж байлаа. Үүний  зэрэгцээ савхи боловсруулж, дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй экспортод гаргаж байжээ. Гэтэл зах зээлийн эдийн засагт шилжсэн үеэс хүнд үйлдвэрлэлийн буюу ашигт малтмалын болон уул уурхайн салбарыг дагнан шүтсэн нь өнөөдөр хөнгөн үйлдвэрлэлийн салбар зогсонги байдалд хүрэхэд  нөлөөлснийг учир мэдэх хүмүүс хэлдэг.  Аливаа улсын хөгжлийн гол түлхүүр нь аж үйлдвэрийн хөгжил байдаг. Үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байсан 1980-аад онд Монголчууд маш олон төрлийн үйлдвэрлэл эрхэлдэг байлаа.  Энэ үед  томоохон 18 үйлдвэрт 13 мянган хүн ажиллаж жилдээ 500 орчим сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан  сайн түүх бидэнд бий.
Түүнчлэн орон нутагт тархсан мал эмнэлгийн  сүлжээ, арьс ширний  болон түүхий эд боловсруулах үйлдвэр, мах комбинат, сүүн завод, өлөн боловсруулах болон нэхмэлийн үйлдвэр, гутлын үйлдвэр, ноос угаах үйлдвэр гэх мэтчилэн бүхий л салбар хүчээ аван “язганаж” байлаа. Энэ хэрээр олон мянган иргэн ажлын байртай, ардах амьдрал нь баталгаатай байв. Энэ үед аж үйлдвэрийн салбар нь үндэсний нийт орлогын гуравны нэгийг бүрдүүлэхийн зэрэгцээ ажлын байр бий болгогч томоохон хүч байсан нь өдгөө түүхийн шарласан хуудсанд л үлдэж.  Ингэснээр эдийн засагт эзлэх аж үйлдвэрийн салбарын хувь хэмжээ хурдацтай доройтож эхэлсэн байдаг. Тухайлбал, 1990 онд ДНБ-ий 36 хувьтай тэнцэж байсан бол 2000 он гэхэд зургаан хувь болтлоо буурсан дүн мэдээг Үндэсний статистикийн газраас өгч байна. Мэдээж  энэ бүх тоон үзүүлэлтийг дагаад үйлдвэрлэлийн салбар дахь ажлын байрны тоо эрс цөөрсөн юм.

Харин өнөөдөр тэртээх зууны их бүтээн байгуулалтаас уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, Багануур, Налайхын нүүрсний уурхай, Дарханы төмөрлөгийн үйлдвэр зэрэг хуруу дарам цөөхөн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.

Нэгэн цагт бид зөвхөн үйлдвэрлэлийнхээ салбараар, дотоодынхоо баялаг бүтээгчдийн хүчээр эдийн засгаа чирч явсан. Харин энэ салбарыг цаашид хөгжүүлэх боломж бий юү гэвэл нээлттэй.  Гагцхүү төрийн бодлого дутагдаж байгааг үндэсний үйлдвэрлэгчид хэлдэг. Тухайлбал, үйлдвэрлэгчдэд олгодог өндөр хүүтэй зээл тэднийг сөхрүүлэх нэг гол хөшүүрэг болдог байна. Өнөөдрийн эдийн засгийн бүтцийг авч үзвэл нийт экспортын 81 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг ч төсөвт үзүүлэх үр нөлөө нь дөнгөж 17 хувь байгаа аж. Өөрөөр хэлбэл, Монголчууд ганцхан уул уурхай шүтэж байгаа ч төсвийн 87 хувийг үйлдвэрлэлийн салбар бүрдүүлж байна.

Гэтэл үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд хийсэн судалгаагаар нийт бизнес эрхлэгчдийн 90 орчим хувь нь жилийн 18-20 хувийн хүүтэй зээл авч, бизнес эрхэлдэг болохоо мэдүүлжээ. Харин ийм өндөр хүүтэй зээлээр үйлдвэрлэл эрхлэх боломж хязгаарлагдмал байдаг төдийгүй нэгэнт авсан  зээлээ төлөхөөс аргагүйд хүрдэг учраас үйлдвэрлэлээ өргөжүүлж амжилгүйгээр өрөө төлөх хугацаатай тулдаг байна. Тиймээс Монгол Улс үйлдвэрлэлээ хөгжүүлье гэвэл бага хүү, урт хугацаатай зээл олгох нь чухал байдаг аж. Бизнес эрхлэгчдэд тулгарч буй дараагийн бэрхшээл нь валютын ханшийн өсөлт. Ямар ч бизнес эрхэлсэн түүхий эдээ гаднаас оруулж ирэх шаардлага үүсдэг учраас эдийн засгийн тогтворгүй орчин буюу  валютын ханшийн савлагаа ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг гэнэ. Мэдээж бас нэг асуудал нь татварын орчин. Монголчууд байтугай гаднын хөрөнгө оруулагчид манай улсын татварын орчин  яагаад ингэж их савладгийг гайхдаг. Ингэхээс ч өөр аргагүй. Улс төрийн тогтворгүй байдал нь  бүх салбарт нөлөөлснөөр нэг нам засгийн эрхэнд гарахад  нэгэнт тогтсон татварын хувь хэмжээг орвонгоор нь эргүүлж орхидог. Харин энэ нь эргээд  дотоодын төдийгүй гаднын  бизнес эрхлэгчдийг дампууралд хөтлөх улмаар үйл ажиллагаагаа зогсооход хүргэдэг байна. Тиймээс л төр засгийн зүгээс тогтвортой бодлого гаргаж, үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжвэл Монгол Улсын хөгжлийн гарцыг хол гэж харахгүй байна.
Сүүлийн үеийн судалгаанаас харахад  манай улс нийт хэрэглээнийхээ 88 орчим хувийг импортоор авч, мах, гурил, ногоо гэх мэт дөнгөж 12 орчим хувийг өөрсдөө үйлдвэрлэж байна. Ургамлын тос, хүнсний бэлэн бүтээгдэхүүн, мод, модон эдлэл, нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн, гутал хувцас гэсэн таван нэр төрлийн бүтээгдэхүүнийг импортоор авахад жилд 468 сая ам. доллар зарцуулдаг байна. Тиймээс ийнхүү гадагшлах мөнгөний урсгалыг зогсоохын тулд дотоодын үйлдвэрлэлээ сэргээх нь чухал болоод буйг мэргэжлийнхэн хэлж эхэлсэн.  Цаашлаад ийнхүү хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхийн тулд мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэхийг цаг үе шаардаж эхэлжээ. 1960 оноос техник мэргэжлийн сургууль бий бролж, 1980 он гэхэд жил тутам 10 мянга орчим мэргэжилтэй ажилтан бэлтгэн гаргаж байсан  түүх бий. Бидэнд хийж бүтээж байсан арвин туршлага байна. Гагцхүү өдгөө энэ бүхнээ сэргээж, эдийн засгаа бодитоор дэмжих цаг иржээ.  Монголчууд нэгэн цагт зөвхөн өөрсдөө бүгдийг бүтээж, гаднаас хараат бусаар амьдарч  байсан түүхтэй. Аж үйлдвэрийн бүхий л салбарт хүн бүр хүчин зүтгэж, эх орныхоо бүтээн байгуулалтад бодит хувь  нэмэр оруулж асан тэр цагийг эргэн авчрах цаг нэгэнт иржээ.

Х.ОЧ-ГЭРЭЛ

Хариулт үлдээх

Your email address will not be published.